Монгол Улсын Засгийн газар 1991 оноос ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны гишүүнээр элсэн орсон. Үүнээс хойш өнөөг хүртэл олон улсын байгууллагаас нийт 3.8 тэрбум ам.долларын зээл, 2.6 тэрбум ам.долларын тусламжийг төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх зорилгоор авч ашиглажээ.

Тэгвэл олон улсын байгууллагаас санхүүждэг төслүүдийн данс арилжааны банкуудад байршдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын баталгаа гаргаж авсан зээлийн хөрөнгө арилжааны банкинд байршиж, дараа нь Засгийн газар өндөр хүүтэй үнэт цаас гаргаж буцааж авсаар ирсэн юм. Тиймээс төсвийн сахилга бат сайжруулах, Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах зорилгоор арилжааны банкууд дахь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн дансыг Төрийн санд татах ажиллагааг Сангийн яам эхлүүлээд байна.

Тодруулбал, Засгийн газрын 337 дугаар тогтоолоор “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээ”-г баталсан.

Энэхүү тогтоолд Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн арилжааны банк дахь дансыг Төрийн сангийн нэгдсэн санд шилжүүлэх, цаашид төсвийн байгууллага арилжааны банкинд шинээр данс нээлгэхгүй байх, мөнгөн хөрөнгийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр заасан байдаг. Тиймээс Төрийн сангийн нэгдсзн санд төслүүдийн дансыг шилжүүлэхтэй холбоотой шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тушаалаар баталж, арилжааны банкуудын дансанд байршиж буй хөрөнгийн эх үүсвэрийг шилжүүлэх, арилжааны банк дахь дансыг хаах, үүнтэй холбоотой удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийг холбогдох газруудад даалгажээ. Дээрх тушаалд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нар болон төслийг хэрэгжүүлж байгаа нэгжүүдэд арилжааны банк дахь дансыг үе шаттайгаар Төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэхийг даалгасан байна.

Арилжааны банкуудаас ойролцоогоор 220 тэрбум төгрөгийг Төрийн санд төвлөрүүлэх тооцоо гарсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон. Мөн тэрбээр “Хэд хэдэн төрийн байгууллага Төрийн сан дахь дансаа арилжааны банк руу шилжүүлсэн байдаг. Эдгээр байгууллагын дансыг мөн эргүүлэн Төрийн дансанд шилжүүлнэ. Монгол Улс өөрөө их өртэй, Засгийн газрын мөнгийг зөв удирдахгүй байгаа учраас маш олон арга хэмжээ хэрэгжүүлж чадахгүй байна. Гэтэл өмнөх жилүүдэд авсан зээлийн хүүнд 2018 онд 1.1 их наяд төгрөг төлөхөөр байгаа. Өмнө нь 33 тэрбум төгрөг төлдөг байсан. Үүнээс болж иргэдэд хүрэх ёстой төрийн үйлчилгээг хүргэж чадахгүй, цалин, тэтгэврээ нэмэх боломжгүй байна” гэсэн юм.

ТӨРИЙН САНГИЙН ДАНСАНД ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 3.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИЛЖИН ОРЖЭЭ

Олон улсын байгууллагаас санхүүждэг төслүүдийн арилжааны банк дахь дансыг тусгай, дэд, бусад гэж гурав хуваадаг байна. Тусгай гэдэг нь тухайн санхүүжүүлэгч талаас шилжүүлж буй эх үүсвэрийг төвлөрүүлдэг дансыг хэлдэг. Харин дэд данс нь төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тухайн төслийн тусгай данснаас дэд дансаар дамжуулан төлбөр, тооцоо гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой төлбөр тооцоо гүйцэтгэж байгаа дансыг хэлдэг аж. Харин бусад дансанд Эскроу буюу түр данс, дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтийн орлогын данс зэрэг багтдаг байна.

Төслүүдийн арилжааны банкны дансанд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 102.8 тэрбум төгрөг байгаа аж. Энэ хөрөнгийг үе шаттайгаар Төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэхээр Сангийн яам ажиллаж байгаа юм байна.

Үүнд, Нэгдүгээрт, энэ сард багтаан төгрөгийн тусгай болон дэд дансанд ойролцоогоор 6,1 тэрбум төгрөг байгааг төвлөрүүлэх, хоёрдугаарт, 2018 оны эхний улиралд багтаан ам.долларын болон бусад гадаад валютын тусгай болон дэд дансуудад байгаа нийт 58.8 тэрбум төгрөгтэй тэнцэх эх үүсвэрийг төвлөрүүлэх, гуравдугаарт, 2018 оны эхний улиралд багтаан бусад дансуудад байгаа 37.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус, тус төвлөрүүлэхээр болжээ.

Дээрх хөрөнгийг хэрэв арилжааны банкуудаас татчихвал ямар нэгэн эрсдэл гарч болох эсэх талаар Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн албаны дарга Б.Доржсэмбэдээс тодруулахад, “Гадаад валютын дансны үлдэгдэл 58.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэр банкуудад байршиж байгаа гэсэн үг. Энд дурдсан эх үүсвэрүүдийн дотоодод байршиж байгаа газрыг өөрчилж байгаа болохоос нийт гадаад валютын улсын нөөцөд ямар нэгэн өөрчлөлт орохгүй тул валютын ханшид нөлөөлөхгүй. Мөн хэмжээний хувьд улсын нийт гадаад валютын албан нөөц болон арилжааны банкуудын гадаад валютын нөөцтэй харьцуулахад нөлөөлөхүйц тоо биш” хэмээн хариулав.

Эхний ээлжинд Төрийн сангийн нэгдсэн дансанд төслүүдийн төгрөгийн дансыг энэ сард багтаан төвлөрүүлэхээр Сангийн яам ажиллаж байгаа гэдгийг мөн тэрбээр онцолсон юм. Харин 2018 оны эхээр бусад гадаад валют болон ам.долларын тусгай болон дэд дансуудыг төвлөрүүлэх гэнэ. Гадаад валютын дансуудыг шилжүүлэхтэй холбоотой Төрийн сангийн төлбөр тооцооны системийг өргөтгөж байгаа юм байна. Одоогоор Төрийн сангийн нэгдсэн дансанд төслүүдийн дэд дансуудыг шинээр нээн, эх үүсвэрийг арилжааны банкуудаас шилжүүлж эхэлжээ. Эхний ээлжинд арилжааны банкуудын төгрөгийн дансанд байршйж байгаа төвлөрүүлвэл зохих нийт 6.1 тэрбум төгрөгөөс өнөөдрийн байдлаар 3.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр Төрийн сангийн нэгдсэн дансанд шилжин орсон байна.

 

ТӨРИЙН САНГИЙН НЭГДСЭН ДАНСАНД ЯМАР НЭГЭН ХҮҮ ТООЦОХГҮЙ

Монгол Улсын төсвийн болон санхүүгийн үйл ажиллагаа, тэдгээрийн харилцаа бүхэлдээ Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжих нь чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, төсвийн сахилга бат, ил тод байдал дээшилж, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагнах үйл явц сайжрахаас гадна Засгийн газрын мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх, зээллэгийн үйлчилгээний төлбөрийг бууруулахад илүү дөхөмтэй болох ажээ. Түүнчлэн, төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, гүйцэтгэлд хяналт тавих нөхцөл бүрдэж, нэгдсэн системд шилжих, батлагдсан төсвийн хүрээнд зориулалтын дагуу зарцуулалтыг хийх зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Түүнчлэн арилжааны банкуудаар дамжуулан аливаа төлбөр, тооцоог гүйцэтгэхэд өмнө нь банкны шимтгэл, хураамжийг төлдөг байсан бол Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоогоор дамжсанаар шимтгэл, хураамжгүй болох давуу талтай юм. Мөн арилжааны банк тухайн төслийн дансны үлдэгдэлд хүү тооцож олгодог байсан бол Төрийн сангийн нэгдсэн дансанд ямар нэгэн хүү тооцогдохгүй давуу талтай. Учир нь төслийн дансанд хүү тооцож олговол энэхүү хүүгийн орлогыг төсвийн орлого талд тусгах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, нэг халааснаас аваад нөгөө халаасандаа хийж байгаатай өөрцгүй юм.

Тиймээс улсын төсвөөс санхүүжилт авсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нартай холбоотой асууд-луудад цэг тавих бол омжтой гэнэ. Учир нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр авсан санхүүжилтээ зарим хэрэгжүүлэгч газрууд банкинд байршуулж хүүг нь авдаг гэх гомдол багагүй гарч байсан удаатай. Тэгвэл энэ асуудлыг цэгцлэх гарц нь Төрийн сан гэдгийг салбарын яам нь онцолж байна.

 

 

 

У.САРАНГЭРЭЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/