Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзэв
2013/12/15
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, бүлгийн гишүүдтэй санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гишүүд санал солилцож хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Харин анхаарах хэд хэдэн зүйл байгаа гэдэгт санал нэгдэв. Тухайлбал, Зөвхөн Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй гэж үзвэл дан ганц энэ асуудал шийдэгдэхгүй. Уг хуулийн төслийг хэлэлцэж байгаа үед Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг цогцод нь авч үзэх зайлшгүй шаардлага байна гэж үзэв. Тиймээс хуулийн төслийг Ерөнхийлөгчийн оруулж ирсэн анхны саналаар нь мөрдөх хугацааг 2016.07.01-ны өдрөөс гэдэгт дэмжих нь зүйтэй гэж Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгдлээ.
Байнгын хорооны дарга нарыг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэнэ
Хоёрдугаарт УИХ-ын тухай хуульд УИХ-ын байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа нэг жилээр хязгаарлагдсан байдаг. Одоогийн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа уг хуулийн дагуу дуусгавар болж байна. Тиймээс энэ сардаа багтааж байнгын хороодын дарга нарын сонгуулийг хуулийн хүрээнд явуулах шаардлагатай гэж үзэв.
Эдийн засгийг эрчимжүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллана
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудлуудын нэг нь Эдийн засгийг эрчимжүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах чиглэлээр Ардчилсан намын бүлгийн гишүүдээс санаачилсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү тогтоолд хөрөнгө оруулалтыг дэмжих, вальютын урсгалыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих гэсэн үндсэн чиглэлтэй юм. Уг тогтоолыг нарийвчлан боловсруулах үүргийг Засгийн газарт шилжүүлэхээр үүрэг болголоо.
Түүнчлэн 2014 онд Өрийн удирдлагын тухай хуулийг баталж, улсын өр болоод зээлийн тухай асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн алт, нүүрсний экспортыг нэмэгдүүлж нэг цонхны үйлчилгээ рүү чиглэсэн бодлогын арга хэмжээ явуулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн юм. Үүнээс гадна Тавантолгойн төмөр замыг барих ажлыг ойрын хугацаанд ажилд оруулж нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, Чингис бондын үлдэгдлээр баяжуулах үйлдвэрүүдийг санхүүжүүлэх, Цемент болон төмөрлөгийн үйлдвэрүүдийг өргөтгөж, шинээр барих ажлыг идэвхжүүлэх нь импортыг орлох үйлдвэрлэл болно гэдэгт гишүүд байр сууриа нэгтгэв.
Харин утааг бууруулах ажилтай холбоотойгоор Улаанбаатар хотыг орон сууцжуулах, дагуул хотуудын асуудлыг хэрхэн шинэчлэх асуудлыг хэлэлцэв. Мөн хий боловсруулах үйлдвэрийг эрчим хүчний коксжсон нүүрсийг хэрэглэх зэрэг тодорхой чиглэлийг тусгахад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бүлгийн гишүүд үзсэн юм.
Д.Эрдэнэбат: Засгийн газар тогтвортой байх нь улс орны тогтвортой байдал эдийн засагтай шууд холбоотой
Хуралдааны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хариулагагүй ажилласан гэсэн үндэслэлээр Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд нарыг огцруулах тухай асуудлыг МАН-ын бүлэг тавьж байна. Эрх баригчдын зүгээс энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Сайд нарыг огцруулах асуудлыг таниас сонслоо. Засгийн газрын сайд нарыг огцруулах зүйл ярьдаг нь сөрөг хүчний үүрэг байдаг байх. Анхнаасаа Ардын нам энэ Засгийн газрыг огруулъя гэж зорилго тавьсан. Түүндээ хүрэхийн тулд явж байгаа. Засгийн газар тогтвортой байх нь улс орны тогтвортой байдал эдийн засагтай шууд холбоотой учраас хүлээж авах боломжгүй.
-Газрын тухай хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Газрын тухай хууль анхны хэлэлцүүлгээрээ орж ирж байгаа. Нэлээд олон хэлэлцүүлэг хийгдсэн. Үүнтэй холбоотой багц долоон хуулийн төсөл байгаа. Газрын тухай хуулийн төслөө эхлээд хэлэлцье гэж байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад нэлээд зүйл тодорхой болох байх.
-Ардчилсан намын бүлэг арваннэгдүгээр сард төмөр замын бодлогыг тодорхой болгох үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн. Гэтэл арванхоёрдугаар сар дундаа орж байна. Энэ асуудал юу болж байна?
- Монгол Улс, ОХУ Засгийн газар хоорондын комиссын хуралдаан саяхан болж өнгөрсөн. Төмөр замын ямар царигтай байх вэ гэдгээ хоёр хөршийн бодлоготой уялдуулна гэж үзсэн. Энэ асуудлыг ойрын хугацаанд гурван улсын засгийн газар хоорондын хурлаар хэлэлцэж шийдэх учраас хүлээе гэж байгаа юм.
-Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байж болохгүй тухай хуулийн төслийг хэлэлцэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг авч хэлэлцэх шаардлага бий болох уу?
- 2016 он хүртэл холбогдох хуулийн төслийг цогцоор нь авч үзэх хэрэгтэй гэж үзсэн. Хэлэлцэх явцад ямар өөрчлөлт орохыг бид хэлж мэдэхгүй.