Хөлд оруулагч, Монгол хүүхдэд лав сайн туслагч биш
2017/11/29
Амьдралд аз жаргал бэлэглэсэн бяцхан үрийнхээ тэнтэр тунтар алхах тэр өдрийг эцэг, эхчүүд тэсэн ядан хүлээдэг. Бяцхан хөлөөрөө хөрстөд алхахыг нь харахыг тэсэн ядан хүлээсэн аав, ээжүүдийн мөрөөдлийг бизнес эрхлэгчид овжин ашигласны жишээ бол хөлд оруулагч юм.
Ер нь Монголчуудын өдөр тутмын хэрэглээ гэж ойлгодог энэ эд хөлд оруулагч нэртэй л болохоос биш хүүхдийг хурдан алхаж сургахад тийм ч их нөлөөтэй биш ажээ.Ихэнх хүүхэд ой хүрэхдээ алхаж сурдаг ч 9-18 сартайдаа хөлд ордог байна. Эцэг, эхчүүд хүүхдээ байгалийн жамаас нь эрт алхуулж сургах гэж хөлд оруулагчид суулгадаг. Гэтэл энэ нь хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг эцэг, эхчүүд тэр бүр мэддэггүй.
Олон улсын хүүхдийн эмч нар хөлд оруулагчаас татгалзахыг зөвлөж байна.
Хойд Америкийн хүүхдийн эмч нарын нийгэмлэгээс эцэг эхчүүдэд зориулж жил тутам зөвлөмж гаргадаг ажээ. Зөвлөмжид хөлд оруулагчийг заавал хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн байна. Учир нь, хөлд оруулагч хэрэглэснээс болж маш олон хүүхэд насан туршийн хүнд бэртэл авдаг тухай гэмтлийн эмч нар ярьжээ.Тухайлбал, хоёр давхрын шатнаас унах, тооцоолоогүй газарт хүрэх, хэт хурдан явж байгаад хөмөрч унах, халуун плитка, шарах шүүгээ, ил зууханд түлэгдэх, хуруу гараа хавчуулах зэрэг эрсдэл түлхүү гардаг. Бэртэл нь голдуу маш хүнд байдаг гэнэ. Тиймээс АНУ-д 1997 оноос эхлэн хүүхдийн хөлд оруулагч үйлдвэрлэгчдэд зориулж тусгай стандарт тогтоожээ. Канадад хөлд оруулагчаас болж хүүхдүүд гэмтэж, эрсэддэг тул 2004 оноос худалдаалахыг хориглосон ажээ. Тэр ч байтугай хөлд оруулагч худалдаалсан тохиолдолд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, зургаан сар хүртэл хугацаагаар хорих, 100 мянган ам.долларын торгууль хүлээлгэдэг юм байна. Хүүхэд өөрөө бие даан тогтох чадвар эзэмшдэггүй гэж олон улсын хүүхдийн эмч нарын нийгэмлэгээс тодорхойлжээ. Тиймээс хүүхдээ хурдан алхаж сургахыг хүсч байвал хөлд оруулагчаас татгалзаарай. АНУ-ын хүүхдийн эмч нар хүүхдэд хөлд оруулагч шаардлагагүй гэж зөвлөдөг. Европт хөлд оруулагч тэргэнд тавих стандартын шаардлагыг шинэчилж “BSEN 1273:2005” стандарт хангасан бол худалдаалахыг зөвшөөрдөг юм байна.
Хойд Америкийн хүүхдийн эрүүл мэндийн нийгэмлэг оройтож буюу 18 сараас хойш хөлд ороогүй хүүхдийг эмнэлгийн орчинд тусгай хөлд оруулагчид суулгахыг зөвшөөрдөг аж. Хүүхдийн яс хэврэг байдаг бөгөөд алхаж сурах хугацаанаас нь өмнө хөлд оруулагчид суулгавал хөлний шилбэний хэлбэрт өөрчлөлт оруулах эрсдэлтэй. Хөлд оруулагчид суулгахад хүүхдийн биеийн гол ачаалал сандал дээр ирж, шилбэ гадагшаа хөгжих буюу майга болдог тухай Барууны эрүүл мэндийн сэтгүүлд бичжээ.
Хүүхдийн эмч нар хөлд оруулагчийг яагаад зөвлөдөггүй вэ
Хүүхэд гэмтэж бэртэх өндөр эрсдэлтэй. Унаж ойчих, ялангуяа шатны уруу өнхрөх, юм мөргөх, халуун зүйл, ил зууханд түлэгдэх, хуруу гараа хавчуулах зэрэг гэмтлүүд маш элбэг тохиолддог.
Хөлд оруулагч нь хүүхдийг хөлд оруулж сургадаггүй. Харин ч түүнийг байнга хэрэглэх нь хөлд орохыг удаашруулдаг. Хүүхэд хөлд орохдоо хөл, тавхайныхаа хөдөлгөөнийг өөрөө харж түүнийгээ мэдрэн ойлгож булчингаа хянаж сурах ёстой байдаг. Гэтэл хөлд оруулагч нь энэ явцад сөргөөр нөлөөлдөг болох нь батлагдсан. Иймд хөлд оруулагч хэрэглэсэн хүүхэд өөрөө хөлд орсон хүүхдээс дунджаар сарын дараа явж сурдаг. Өөрөөр хэлбэл, булчингийн хөгжлийг удаашруулдаг байна.
Хөлд оруулагч нь хүүхдийн сэтгэц оюуны хөгжлийг удаашруулдаг.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг