UBS телевизийн, тэр дундаа “Universe best songs” наадмын хөтлөгч гэдгээр нь П.Одгэрэлийг хүмүүс андахгүй болсон. Таван жил дараалан энэхүү наадмыг хөтөлж, жилийн таван сарыг энэ наадмыг хөтөлж өнгөрүүлдэг тэрээр орой бүр үзэгчидтэй уулздаг учраас юу өмсөж, яаж нүүрээ будсан, ямар ээмэг зүүлт зүүснийг нь хүртэл сонирхон хардаг үзэгчид бий.

Үдэш бүр өөр өөр өнгө аяс стильтэй хувцаслах тэрбээр нэг өмссөнөө дахин өмсөхгүйг хичээсээр өдгөө нарийн тоолж үзээгүй ч 100 гаруй даашинзтай гэнэ. Ихэвчлэн эгчийнхээ дизайнераар ажилладаг “Cashmere works shop”-н ноолууран даашинзаар гангардаг түүний даашинзнуудынх нь 50 хувийг ноолууран даашинз эзэлдэг ажээ. Гэхдээ өөртөө зориулан авахаас илүүтэй найз нөхөд, ах эгч нь бэлгэнд эсвэл гадагшаа явахаараа авчирч өгдөг хэмээн ярьсан байдаг.

Хамгийн сүүлд л гэхэд “Universe best songs-2013” наадмаар өмссөн цагаан даашинзыг найз нь өгсөн байна. Гэхдээ түүний 100 гаруй даашинзаас 2005 онд гаргасан “Хар шилний цаана” яруу найргийн номынхоо хавтасны зургийг авхуулахдаа өмссөн салангид, хар цагаан өнгөтэй даашинздаа дуртай, дурсгалтай учраас ихэд нандигнадаг.

Д.Ана