Рио Тинто” компани өнгөрсөн оны эхээр “Туркойз хилл” дэх эзэмшлээ 2 хувиар нэмэгдүүлж 51 хувьд хүргэсэн. Энэ даруйдаа Оюутолгойн бүтээн байгуулалтад зориулж 1.8 тэрбум долларын зээлийг “Туркойз хилл” компанид олгож, 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор буцааж авахаар гэрээ байгуулсан юм.

 “Рио Тинто”-гоос авсан энэ зээлээ хугацаанд нь төлж, үлдсэн хэдээр нь бүтээн байгуулалтыг зогсоочихгүй явуулах үүднээс, “Туркойз хилл” компани гадаадын банк санхүүгийн байгууллагаас 4 тэрбум долларын зээл авахаар оны эхэнд гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг дэлхийн 15 банкнаас зээл авахаар тохиролцсон юм. Гэвч Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл” компани дангаараа шийдвэр гаргаад, банкуудаас 4 тэрбум долларын зээл авах эрхгүй. Оюутолгойн 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газартай тохиролцож байж, гадаадын арилжааны банкуудаас хүссэн зээлээ авах бололцоотой юм.

 
Тиймээс ч Монгол Улсын засгийн газраас зөвшөөрөл хүссээр ирсэн. Харин үүнийг манайхан зөвшөөрөхгүй, луу унжсан гэхэд болно. Шалтгаан нь “Туркойз хилл” компани банкуудаас 4 тэрбум долларын зээл авлаа гэхэд, үүний 1.8 тэрбумыг нь “Рио Тинто”-гоос авсан зээлийн эргэн төлөлтөд зарцуулах гэж байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” компани “Туркойз хилл” компаниар дамжуулан Оюутолгойд оруулсан хөрөнгөө эргүүлж авах гэж байгаа нь буруу хэмээн манайхан дургүйлхсэн юм. Нөгөө талаас Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн учир үүнийг нягтлах хүртэл дараагийн шатны санхүүжилтийн талаар ярихгүй гэдгээ манай талаас илэрхийлж байсан. Ийнхүү манай талаас зөвшөөрөл авч чадахгүй байсан учраас “Туркойз хилл” компани банкуудаас 4 тэрбумын зээлээ авч чадахгүй, хугацааг нь хойшлуулсаар ирсэн. Ийнхүү хоёр тал гадаадын банкуудаас зээл авах дээр тохиролцож чадахгүй суутал,” Туркойз хилл” компани долдугаар сарын 28-ны өдөр нэгэн цочирдмоор мэдэгдэл хийсэн нь далд уурхайн барилгын ажлыг зогсоох тухай байлаа.
 
Тус компани мэдэгдэлдээ: “Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг УИХ-аар хэлэлцэнэ гэсэн утгатай захидал Монгол улсын Засгийн газраас ирлээ. Үүнд нэлээд хугацаа шаардах тул, дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэх хүртэл гүний уурхайн ажлыг зогсоолоо” гэж дурдсан юм. Ингэж хэлээд л тус компани “Хюго даммет”-ийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа зогсоочихсон. Үүнийг хүсээд байх зүйл биш гэдгийг хэн ч хэлээд өгнө. “Хюго даммет”-ийн гүний уурхайн барилгын ажил удаашрах тусам, үүнээс хүртэх манай ашиг хойшлох таагүй үр дагавартай. Дээр нь далд уурхайн бүтээн байгуулалтыг дагалдаж орж ирэх, долларын урсгал царцчихсан сөрөг тал ажиглагдаж байна. Мөн далд уурхайн барилгын ажил зогсмогц, энд ажиллаж байсан 2000 орчим хүн ажилгүй болж, хоолноосоо саллаа. Цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж, ханган нийлүүлэлт хийж байсан манай компаниуд орлогогүй, сул зогсолт хийж сууна.
 
Тоочоод байвал, далд уурхайн барилгын ажил зогссон нь энэ мэт олон сөрөг үр дагавартай. Тиймээс ч ерөнхий сайд Н.Алтанхуяг тухайн үед яаран сандран мэдэгдэл хийж, “Туркойз хилл” компани руу тийм агуулгатай захидал Засгийн газрын зүгээс явуулаагүй. Тэр захидлыг “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг явуулсан. Тэгээд ч далд уурхайн санхүүжилтийг УИХ болон Засгийн газар шийдээд байдаг асуудал биш. Хувь нийлүүлэгчид өөрсдөө ярилцаад шийдэх асуудал гэж өөрөөсөө түлхсэн өнгө аястай мэдэгдэл хийх нь тэр. Ингээд л хариуцлагагүй захидал илгээсэн шалтгаар “Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчигийг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Да.Ганболдыг томилсон юм. Гэтэл Ц.Сэдваанчиг ажлаа өгсөн даруйдаа, тэр захидлыг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн захиалгаар явуулсан. Би явуулаагүй бол хэн нэгэн явуулах л байсан гээд хэвлэлийн хуудсаар дамжуулан хариу мэдэгдэл хийж олныг гайхшрууллаа.
 
Захиалсан уу, эсвэл зохиосон уу... гэдэг нь бүрхэг хоцорсон ч, манайхан тийм агуулга бүхий захидал илгээснээ хүлээн зөвшөөрөх нь тэр. Гэвч энэ хуудас цааснаас болж, гүний уурхайн ажил зогсчихлоо. Энэ асуудлаа шийдвэрлэж амжаагүй байтал,  “Рио Тинто” компани Оюутолгойн бүтээн байгуулалтад зориулж нэмж 600 сая долларын зээлийг “Туркойз хилл” компанид өнгөрсөн наймдугаар сард олгох нь тэр. Үүнийг өмнөх 1.8 тэрбум долларын хамт 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор “Туркойз хилл”-ээс авна гэдгээ ч “Рио Тинто” компани тухайн үед илэрхийлж байлаа. Эндээс“Рио Тинто” компани “Хюго даммет”-ийн ордын барилгын ажлыг зогсоох замаар манайханд цохилт өгч, “Туркойз хилл”-ийн хөөцөлдөж буй 4 тэрбум долларын зээлийг бүтээж, дундаас нь өөрийн 2.4 тэрбум долларыг олж авах далд сонирхол агуулж байсан байх хардлага олны дунд төрсөн нь нууц биш.  
 
Өөрөөр хэлбэл, “Туркойз хилл” компани мэдэгдэл хийж барилгын ажлыг зогсоосон мэт харагдавч, энэ компанийн 51 хувийг эзэмшдэг, тус компанийн удирдлагыг бүхэлд нь томилдог, бодлого шийдвэрийг нь гаргадаг гэдэг утгаараа цаана нь “Рио Тинто”-ийн тоглолт явагдсан байхыг үгүйсгэхгүй гэж учир мэдэх хүмүүс хэлж байлаа. Энэ гол тоглогчтой далд уурхайн санхүүжилтийг хэлэлцэхээр Оюутолгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн монголын талын шинэ гишүүн Да.Ганболд, Г.Тэмүүлэн, Ч.Отгочулуу нар өнгөрсөн есдүгээр сард Лондонг зорьсон. Тэнд “Туркойз хилл” компанийн 51 хувийг эзэмшдэг “Рио Тинто”-той хэлэлцээр хийсэн ч, далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэж чадалгүй ирсэн юм. Тэд “Оюутолгойн хүрээнд үүссэн 30 асуудлын тал хувийг шийдвэрлээд ирлээ. Үлдэх асуудлыг Улаанбаатарт үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Далд уурхайн санхүүжилтийг энэ онд багтаан шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан ч, амжихгүй нь тодорхой боллоо.
 
Ингэж хэлж байгаа нь, өнгөрсөн сарын 14-ний өдөр Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компани, гүний уурхайн санхүүжилт дээр монголын талтай тохиролцож чадаагүй байгаа учраас нэмэлт хувьцаа гаргахаар болсон тухайгаа албан ёсоор зарласан юм. Ингэхдээ 1 тэрбум гаруй хувьцааг нэг бүрийг нь 2,4 америк долларын ханшаар гаргасан юм. Зах зээлийнхээ ханшаас 42 хувиар хямд энэ хувьцааг ирэх сарын 7-ныг хүртэл арилжаалах ёстой. Эндээс босгосон 2.4 тэрбум долларын санхүүжилтээрээ “Рио Тинто”-гоос өмнө нь авсан зээлээ нэгдүгээр сарын 15-нд барагдуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, нэмэлт хувьцаа гаргаж байгаатай холбоотойгоор энэ сарын 31-нд төлөх өр зээлээ хэд хоногоор хойшлуулж, ирэх сарын дундуур “Рио Тинто”-д өгөхөөр болсон гэсэн үг. Угаас банкуудын зээл бүтэхгүй бол, нэмэлт хувьцаа гаргах замаар “Рио Тинто”-гоос авсан өр зээлийг барагдуулна гэсэн гэрээг хоёр тал байгуулаад байсан. Нэгэнтээ цаг хугацаа тулж, банкуудаас зээл авч чадахгүй нь тодорхой болсон учир, нэмэлт хувьцаа гаргах замаар “Рио Тинто”-гийн өр зээлээс салахаар сэтгэл шулуудсан хэрэг.
 
Нэгэнт өр зээлээ ийм замаар барагдуулах болсон учир, банкуудаас авах 4 тэрбум долларын зээлээ түр хойшлуулсан гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр хэдийн цацагдаад эхэллээ. Дэлхийн 15 банкнаас авахаар хөөцөлдөж байсан 4 тэрбум долларын зээлийг ирэх оны гуравдугаар сарын 31 хүртэл хойшлуулсан байна. Банкуудаас авах зээлийг хоёр дахь удаагаа сунгаж байгаа нь энэ юм. Ийм завшаан гарч байхад, манайхан анхны хөрөнгө оруулалтаа нэг мөр болгоод ажлаа яаравчилбал, далд уурхайн санхүүжилтийг төвөггүйхэн шийдэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, ирэх гуравдугаар сараас өмнө “Рио Тинто”-той гүний уурхайн санхүүжилт дээр тохиролцож, хугацаа дуусахаас өмнө банкуудаас зээл авбал, үүний тодорхой хувь нь “Рио”-гийн халаасанд орох бус, жинхэнэ утгаараа далд уурхайн санхүүжилт болох боломж байгаа юм. Шийдвэрлэж эс чадваас банкууд зээл олгох хугацаагаа дахин сунгахгүй ч байж мэдэх сөрөг талтай гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.
 
 
Үргэлжлэл бий.....