УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын шинэ жилийн мэндчилгээ
2013/12/29
Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэж, шинэ оноо угтах энэ мөчид манай орны нийт ард иргэд, Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Улиран одож буй 2013 он манай эх орны эдийн засаг, нийгмийн амьдралд төдийгүй Монгол Ардын намын хувьд ч олон чухал үйл явдлаар дүүрэн он байлаа.
Манай Намын шинэчлэл, эв нэгдлийн XXVII Их хурал амжилттай болж, улс орны болон намын шинэчлэлийн томоохон зорилтуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бид бодлого, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлээ цаг алдалгүй, шамдан эхэлж ихээхэн ажил өрнүүлсэн амжилттай, иргэд сонгогчдоос ирүүлсэн мянга мянган захиас, хүлээлттэй, эрч хүчтэй баг, хамт олонтой шинэ оноо угтаж байна.
Манай нам улс орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, амар тайван, эрх чөлөөтөй амьдралтай болгохыг эрхэм зорилгоо болгон тодорхойлж үйл ажиллагаандаа хамтын удирдлага, эв нэгдэл, ардчиллал, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан ил тод, нээлттэй байж, бодлого шийдвэр гаргахдаа ард иргэд, гишүүд дэмжигчдийнхээ хүсэл зоригийг илэрхийлж байхаар шийдвэрлэсэн билээ.
Харин, улиран одож буй 2013 он улс эх орон, ард түмний минь хувьд томоохон сорилт, бэрхшээл тулгарсан жил боллоо. Эдийн засгийн өсөлт саарсан, томоохон төсөл хөтөлбөрүүд саатсан, өрийн хэмжээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн, валютын ханш огцом нэмэгдсэн, бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөн, баялаг бүтээгчид гадуурхагдаж, хавчигдсан зэргийг бид дэвэргэх бус харин бодит үнэнийг дүгнэх ёстой. Хэт улс төржилт, талцал хуваагдал даамжирч эрх баригчдын бодлогогүй, түрэмгийлсэн бодлого, шийдвэр хэрээс хэтэрснийг ард олон шүүмжлэн ярьж байна.
Улс орон, ард түмний эрх ашигт завшилцал бус зөвшилцөл юу юунаас чухал байгааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал тод томруун харуулж байна. Бид бүгд улс төр, нам, шашин шүтлэг, үндэс угсаа хэмээн хуваагдаж, талцалгүйгээр, ололт амжилтаа хамтдаа бахдан бататгаж мөн алдаа, дутагдлаа хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж нэг зүгт, нэг хүчээр зүтгэвээс бидний хүсч буй өндөр хөгжилтэй, хүчирхэг Монгол улс харахад тод, хүрэхэд ойр мэт санагдана.
Монгол Ардын Намын 90 гаруй жилийн түүхэнд ололт амжилт ч бий, алдаа дутагдал ч бий. Монгол Ардын нам бол Монгол Улсад ардчиллыг төлөвшүүлэн хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүргэж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх зөв бодлого явуулж ирсэн улс төрийн хүчин. Монгол Улсын хөгжлийг 90-ээд жил хөтөлсөн манай намд ард иргэдийн үзүүлдэг итгэл ч их, тавьдаг шалгуур ч өндөр. Хэд хэдэн сонгуульд амжилттай оролцож чадаагүй явдал нь биднийг алдаагаа дүгнэ, амжилтаа томьёол, хүчээ сэлбэ гэсэн ард түмний хүсэл, итгэл хэмээн бид дүгнэж байна.
Өнөөдөр Монгол Ардын Нам сөрөг хүчин хэдий ч ардчилсан замаар ард иргэдээсээ сонгогдсон Улсын Их хурлын гишүүд, аймаг, нийслэл, дүүрэг, сумдын иргэдийн төлөөлөгчдөд маань нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шүүмжилж хойш суух бус харин хамтран шийдвэрлэх мэдлэг, туршлага, хүсэл эрмэлзлэл бий.
2014 онд Монгол Ардын Нам эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэсэн нийгмийн ардчиллын үзэл, баримтлалаа бататгаж үйл ажиллагаандаа тод тусган ард түмэндээ нээлттэй, нягт хамтын ажиллагаатай байх зорилт дэвшүүлээд байна.
Ирж буй шинэ он маань нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг хамтран эрэлхийлсэн, тогтвортой хөгжлийн зам дээр бат зогссон, эв нэгдэл, зөвшилцлийг эрхэмлэн бүтээгч ажил өрнүүлсэн, эцсийн дүнд Монгол хүн бүрийн аж амьдрал дээшилсэн жил байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Гарч буй шинэ жилд өрх бүр эрүүл энх байж, ажил хөдөлмөр нь амжилт, бүтээлээр арвин, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Улсын Их хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд
Зочин · 2014/01/08
dolir xulgaich barigdaagui bna u barigdan daa barigdan
Зочин · 2014/01/07
Amjilt husie bolj bna ta HUCHTEI shuu
Зочин · 2014/01/07
Amjilt husie bolj bna ta HUCHTEI shuu
Зочин · 2014/01/07
Amjilt husie bolj bna ta HUCHTEI shuu
Зочин · 2014/01/02
Сураггүй шдээ. Шинэчлэл тод харагдахгүй байна, та нараас
Зочин · 2014/01/01
Amjilt husie
Зочин · 2013/12/31
bayrlalaa
Зочин · 2013/12/30
zaa daa neekh mendcheel ch khereggui dee tanii buyanaar tugjirj tugjirj orj irlee