УИХ-д суудалтай нам,  эвслийн бүлгийн хуралдаан өчигдөр болсон.  Бүлгүүдийн  хуралдаан дээр яригдсан асуудлыг тоймлон хүргэж байна.

МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвслийн бүлгийн  энэ  удаагийн хурлаар 2014 оны ирэх хаврын чуулган, болон энэ онд баримтлах улс төрийн чигийн талаар ярилцаж, гишүүд санал солилцсон байна.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг дахин хэлэлцсэн бөгөөд уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэх үеэр бүлэг завсарлага аваад байсан юм. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн” төсөлтэй бүлгийн гишүүд танилцаж тусгайлсан зарчмын зөрүүтэй байр суурьтай байсан тул бүлгээс салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулан бүлгээс ажлын хэсэг гаргаж ажиллуулсан юм. Бүлгийн ажлын хэсгээс боловсруулсан төслийн хувилбарыг УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлсэн ч зарчмын шинжтэй олон заалтууд орхигдсоныг гишүүд шүүмжилж байв. Тухайлбал, уул уурхайн ашигт малтмалын ордын анхны үнэлэмжийг тогтооё гэсэн  зарчим ороогүй. Энэ зарчим ороогүй нь  тухайн ордын анхны үнэ цэнийг тодорхойлохыг зарчим болгох байсан юм. Гэтэл энэ зарчим орж чадаагүй. Мөн одоогийн хэлэлцүүлэгээр төрийн оролцоог хязгаарласан баримт бичиг болжээ. Төрийн оролцоог зөвхөн бизнесийн хүрээгээр ойлгохгүй байх, бодлогын түвшинд, бодлоготойгоор оролцох зарчим дээр үндэслэх ёстой талаар санал солилцлоо. Мөн тухайн ордын том жижиг, нөөц гэх мэт зүйлээс хамаараад түүнийг дагалдсан дэд бүтцийг бий болгох хэрэгтэй гэдгийг мөн энэ үеэр хэлэлцсэн байна. Тодруулбал, Оюутолгой 100 жил ашиглах нөөцтэй бол тэнд гарцаагүй хот тосгон, хөнгөн үйлдвэр, цэцэрлэг, сургууль бий болох ёстой. Энэ бол төрийн бодлогын түвшинд гаргаж тавих ёстой асуудал гэдгийг гишүүд мөн онцолж байсан юм.

Харин  МАН-ыг бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна.  Тодруулбал цагаан сараас өмнө цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавих болсноо МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Учир нь 2012 онд цалин, тэтгэврийг нэмснээс хойш өнөөг хүртэл ганц ч төгрөгөөр нэмэгдүүлээгүй, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, инфляц хоёр оронтой тоонд хүрсэн, үнэ тогворжуулах нэртэй олон хөтөлбөр хэрэгжсэн ч үр дүнд хүрээгүй, иргэдийн бодит орлого буурч, төгрөгийн худалдан авах чадвар багассан нь цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх бодит шаардлага болж байгааг тэрээр онцлов. Ингэхдээ бага орлого, бага цалин, бага тэтгэвэртэй хүмүүс, төрийн үйлчилгээний албан хаагчид, багш, эмч нарын цалинг илүү хувь хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байгаа ажээ.  

Засгийн газар энэ оны эхний хагаст багтааж 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэхдээ гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийн талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг МАН-ын бүлэг Су.Батболд гишүүнээр ахлуулсан юм. Манай улс 1990 он гэхэд улаан буудайн дотоодын хэрэгцээг бүрэн хангахын зэрэгцээ экспортлох хэмжээнд хүрсэн амжилттай байсан. Энэхүү хүрсэн төвшин нэгэн үе бүрэн унасан ч Засгийн газраас олон үйл ажиллагаа явуулсан нь үр дүнгээ өгч 2012 оны эцсээр дотоодын хэрэгцээнээс 204 мянган тонн илүү улаан буудайг хурааж авчээ. Мөн 2012 онд 100 мянган тонн улаан буудайг гадаадад экспортлох хэмжээний нөөцийг Н.Алтанхуягийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн байна. Гэтэл жил хагасын дараа Засгийн газар энэхүү нөөцийг дуусгасан төдийгүй ургац хураалтын балансаа алдагдуулж, 100 мянган тонн улаан буудайг импортоор оруулж ирэх гэж байгаа нь Засгийн газар, холбогдох мэргэжлийн яамны бодлогын алдаанаас үүдэлтэй гэж МАН-ын бүлэг үзэж байгаа. Энэ нь салбарын сайдын тухайн салбартаа хандаж байгаа хандлага, улс төрийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлнэ гэсэн үүргээ биелүүлэхгүй байгаа салбарын сайд Х.Баттулга хариуцлага хүлээх ёстой гэж УИХ-ын гишүүн Су.Батболд мэдээллээ. Түүнчлэн салбар хариуцсан сайд, яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийн газраас гаргасан тоо нь зөрүүтэй байгааг ч тэрээр хэллээ. Нөөцөд хүлээлгэж өгсөн 204 мянган тонн улаан буудайг хэрхэн зарцуулсан тайланг ХХААЯ-наас шаардсан ч гаргаж өгөөгүй аж. Тэрээр "2014 онд Засгийн газрын тэргүүн экспортоо дэмжиж, импортыг багасгах зорилт дэвшүүлнэ гэж мэдэгдсэн. Гэтэл Засгийн газар импортыг дэмжсэн хэвээр байна. Хэрвээ Засгийн газраас зөв бодлого явуулбал Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд нөөцөлсөн буудайгаар дараагийн ургац хураалт хүртэл дотоодын гурилын хэрэгцээг хангах боломжтой гэж үзэж байгаа. Улаан буудай импортлох гэж байгаа нь нэр бүхий ашиг сонирхлын зөрчилтэй гурилын үйлдвэрүүдийг дэмжих зорилготой байна. Өнгөрсөн онд эрх баригчид Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 48 тэрбум төгрөгийн дэмжлэгийг гурилын үйлдвэрүүдэд өгсөн. Гэтэл үүний 31 тэрбум төгрөгийг ганцхан гурилын үйлдвэр авсан байдаг. Тэр ч бүү хэл нэр нь дуулдаж байгаагүй олон гурилын үйлдвэр авсан. Энэ асуудлаар холбогдох байнгын хороонд санал тавьж, ямар компаниудад хэдэн төгрөг хуваарилсан, хэрхэн яаж зарцуулсан талаар хяналт шалгалт явуулахаар болсон. Гурил, гурилан бүтээгдэхүүн бол улсын стратегийн бүтээгдэхүүн. Салбарын яам энэ талаар бодлого явуулж чадаагүйн улмаас "Атрын III аян"-ы хүрээнд хүрсэн үр дүнгээ алдлаа. Газар тариалангийн талаар МАН-ын Засгийн газрын үед хүрсэн төвшинг нэг жил хагасын дотор унагасан Засгийн газар, ажил хариуцсан сайдтай хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа" гэлээ.

УИХ-д олонх болсон  АН-ын хувьд энэ удаагийн бүлгийн хуралдаан дээрээ хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн талаараа мэдээлэл хийсэн юм.  Тодруулбал

Ардчилсан намын бүлгээс 2013 онд “Шударга ёс” эвсэл болон бусад гишүүдтэй хамтран эдийн засгийн эрх зүйн суурь орчныг өөрчлөх чиглэлээр мөн хууль, шүүх, хяналтын эрхзүйн орчны шинэчлэлийн чиглэлд нилээд бүтээлч, бодлогын шинжтэй хуулиудыг баталж чадлаа гэж дүгнэлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улс хэрэглээ талыг шүтсэн, импортын хэт хараат байдалд байсан он цагийг 2013 онтой хамт үдэж байна. 2014 онд эдийн засгийн өсөлтийг тэлэх, эдийн засгийн өсөлтөөс иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, валютын тогтвортой байдлыг хангах, шинээр батлагдсан шүүх, хууль хяналтынхаа эрхзүйн орчны шийдлийн үр дүнг үзнэ. Шүүхийн шинэчлэлээс гадна төрийн тогтолцооны реформыг хийхээр зорьж байна. Бид төрийн тогтолцоо, Үндсэн хууль, Улс төрийн намууд, Сонгуулийн нэгдсэн хуулийн асуудлаар ойрын хугацаанд бусад нам, улс төрийн хүчнүүдтэйгээ зөвшилцөж, үр дүнтэй шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдэгдэв.

УИХ 2013 оны намрын чуулганаар нийт 30 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөснөөс долоон хуулийг баталж, 11 хуулийн төсөл хэлэлцэх шатандаа өргөн баригдсан, 12 хуулийн төсөл хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Эдгээр хуулиас нэн түрүүнд улс төрийн шинэчлэлийн хуулиудаа хэлэлцэж, энэ хаврын чуулганаар баталж дуусгах хэрэгтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдлээ. 

Олонхийн бүлэг цөөнхийн бүлэгтэй улс орныхоо эдийн засгийг тэлэх, улс төрийн тогтолцоог шинэчлэх чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байгаа. Хэрэв цөөнх бодлогын шинжтэй, улс орныхоо хөгжлийн шинжтэй асуудлууд болон иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, улс орондоо шударга ёс тогтоох асуудал дээр популист хэв маяггүйгээр идэвх санаачилгатай хамтарч ажиллана гэвэл УИХ-ын болон УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахад бэлэн байгаагаа бүлгийн дарга мэдэгдлээ.

Энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байсан гол асуудлуудын нэг нь хотуудын тухай. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа нөхцөлд хотын асуудал, хотжилт хоцрогдож байгааг анхаарах ёстой. Тухайлбал, аймгийн төвүүдийг хот болгох, түүнчлэн Дархан, Эрдэнэт, Замын-Үүдийг хотын статустай болгох хэрэгтэй хэмээн үзэж, энэ асуудлыг яаралтай оруулж ирэх үүргийг бүлгийн гишүүд Засгийн газарт өгчээ.

Татварын тухай асуудлаар АН-ын бүлэг зарчмын шийдэл гаргалаа. Татвар болон төсөвтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газар өргөн барих эрхтэй гэдгийг Үндсэн хуульд заасан. Иймд татварын асуудлаар гишүүд дангаараа хуулийн төсөл өргөн барихаа больё гэдэг дээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд санал нэгджээ. Монгол Улсад татварын шинэчлэл гэдэг нэрийн дор татварыг өөрчлөхгүй. 2006 онд батлагдсан дөрвөн төрлийн 10 хувийн татвар өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа. Энэ нь зөв зарчим хэмээн Д.Эрдэнэбат дарга бүлгийнхээ  байр суурийг илэрхийлэв. Бүлгээс Татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд татварынхаа бодлогыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг ирэх долоо хоногт багтаан оруулж ирэхийг Засгийн газарт үүрэг болголоо. Түүнчлэн 1,5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжийн орлогын татварын 90 хувийг буцаан олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг ч мөн Засгийн газарт сануулсан юм. Орлогын татварын 90 хувийг буцаан олгосноор жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэг алхам болно гэж АН-ын бүлгийн гишүүд үзлээ.

Шүүхийн шинэтгэл дуусаагүй, энэ онд үргэлжилнэ гэдгийг Х.Тэмүүжин сайд мэдэгдлээ. Дээрх хуулиудыг батлан, мөрдөж эхэлсэнтэй холбогдуулаад, дараагийн хуулиудын томоохон шинэтгэл эхэлж байна. Мөрдөх албаны тухай хууль  батлагдсанаар хар тамхи, зэвсгийн худалдаа, цахим гэмт хэрэг, байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэх мэт гэмт хэргүүдийн талаар судалгаа, тоо баримтуудыг нягтлах, илчлэх арга барилыг боловсронгуй болгох гэхчилэн хариуцах байгууллага нь өөрөө мэргэжлийн болно гэж хууль санаачлагчид үзэж байна.

Үүнээс гадна Галт зэвсгийн тухай хууль, Хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын тухай хуулиудыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ долоо хоногт УИХ-д өргөн барина.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Гэмт хэргийн хууль, Зөрчлийн тухай хуулийн төслийг  ирэх бямба гарагт Засгийн газраар хэлэлцээд, дараагийн долоо хоногт УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.  Эдгээр хууль батлагдсанаар далд үйлдэгддэг, шинэ төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх үйл ажиллагаа эрс сайжирна гэж Х.Тэмүүжин сайд онцоллоо.

Түүнчлэн Хуулийн тухай хуулийн төсөл өргөн баригдана. Хууль санаачлах эрх бүхий Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн гэсэн 78 субъект хууль өргөн барьж байгаа боловч нэг стандарт мөрддөггүй, өөр өөр нэр томъёо хэрэглэдэг, тооцоо судалгаа байдаггүй, энэ нь хуулийн тогтолцоог гажуудуулдаг,  эцсийн дүнд хэрэгжүүлэх үүрэгтэй албан хаагчдад маш их хүндрэл учруулж байгааг зохицуулахаар хуульд тусгажээ. Хууль зүйн шинэтгэлийн хүрээнд оруулж ирэхээр болосвруулж буй бас нэгэн хуулийн төсөл нь Захиргааны үйл ажиллагааны ерөнхий хууль юм.

Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны үйл ажиллагааны тухай хууль, Хуулийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь суурь харилцааг өөрчилж байгаа болохоор олон хүний эрх ашгийг хөндсөн томоохон хэлэлцүүлгүүд өрнөх болно. Эдгээрээс гадна хаврын чуулганд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай гэсэн хоёр хуулийн төслийг өргөн барина. Иймд хаврын чуулганаар Хууль зүйн байнгын хороо болон УИХ эдгээр хуулийг хэлэлцэн, ачаалалтай ажиллана гэдгийг Х.Тэмүүжин сайд хэллээ.  Өөрөөр хэлбэл бүлгийн хуралдаан дээр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлыг дарааллан ярилцсан ажээ.

Тэгвэл Энэ долоо хоногийн  УИХ-ын нэгдсэн чуулганаар:

  1. -Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлт;
     
  2. -“Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
     
  3. -“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  4. -Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай,
  5. -Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
     
  6. -Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  7. -Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд
  8. -Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай,
  9. -“Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  10. -Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  11. -Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  12. -Монгол Улсын төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
  13. -“Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

  14. -Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
  15. -Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  16. -Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    -Мөрдөх албаны тухай хуулийн төсөл,
  17. -Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  18. -Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
  19. -Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ, тэдгээрийн биелэлт, Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтай холбоотой асуулга”-ын хариуг сонсох юм.  Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.