Олон улсын байгууллагын санхүүжилтээр төсөл хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагууд Монголын нэрийг дэлхийд шившиглэдэг боллоо. Тэд Монголыг буурангуй, хүн төрлөхтний хөгжлөөс хоцрогдмол, хүн ард нь туйлын ядуу, дарлал, мөлжлөг дор амьдардаг гэх судалгааны зохиомол дүн, тайлан илгээж олон улсын байгууллагуудаас төслийн санхүүжилт, тусламж авдаг талаар хэн хүнгүй мэднэ. Төрийн бус байгууллагуудын төсөл, санхүүгийн дэмжлэг авдаг энэ арга нь дэлхийд Монголыг дорой, муухай харагдуулж, хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болдог.

Саяхан Монгол Улс шүүх засаглалаараа Зимбабе улсын дор орсон тухай сошиал орчинд шуугиан тарилаа. Шүүхийн хараат бус байдлаар 137 орныг жагсаасан дүнг Дэлхийн эдийн засгийн форум 2017 оны аравдугаар сарын 21-ний өдөр албан ёсны сайт дээрээ мэдээллэжээ. Жагсаалтын 110 дугаарт Монгол Улс орсон байв. Дэлхийн эдийн засгийн форумд Монголын шүүх засаглалын талаарх мэдээллийг П.Эрдэнэжаргал, Д.Оюунбадам гэдэг хоёр хүн явуулсан гэдгийг Дэлхийн эдийн засгийн форум дурьджээ. Тэд бол “Нээлттэй нийгэм форум”-ын Гүйцэтгэх захирал, Эдийн засгийн хөтөлбөрийн менежер албан тушаалтай. Тэгэхээр “Нээлттэй нийгэм форум” Монгол Улсыг төлөөлж шүүх засаглалд дүн тавьсан гэсэн үг. Тэгтэл тус байгууллага дээрх дүн мэдээг явуулахаасаа өмнөхөн “Шүүх хуралдааны ажиглалт” судалгаа хийсэн байдаг. Уг судалгааны дүнгээр Монгол Улсын шүүх 2010 онтой харьцуулахад шүүгч шүүх хуралдаандаа бүрэн анхаардаг болсон, хэргийн оролцогчдыг анхаарч, эрхийг нь хангадаг гэдэг дүгнэлт хийсэн байна. Товчхондоо “Шударгаар шүүлгэх эрх хангагджээ. Харин шүүхийн байр, дэд бүтцийн хүртээмжгүй байдлаас шалтгаалж шүүх хуралд хүссэн хүн бүр оролцоход хүндрэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

Тус байгууллагын энэ судалгааны тайлантай яг адилхан дүгнэлтийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг “Шүүхийн цогц зураглал” хараат бус судалгаагаараа хийсэн. Олон улсын хараат бус байгууллагаас Монгол Улсын шүүх засаглалд хийсэн уг судалгааны тайланд Монгол Улсад 2002 оноос эхэлсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц 2013 оноос эрчимжсэн бөгөөд шинэтгэл нь нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй байсан бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байгааг онцолсон. Мөн тайланд шүүхийн бие даасан байдлын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуулийн хэмжээнд тусгасан байх бөгөөд шүүхийн практикт хэрэгжиж байна гэж дүгнэжээ. Ингэхдээ Монгол Улсын шүүх “Бүрэн нээлттэй” болсон гэж дүгнэсэн байдаг. Шүүхийн шинэтгэл эхэлснээс хойших дотоодын бүхий л судалгааны дүн Монголын шүүх өөрчлөгдсөнийг нотолдог.

             “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллага ямар учраас өөрсдийн хийсэн “Шүүхийн ажиглалт” судалгаанаасаа тэс хөндлөн тайланг олон улсад илгээв. “Нээлттэй нийгэм форум” төрийн бус байгууллагын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаагаас Дэлхийн эдийн засгийн форумд явуулсан тайлангийн талаар тодруулахад “Бизнес эрхлэгчдээс энэ судалгааг манайх биш “Human partners consulting” төрийн бус байгууллага авсан. Тэгэхээр энэ бол “Нээлттэй нийгэм форум”-ын байр суурь биш. Манай байгууллагын захиалгаар “Human partners consulting” төрийн бус байгууллагаас бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгааг түншлэгч болох Дэлхийн эдийн засгийн форумд явуулсан. Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн цогц судалгааны зөвхөн нэг асуулт л шүүхтэй холбогдож байгаа. Монголд эдийн засгийн өрсөлдөх чадварыг тогтоосон болохоос шүүхийн талаарх судалгаа биш. Шүүхийн талаарх судалгааны дүн гэж ойлговол өрөөсгөл болно” гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, хэдхэн бизнес эрхлэгчдээс ганц асуултад хариулт авснаараа Монгол Улсын шүүх засаглалыг дэлхийд дүгнэснээ ингэж цайруулж, уснаас хуурай гарав. П.Бадамрагчаа менежерийн тодорхойгүй хариултаас Шүүхийн хараат бус байдлыг судалсан дүнгээ олон улсад явуулаагүй, хэний ч мэдэхгүй төрийн бус байгууллагын нэрээр ташаа мэдээлэл хүргүүлсэн нь ил боллоо. Үүний цаана Монголыг дорой харагдуулж төсөл горьдсон муухай монгол зан харагдаж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө яг ийм үйл явдал болсон. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн Монгол Улсын Засгийн газрын илтгэл, хүний эрхийн ТББ-уудын тайлан алд дэлэм зөрж, гишүүн 193 улсын өмнө асуудал үүсч байлаа. НҮБ-аас өгсөн 129 зөвлөмжийг хэрхэн биелүүлснээ Засгийн газар тайлагнасан атал нөгөө талд төрийн бус байгууллагууд нийлээд “Монголд хүний эрхийг хангах тал дээр ганц ч ажил хийгдээгүй” гэдэг багц дүгнэлт хийгээд явуулчихсан байсан. НҮБ-ын гишүүн орнууд тэнс хөндлөн хоёр тайланг хэлэлцээд НҮБ-ын 129 зөвлөмжийн  126-г нь Монгол Улс биелүүлжээ гэдэг дүн тавьсан билээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл асуудлыг хэлэлцэж байхад дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Монголын төрийн бус байгууллагуудын илгээсэн тайланг мэдээлж амжсан. НҮБ хэлэлцүүлгийнхээ төгсгөлд бодит мэдээллийг гаргасан ч оройтсон байв. Ингээд төрийн бус байгууллагуудын дүгнэснээр Монгол улс хүний эрхийг огт хангаагүй гэдэг “мессеж” дэлхийд түгсэн юм. Үр дүнд нь хөрөнгө оруулагчид Монголоос дөлөх нэг шалтагтай болсон. Харин өнөөх төрийн бус байгууллагуудын форум хүмүүнлэгийн тусламж, төсөл хөтөлбөр багагүй хүртсэн гэж учир мэдэх эх сурвалжууд ярьсан.

Төсөл горьдсон төрийн бус байгууллагууд олон улсад явуулж байгаа ийм “зорилгот тайлан”-гаараа Монгол Улсыг шившиглэж буйгаа хэзээ ойлгох бол.

Ц.Батсүрэн