1996-2016 оны хооронд нийт 5.9 сая тонн газрын тос олборлож, 5.6 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолж, газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан билээ. 

Газрын тосны олборлолтыг нэмэх зорилгоор энэ оны хагас жилийн байдлаар Тосон-Уулын ордын 19, Тамсагийн ордын 21 талбайд 147 цооног өрөмдөж, 550 мянган тонн газрын тос олборлон БНХАУ руу экспортолжээ. Ингээд улсын төсөвт 233 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 97.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлээд байгаа аж. Энэ нь экспортын гүйцэтгэлийн 48 хувийг эзэлж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд 1996-2016 оны хооронд нийт 5.9 сая тонн газрын тос олборлож, 5.6 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолж, газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан билээ. 

 

Манай улс нефтийн хэрэглээгээ 100 хувь гаднаас хангаж, жилд 600-700 сая ам.долларыг зарцуулдаг. Тодруулбал, 90 хувийг ОХУ, үлдсэн 10 хувийг Хятад, Өмнөд солонгос улсаас бүрдүүлж байна. Уг нь манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах газрын тосны нөөцтэй. Баталгаат нөөц өнөөдрийн байдлаар 332.6 сая тонноор үнэлэгддэг. Гэвч түүхий эд нь бэлэн байгаа ч түүнийг боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжөөгүй учраас өдийг хүртэл импортоос хараат хэвээр байгаа юм. Энэ хүрээнд анх 2008 онд Дарханд, 2016 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, энэ онд Дорноговь аймгийн Сайншдад газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан. Харамсалтай нь, төрөөс газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар 26 жил ярьсан ч нэг ч үйлдвэр баригдалгүй, шав тавьсан төдийхнөөр  өнөөдрийг хүрээд байна. 
Монгол Улсад дунджаар нэг авто тээврийн хэрэгсэл нэмэгдэхэд шатахууны хэрэглээ 1.8 тонн буюу өдөрт зургаан литр нэмэгдэх тооцоо байдаг. Гэвч жилээс жилд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, нефтийн импортод зориулж хамаг мөнгөө гадагш өгсөөр л байна. Авто бензин, дизелийн түлшний импорт 2006-2013 он хүртэл жилд дунджаар 10 хувиар өссөн ч сүүлийн хоёр жилд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан буурсан үзүүлэлт гарчээ. 

Тэгвэл одоогоор улсын хэмжээнд газрын тосны үлдэгдэл 123 мянган тонн буюу дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн  нөөцтэй байна. Газрын тосны нөөц 30 хоногоос бага байвал хүрэлцэхгүйд хүрдэг. Одоогоор А-80 автобензин 50, АИ-92 автобензин 43, дизелийн түлш 46, ТС-1 онгоцны түлш долоо хоногийн нөөцтэй байгаа юм. Улаанбаатар хотод А-80 автобензиныг 1470, АИ-92 автобензиныг 1630, Дизель түлшийг 1720 төгрөгөөр борлуулж байна. Дэлхийн зах зээл дээр энэ сарын 21-ний арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 365 ам.доллар, “WTI” төрлийнх 357 ам.долларын ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.7 хувиар буурчээ. 

Түүнчлэн Засгийн газрын энэ сарын 18-нд гаргасан тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэхээр болсон. Энэ хүрээнд дизель түлш 180, 90 хүртэл октантай автобензин 160, 90-ээс дээш октантай авто бензин 160 мянган төгрөгөөр нэмсэн. Онцгой албан татвар нэмсэн ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байгаа аж. Мөн хилийн үнэ буурсан бөгөөд дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа нь шатахууны үнийг өсгөхгүйгээр барих шалтгаан болж байна. 

Тиймээс газрын тосны олборлолт, экспортын асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүн хэлтсийн дарга Б.Бямбацогтоос тодрууллаа. 

Б.Бямбацогт : Газрын тосны олборлолтоос улсын төсөвт бүрдүүлэх орлого хангалтгүй байна 

-Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ийн “Роснефть” компани гаднын улсад экспортлох нефтийнхээ татварыг 50 хувь хүртэл бууруулахаар болсон. Энэ нь газрын тосны импортоос хараат байдаг манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?  
-Манай улсын нефтийн хэрэгцээний 90 хувийг тус улсын “Роснефть” компаниас авдаг. Одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын тос, ашигт малтмалын газарт энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. 

-Энэ онд газрын тосны хайгуулын ажил ямархуу байна вэ? 
- Өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч компани газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Хайгуулын ажлын үр дүнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын  “Галба 11” талбайд өрөмдсөн 11 цооногт газрын тос илэрч туршилтаар 1517 тонн олборлосон. Мөн Дорнод аймгийн Хөхнуурын талбайд өрөмдсөн дөрвөн цооногт тос илэрч, 35 тонныг олборлоод байна. 

Мөн Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй “Монголиа гладвилл Увс петролиум” компани энэ жил үйл ажиллагаагаа түр зогсоохоор болсон. Учир нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Энэ хүрээнд уг асуудлаар ажлын хэсэг байгуулагдан, иргэдтэй уулзалт хийж байна. Мөн бусад газрын тосны хайгуул, өрөмдлөг хийх аймгуудад очиж, орон нутгийн иргэдэд үнэн, зөв мэдээллийг өгөхөөр хэд хэдэн уулзалт хийж байна. 

-Газрын тосны олборлолтын орлогыг улсын төсөвт бүрдүүлэх ажлын явц хэр байна вэ. Өнгөрсөн оноос эхлэн газрын тосны олборлолт бага хэмжээгээр буурсаар байгаа шүү дээ? 
-Улсын төсөвт бүрдүүлэх орлогын хувьд бага зэрэг эрсдэл үүсээд байна. Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн учраас Тамсаг, Тосон уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байна. Үүнээс болж газрын тосны олборлолт буурч байгаа юм. Тиймээс эрчим хүчний нөөц, эх үүсвэрийг татах асуудлыг гэрээлэгч компаниас дэвшүүлсэн боловч энэ асуудлыг Эрчим хүчний яам өнөөг хүртэл шийдээгүй байна. Олборлолтын хэмжээ буурахад дэд бүтцийн асуудлаас гадна дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ бууралт, ханшийн зөрүү нөлөөлдөг. 

Нөгөө талаар энэ оны улсын төсөвт газрын тосны үнийг одоогийнхоос өндрөөр тооцчихсон. Одоо дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тийм ч сайнгүй байгаа. Энэ онд улсын төсөвт 233 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс   97.9 тэрбум төгрөг бүрдүүлээд байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Харин өнгөрсөн онд 1.12 сая тонн газрын тос олборлосноос 1.09 сая тонныг экспортолж, улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан.  Цаашид бүтээгдэхүүний үнийг өсгөх эсвэл олборлолтын хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагатай байна. 

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл явц удаашралтай байгаагаас цахимаар олгохоор болсон. Цахимаар олгосноор ямар асуудал шийдэгдэх  вэ? 
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс цахим хэлбэрээр олгохоор болсон. Ингэснээр ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон газрууд, хориглосон, хязгаарласан талбайн зураг, статистик мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой. Өөрөөр хэлбэл, минут, секунд тутамд өөрчлөгддөг кадастрын мэдээллийг түргэн, шуурхай авна гэсэн үг. Бид өмнө нь өргөдлийг цаасан хэлбэрээр авдаг байсан. Тухайн үед зураг зүйн асуудлаас болж нийт өргөдлийн 20 орчим хувь нь татгалзсан хариу авдаг байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр энэ асуудал бүрэн шийдэгдэж байна. Цахим өргөдлийг өчигдрөөс албан ёсоор авч эхлээд байна. 

Ш.ЦОГЗОЛМАА

Үндэсний шуудан сонин