Сайн байна уу. Би зөвлөгөө авах гэж эсвэл бусдын юу боддогийг мэдэх гэж захидал бичсэнгүй ээ. Зүгээр л дотроо онгойлгомоор санагдаад бичлээ. Би одоо 29 настай, 26 настайдаа нөхөртэйгөө танилцаад, жил үерхсэний дараа нэг гэрт орсон. Харин энэ онд гэрлэлтээ батлуулсан. Нөхөртөө маш их хайртай. Ганц өдөр ч тусдаа байж чаддаггүй.

Харин одоо бүх юм өөрчлөгдөж байна. Асуудал надад байна уу, нөхөрт байна уу яг хэлж мэдэхгүй. Гэхдээ би нөхрөөсөө тусдаа байхыг хүсээд, энэ хүнээс холдоход бие сэтгэлээ дасгаад байх боллоо. Өөрийн мэдэлгүй цаашдын амьдралаа ганцаараа байхаар төсөөлөөд байх юм.

Манай нөхөр надтай танилцахдаа ажил хийдэггүй байсан. Тийм учраас эхэндээ би л бүх зардлыг гаргадаг байлаа. Тэгээд анзаараад байхад угийн л ийм зантай. Тэр занг нь найзууд нь ч сайн мэддэг болохоор асуудалгүй өмнөөс нь бүх мөнгийг гаргадаг юм билээ. Харин танилцсанаас хойш би гаргадаг боллоо. Нөхөр маань уг нь ёстой л сайхан сэтгэлтэй, монголчуудын хэлдгээр сайн залуу. Гэхдээ удах тусам ганц сайхан зангаар нь амьдрал босгоход хэцүү болсон.

Ингэж явсаар жил гаруйн өмнө ажилд орсон. Ажил нь хүнд, шөнө оройгүй ажилладаг. Тийм болохоор би ядраа байлгүй гэж бодоод бүгдийг мөн л өмнөөс нь хийдэг байсан. Мөнгийг ч ялгаагүй л олдог. Тэгтэл бас үгүй юмаа. Манай хүн амарсан бол бүтэн өдөржин унтдаг. Би хөдөөний хүн болохоор зүгээр суудаггүй сонин зантай. Харин манай хүн унтсаар байгаад өдрийг өнгөрөөнө. Зүгээр ч унтахгүй, байнга л өвдөж байна, ядарч байна, толгой хагарах нь гэдэг ч энэ нь зүгээр л бааштай зан гэдгийг нь мэдэж авсан. Сарын өмнө бид хоёр муудалцаад би гэрээс нь явсан. Өмссөн хувцастайгаа гараад явсан. Одоо хүртэл тэр айлаас хувцсаа ганц нэгээр нь л авч байгаа.

Аав, ээжтэй нь цуг байдаг, манай хүн тэндээсээ явах дургүй болохоор би шийдсэндээ байя гэж бодоод эргэж очоо ч үгүй. Очих ч үгүй. Учир нь хадмууд маань ёстой л сонгодог хадмууд. Айлын ганц хүү учраас нөхрийг маань нялх хүүхэд шиг бөөцийлнө. Бид хоёр хааяа түр тархийхэд хэдийнэ хажууд ирчихсэн хүүгээ надаас өмөөрөөд зогсож байдаг. Харин нөхөр маань намайг тэвч гэсэн. Би жил хагас л тэвчих шив дээ.

Хэцүү амьдрал биш хэдий ч өнөөг хүртэл ээж, ааваасаа холдож чадахгүй байгаа, ажил хийж цалин олсноо гавьяанд тооцдог, ямар ч идэвхгүй, тэгсэн хэрнээ уух дуртай нөхөр. Нэг мэдэхэд л миний тархи толгойнд цаашдын амьдралаа ганцаараа өнгөрүүлнэ гэсэн бодол төрчихсөн. Хайртай хэрнээ шүү дээ. Намайг нэг удаа зодсон. Ээжийнхээ хажууд намайг боогоод унагааж байхад ээж нь хүүдээ “Хоёулаа энийг цагдаад өгчихье л дөө” гэж хэлээд зогсож байж билээ. Чоорт. Би зүгээр л энэ сонин, оройн хоол ч хийж иддэггүй гэр бүлийг жигшиж байна. Маш заваан, муухай, өөрсдөөсөө өөр хүн бүрийг дорд үздэг, тийм байтлаа амьдрал нь ядруухан.

Би хүнд гологдохоор амьтан биш ээ. Надад өөртөө итгэх итгэл, идэвх, ажил мэргэжил, орлого гээд нийгмийн амьдралд шаардлагатай бүх юм байна. Харин хань нөхрөөс ирэх халамж л алга даа. Хүүхэд ч байхгүй. Намайг эмч тайван бай, стрессээ дар гэсэн. Харин манай нөхөр өөрийгөө үзүүлэхээс цааргалдаг. Залхуугаасаа болоод л тэр. Энэ хүний мэргэжил угаасаа ийм хэцүү. Тэгэхээр ажлаа бол хийнэ. Харин бусад үед нь насан туршдаа зовлон тоочиж, өвчин ярьж, ядарсан зүдэрснээ гайхаж өнгөрөөх байх.

Би чөлөөлөгдмөөр байна. Зүрх сэтгэл, тархи толгойгоо энэ хүнээс чөлөөлмөөр байна. Энэ гэр бүл миний эрч хүчийг зүгээр л сороод байгааг би мэдэрдэг. Тийм болохоор сэтгэлээ л татаад авчихвал би зүгээр л яваад өгмөөр байна. Би ч гэсэн амиа хичээсэн хүн байх өө…

cekc.mn