1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүд болон улсад 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргаж байсан юм. Тэгвэл дээрх онуудад олон хүүхэд гаргасан нь шийтгэл мэт үзэн, улсад ажилласан жил, туршлагыг нь үл харгалзан 40-45 настайд нь тэтгэвэрт гарсан иргэдийн ажилласан жилийг нөхөн тооцох болсон талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль батлагдаж, 1990-2000 онуудад өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийг ажилласнаар нөхөн тооцсон. 2012 оны арваннэгдүгээр сарын 15- аас 2013 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 494.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлтээ гаргасан. Тэдний 24 хувь 5 хүртэлх жилээр, 76 хувь н 5-11 жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болсон юм.

Харин 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүд болон улсад 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд дээрх хуулинд хамрагдаагүй байсан. Энэ асуудлаар УИХ-ын “эмэгтэй гишүүдийн бүлэг”-ээс удаа дараа асуудал дэвшүүлж ирсэн юм. Мөн гишүүдээс гадна Баянгол дүүргийн иргэн Л.Цэдэндамба энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд дээрх иргэдийг нөхөн даатгалд хамруулах нь зөв гэсэн шийдвэр гаргажээ.

Иймд 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүд болон улсад 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан 41 мянга орчим иргэний ажилласан хугацааг 7 хүртэл жилээр нэмэгдүүлэн тооцохоор болжээ.

Эдгээр 41 мянган иргэний 82 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд ажилласан хугацааг нь нөхөн тооцох бүртгэл судалгааны ажлыг 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлж, иргэн бүрээр ажилласан хугацааны нэмэгдлийг баталгаажуулалт хийсний дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэрийн нэмэгдлийг тооцож олгоно хэмээн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ мэдэгдсэн юм.

Х.Даваа