Дэлхийн орнууд 2008 оны их хямралаас хойшхи том хямралыг даван туулж байна. Бид ч ялгаагүй Олон улсын валютын сангийн дохиур дор хямралаас гарчих санаатай улсаараа зүтгэж явна. Хүн төрөлхтний түүхэнд эдийн засаг, санхүүгийн хямрал гэдэг шинэ зүйл биш л дээ.

Өдгөө цэнхэр гаригийн хөгжлийг түүчээлж яваа улс орнууд хямралыг хэдэнтээ даваад босоод ирчихсэн байдаг. Автомашин, усан онгоц, гангийн үйлдвэр нь гайхалтай хөгжсөн, “Самсунг”, “Хьюндай”, “Эл Жи” гээд дэлхийд яригддаг акул компаниудтай Өмнөд Солонгос гэхэд тавиад оны үед Азийн хамгийн ядуу улсын нэг байсныг өнгөрсөн түүхээс харчихаж болно. Япончуудын мэдэлд байхдаа байгалийн баялгаа барж, Солонгосын дайны үеэр бүрэн сүйрсэн хэцүү цагт Хан улсын иргэд алтан бөгж, ээмэг гээд өөрт байгаа үнэтэй бүхнээ улсдаа хандивлаж эдийн засгийн хямралаас гарах эхлэлийг тавьсан байдаг. Иргэдийнхээ хүчээр өндийж сэргэсэн энэ жишээг өнөө ч дэлхий даяараа онцлон иш татацгаадаг. Солонгосын хөгжлийн нууц ердөө л иргэдийн хүч, сэтгэл дээр нэмэх нь төрийн зөв бодлого.

Одоогийн хямрал Европоос, тэр дундаа Грекээс эхлэлтэй бол өмнөх хямрал Америкаас давалгаалж байв. 2008 оны хямралыг эхлүүлэгч Америк тэр жилийн хямралаас хувийн хэвшлээ дэмжиж байж гарсан түүхтэй. Бүр тодруулбал төв банк нь арилжааны банкуудаараа дамжуулан хувийн хэвшилдээ санхүүжилт олгосон юм. Банкууд нь иргэддээ зээлэх мөнгөтэй, иргэд нь бизнес эхлэх санхүүжилттэй байхад эдийн засаг хөнгөхөөн босоод ирдгийн сонгодог жишээ бол Америкийн тухайн үеийн “сэргэн мандал”. Европын холбооны тухайд хямралыг мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж давахаар ажилласан нь үр дүнгээ өгсөн. Бүр тодруулбал төв банк нь мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүгээ бууруулах замаар хямралыг сөрсөн юм. Бодлогын хүү багасахаар зээлийн хүү дагаад буурдаг, хүртээмж нь ч тэр хэрээр нэмэгддэг сайн талтай. Бизнес төсөл хэрэгжүүлэх бодол хүсэлтэй иргэдийн хувьд үүн шиг таатай орчин гэж юу байхав. Мөнгө нь байвал, бага хүүтэй дажгүй зээл нь бэлэн бол үйлдвэрлэл нэмэгдэнэ, үйлдвэрлэл өсөхөөр компаниуд томрох нь тодорхой. Компаниудад томрох орон зай олдож л байвал ажлын байр нэмэгдэх нь хууль. Ажлын байр нэмэгдэхээр айл өрхүүдийн олдог хэд өсч, хөлсөө дуслуулж яваа дундаж давхаргынхны орлого нэмэгдэнэ гэдгийг хэн ч ухаад олчихно. Товчхондоо эдийн засаг хямарч, агших тусам эсрэгээрээ эдийн засгаа тэлэх бодлого явуулдаг улс орнууд хямралыг зовлон багатай давдгийг Европын жишээ нотолж байна.

ОХУ-ын эдийн засаг нэг хэсэг огцом уруудаж, рублийн төгрөгтэй харьцах ханш 30 руу бууж шалдаа унаж байв. Одоо 40 төгрөг давсан нь хойд хөршийн эдийн засгийн сэргэлтийн бидэнд ойрхон харьцуулалт. Европын холбоо, АНУ-аас тавьсан хоригоос бол эдийн засаг нь удааширч, хямралын ирмэгт тулсан ОХУ богино хугацаанд өндийж чадсан нь олон шалтгаантай. В.Путины хийсэн хамгийн том алхам бол алдагдалтай төрийн компаниудаа худалдсан явдал. Ингэснээр нэгдүгээрт төр ачаанаасаа салсан, хоёрдугаарт төсвийнхөө орлогыг нэмж чадсан гэж эдийн засагчид онцолдог.

Япон улсын гол зовлон нь дефляци. Дефляцитай тэмцэхийн тулд иргэдийнхээ худалдан авалт зарцуулалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Ингэхийн тулд компаниудынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр чармайж байгаа нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй бодлогоос нь тод анзаарагддаг.

Хятадын эдийн засгийг Грек, ОХУ, Америктай харьцуулбал хямарсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ дэлхийд гайхуулж байсан эдийн засгийнх нь өсөлтийн хурд сүүлийн хэдэн жил дараалан саарч буй нь урд хөршийн удирдлагуудын толгойны өвчин болж байгаа. Хятад улс өмнө нь үйлдвэрлэлд шүтсэн эдийн засагтай байсан бол одоо үйлчилгээнд суурилсан эдийн засаг бүтээхийг зорьж яваа. Уналтаас өндийлгөж ирээдүйд хүчирхэгжүүлэх үйлчилгээнд суурилсан эдийн засгийнх нь гол цөм нь дундаж давхаргынхан. Дундаж давхаргынхан гэдэг дээр яг таг тэр энэ гэсэн тодорхойлолт байхгүй. Гэхдээ дэлхий нийтээрээ дундаж давхаргынхныг тогтвортой ажилтай, орлоготой, мэргэжил ур чадвартай, өөрийн гэсэн унах унаа, амьдрах сууцтай, хэрэндээ таарсан хөөрхөн хуримтлалтай, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ авчихдаг нөхдүүд гэж ойлгодог. Ер нь дэлхийн орнуудын амжилттай хөгжсөн түүхийг анзаараад байх нь ээ дундаж давхаргынхандаа элгэмсүү хандаж, дэмжиж тэтгэх бодлого явуулсан учраас томорсон байдаг юм билээ. Дундаж давхаргаа дэмжих бодлогыг зүгээр ч нэг биш хүчтэйгээр, онцгойлон хэрэгжүүлдгийн наад захын жишээ нь Австрали. Дэлхийгээс тусгаарлагдсан тив улсын хөгжсөн нууц нь ердөө энэ. Тэнд амьдардаг танил маань “Энд том хэмжээний бизнес эрхлэх боломж байхгүй. Орлого ихсэх хэрээр өгөх татвар нь өндөр. Ажилтай орлоготой, аятайхан орчинд тухтай аж төрөх боломж бол хангалттай шүү” гэж ярьж байсан. Дундаж давхаргынхан нийгмийн олонхийг бүрдүүлэх хэрээр хэрэглээ, үйлчилгээ нэмэгдэж, тэгэх тусам илүү их мөнгө эргэлдэж эдийн засгаа тэтгэдэг бичигдээгүй хуулийг л мундаг хөгжсөн улсууд олоод харчихсан хэрэг. Дундаж давхарга ойрын 15 жилд 2.1 дахин өсч, дэлхийн хүн амын 35 хувиас 66 хувийг төлөөлдөг болох хандлага бийг шинжээчид онцолдог нь цаанаа ийм учиртай.

Урд хөршийн хувьд яг ийм бодлогоор дундаж давхаргаа дэмжээд эхэлчихсэн. Абсолют хандлагаар Хятад дундаж давхаргаараа дэлхийд хоёрт жагсдаг. Гэвч харьцангуй хандлагаар бол урд хөршийн хүн амын ердөө 12 хувь нь л дундаж давхаргынхан гэдэг. Энэ алдаагаа засч 2030 онд хүн амынхаа 70 хувийг дундаж давхарга болгохоор зүтгээд эхэлчихсэн. Дорнын луу гэгддэг Хятад улс дундаж давхаргынхаа хүрээг ингэж нэмж чадвал жилд 10 их наяд ам.долларыг бараа үйлчилгээ худалдаж авч хэрэглээндээ зарна гэсэн аварга тоо дуулддаг. 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоо 3.2 тэрбумд хүрч 2009 оныхоос 6.2 дахин өснө, Азийн дундаж давхаргынхан дэлхийн дундаж давхаргын 66 хувийг эзэлнэ, Хятад Энэтхэгийн дундаж давхарга дэлхийн нийт эрэлтийг тодорхойлно гэх мэт статистикуудын цаад шалтгаан нь энэ. Орчин үеийн эдийн засаг нийгмийн тулгын чулуу, Азийн бизнесийн ирээдүйн өсөлтийн гол түлхүүр гэгдэж буй дундаж давхаргынхныг дэмжих хөрс нь нам дор тогтвортой инфляци, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдал гэдэг. Үүн дээр нэмэх нь дотоодынх нь үйлдвэрлэл тогтвортой, ажлын байр нь найдвартай гэсэн үзүүлэлт багтдаг. За тэгээд хөрөнгө оруулалтын аятайхан орчин, экспортын өсөлт яриангүй орно. Дундаж давхаргынхныг агшаах, ядуу ангилал руу уруудуулах шалтгаануудад эдийн засагчид өндөр инфляци, эдийн засгийн хямрал, мөчлөг дагасан төсвийн тэлэлт, хөрөнгө оруулалтын тогтворгүй орчныг багтаадаг. Инфляцийн өсөлтийн тухайд хүнс, шатахуун эрчим хүчний үнэ тогтворгүй бол дундаж давхаргынхан агшдаг гэм бий. Хятад улс дундаж давхаргынхан руугаа онилсон ямар бодлого хэрэгжүүлж байгаа бол гэсэн асуултад хариу хайя. Ирэх жилүүдэд Америкийг давах Азийн хүчирхэгжилийн гол дүр болох Хятадын гол бай нь дундаж давхаргынхан гэж өмнө дурдсан. Урд хөршийн удирдлагууд дундаж давхаргынхныг дэмжих сууриа бүрдүүлэхээр ажиллаад эхэлжээ. Бидний коммунист гэж жишээлэх дуртай Хятад улсын дундчуудаа дэмжих эхний алхам нь хувийн хэвшил рүү чиглэжээ. Урд хөршийн удирдлагууд банк санхүүгийн салбарын зохицуулалтуудаа зөөллөж, бизнес, хувийн хэвшлээ дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлээ дэмжиж буй нь төрийн өмчийн компаниудынх нь хувьчлалаас тод харагддаг.

Дэлхийн орнуудын хямралаас гарсан туршлага, түүхийг сөхөөд харахаар ер нь бүх л улсууд дундаж давхарга, хувийн хэвшилдээ тулгуурлаж, дулдуйдаж өсөлтийн цикл рүүгээ орсон байдаг юм билээ.

ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН