Өр төлбөрийн дарамтгүй 2018 он

Шинэ он гарахтай зэрэгцэн ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд нэмэгдэх татварууд чихнээс хонх зүүж эхэллээ. Тухайлбал, хувь хүний орлогын албан татварыг орлогын төвшнөөс нь шалтгаалан ирэх сарын 1-ээс 10, 15, 20 хувь болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлж, архи, тамхи, шатахуун, суудлын албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар болоод байгаа юм. Дөнгөж энгийн тасагт шилжээд байгаа эдийн засагт энэ нь муу үзүүлэлт авчрах вий гэхээс болгоомжлох хэсэг байна. Эдгээр татварыг нэмэхийг бизнес эрхлэгчид эсэргүүцэж эхэлсэн. Гэвч оны эхний өдрөөс татварын тоолуур гүйгээд эхэллээ.

Өнгөрсөн онд нүүрс болон бусад ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх үнэ өссөн нь  манай улсын сэхээнд орчхоод байсан эдийн засгийг  уруудаж явсан эдийн засгийг бага ч болов өндийлгөсөн юм. Үүн дээр  ОУВС-гийн хөтөлбөр Монголд хэрэгжихээр болсон нь эдийн засгийг эмчлэхэд чухал нөлөө үзүүлэв. Энэ бүхний үр дүнд шинэ оныг 5.8 хувийн эдийн засгийн өсөлттэй угтаж байна. 
Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкны таамгаар Монгол Улсын эдийн засгийг энэ онд 2.6-7 хувийн өсөлттэй байна гэж таамагласан нь буруу байсангүй. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтворжиж, өнөөдрийн байдлаар 2427 ам.доллар байна. Монголбанк мөнгөний бодлогоо нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болгосон гэх мэт эдийн засаг дахь эерэг дохио ассан нэгэн оныг угтаж байна.

Энэ талаар УИХ-ын дарга он солигдох мөчид “2018 он эдийн засгаа бүрэн илааршуулах, цаашдын тогтвортой өсөлтийг хангахад шийдвэрлэх жил байх болно. Төсвийн алдагдал буурч, төсвийн сахилга бат сайжирч байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж эхэллээ. Манай голлох эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ 2018 онд өсөлттэй буюу өндөр байх хандлагатай байна. Шинэ онд ямар нэг улс төрийн сонгууль болохгүй. Томоохон өр төлбөрийн дарамт ч байхгүй. Тиймээс энэ таатай нөхцөлийг зөв ашиглах нь төр засгийн хийгээд, монгол хүн бүрийн эрхэм зорилго байх ёстой.

Улстөржилт, яах нь мэдэгдэхгүй тодорхойгүй байдалдаа шинэ онд цэг тавья. Томоохон хөтөлбөр төслөө эдийн засагтаа ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байдлаар урагшлуулъя. Газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбороо барьж эхэлье. Өмнөд хилийн боомт хүрэх 267 км төмөр замаа одоо л ашиглалтад оруулахгүй бол оройтох нь. Хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадвал, монгол хүнээ хөгжүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх зорилтоо бид хангаж чадах болно” гэлээ.

УИХ-ын даргын он солигдох мөчид хэлсэн үг энэ онд хэрхэн биеллээ олохыг харах л үлдэж байна.


П.ГОО
Оллоо.мн