У.Хүрэлсүхийн Засгийн газарт хэр урт нас үлдсэн бол. Уг нь тааруухан засаг биш. Гэхдээ л энэ Засгийн газрын насыг кабинетынх нь сайд нарын үйл хэргээр хэмжихээр болчихлоо. Учир нь У.Хүрэлсүхийн багт АТГ-д шалгагдаж байгаа сайд бий. Бүр тодруулбал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг одоо АТГ-аас хэд хэдэн шалтгааны улмаас шалган, байцааж байгаа.

АТГ-аас мэдээлж буйгаар, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Болормаа сайд Ц.Цогзолмаа, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг мэдэгдсэн. Хамгийн гол нь, тэрбээр хяналт шалгалт хийх шатанд 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нэмэлт гомдол, мэдээлэл бичгээр гаргасан байна. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр дахин гомдол гаргажээ. Одоогоор АТГ-аас энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч шалган байцаах ажиллагаа үргэлжилж байна гэсэн.

Тэгэхээр анх сайдын албыг авахдаа л БСШУСЯ-ыг хуугаар нь өөрчилж, дарга цэрэггүй халаа сэлгээнд оруулна, эмц цэгцтэй болгоно гэж ширүүхэн амлаад байсан Ц.Цогзолмаа хатагтайн үгийг “Өөрийнхөө танил талыг ажилд авна” гэж тайлан уншиж болохоор ажээ. Иймийн тул ажлаа гялалзсан амлалтаар эхлүүлсэн Ц.Цогзолмаа сайдаас үр дүн хүлээгээд ч нэмэргүй байж таарна.

Үүнээс гадна, сайд хатагтай хуучин Төрийн нарийн бичгийн даргыг ор үндэслэлгүйгээр ажлаас нь халсныхаа дараа Төрийн албаны зөвлөлийн нөөцөнд байгаа хүмүүсээс авалгүй дахин сонгон шалгаруулалт зарласан гэх мэдээлэл тархсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хуучин Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаагаас гадна бүр өмнөх сайдын үед ажиллаж байсан Б.Баярсайхан, мөн уг албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцсэн өөр хоёр ч хүн нөөцөнд байгаа аж. Гэтэл Ц.Цогзолмаа сайд эдгээрийн алинтай нь ч ажиллахгүй гэсэн учраас Төрийн албаны зөвлөл дахин шалгаруулалт зарласан гэх юм билээ. Хэрвээ энэ үнэн бол Төрийн албаны зөвлөл, төрийн албан хаагчий сонгон шалгаруулалт, цаашлаад ер нь төрийн аппарат гэж байхын хэрэг юу байх вэ. Үнэхээр л хэн нэгэн дарга сайдын үзэмж, сонголтоор төрийн албыг бүрдүүлээд байвал сонгууль гэх нөр мөнгө зарсан ажил ч байх хэрэг байна уу гэж бодогдох юм.

Хамгийн гол нь У.Хүрэлсүхийн Засгийн газрыг муухай харагдуулж буй ийм үйлдэл БСШУСЯ-нд ганц нэгхэн удаа гарсан юм биш. Юу гэвээс, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа 2017 оны аравдугаар сарын 21-нд БСШУС-ын сайдын албанд томилогдсон. Харин тэрбээр сайдын ажилд очмогцоо яамны тамгыг шинээр үйлдүүлж, дардсын хэвийг өөрчилснийг тухайн үед үүгээр баталгаажуулсан бичгүүд батлах ажээ. Уг нь тамганы дор монгол үсгээр Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, журмын дагуу “Монгол Улсын Боловсрол соёл шинжлах ухаан спортын яам” гэж бичих ёстой атал “Монгол Улсын Боловсрол шинжлэх ухаан спортын яам” болгон сольж “СОЁЛ” хэмээх томоохон салбарыг яамны харьяаллаас хасаж орхижээ. Гэтэл тус яамны нэрийг солих албан шийдвэр гараагүй. Хуучин нэршил мөрдөгдсөөр байгаа.

Ер нь аль ч яам тамганд сийлэгдсэн салбар бүрийг хариуцах учиртайн дээр үүнийг өөрчилснөөр албан хаяг, нэршил, тоот дээрх агуулга ч дагаад солигдох учиртай ажээ. Харин сайд хатагтай үүнийг эс тоомсорлов уу, эсвэл соёлын салбарт түүнд хүртээлгүй санагдсан уу, ямар ч гэсэн ийм алдаа гаргасан бололтой. Түүгээр ч үл барам яамны хуучин мэргэжилтнүүд сайддаа энэ тухай анхааруулмагц, тэр дор нь шинээр үйлдвэрлүүлээд, хуучин нэрээр нь хэвлүүлчихсэн гэдэг. Тэгвэл Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх зааварт “Гэмтэлтэй буюу анхны загвараас дардас нь зөрүүтэй тамга, тэмдэг ашиглахыг хориглох бөгөөд ийм тамга, тэмдгийг цагдаагийн байгууллагад хураалгаж шинээр хийлгэнэ” гэж заасан байдаг аж. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар, 2017 оны аравдугаар сард болсон энэ явдлыг тэр чигээр нь хав даран өнгөрөөсөн бололтой. Мөн дээрх хугацаанд мөнөөх алдаатай тамгаар баталгаажуулсан баримт бичгүүд чухам юу болж өнгөрснийг Ц.Цогзолмаа сайд тайлбарлах биз ээ.

Ц.Цогзолмаа сайд өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр ажлаа хүлээн авснаасаа хойш ер нь л хэл ам татлах болсон. Дээрх явдлууд зөвхөн жишээ. Тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн ноцтой асуудал хэвлэлүүдээр гарах болсон. Энэ нь яамны санхүүг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдэд даатгасан явдал бололтой.

Хэвлэлд нийтлэгдсэнийг энд сийрүүлбэл “2018 он гарсны дараахан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж, Ховдын Х.Галсанхүү гэдэг залууг яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ. Гэтэл шинээр томилогдсон Х.Галсанхүү дарга Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын, бас Ц.Цогзолмаа сайдын нөхөр Ч.Саранжавын хүн байж таарав. Тэрбээр “Таван Богд”, “Номин Холдинг”, “Юм Агаа” зэрэг компанид нягтлангаар ажиллаж байгаад 2010 оны зургадугаар сарын 14-нд УБЦТС ХК-ийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар томилогджээ. Тэр үед УБЦТС ХК-ийн захирал нь Ц.Цогзолмаа сайдын нөхөр Ч.Саранжав байв. Х.Галсанхүү тэнд ажиллаж байгаад 2013 оны нэгдүгээр сарын 25-нд өөр ажилд шилжсэн байна. Шилжиж очсон газар нь Улсын ерөнхий прокурорын газар. Тохоогдсон албан тушаал нь УЕПГ-ын ерөнхий нягтлан бодогч. Х.Галсанхүүг тэнд очиход Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжав ажиллаж байв. Удалгүй Д.Дорлигжав сайд болж, Х.Галсанхүү ч Хууль зүйн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар томилогджээ. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиар АН унасны дараа Д.Дорлигжавыг ажлаа өгсөн өдөр буюу 2016 наймдугаар сарын 10-нд Х.Галсанхүүг хэлтсийн даргаас чөлөөлсөн байгаа юм. Харин дараахан нь Х.Галсанхүү 2016 оны арваннэгдүгээр сарын 29-нд Эрчим хүний хөгжлийн төвийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдсон байна. Учир нь сонгуулийн дараа Ц.Цогзолмаа сайдын нөхөр Ч.Саранжав Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын албан тушаал дээр буусан байдаг юм. Тэгвэл энд жил гаруй ажилласан Х.Галсанхүү дарга дараагийнхаа нүүдлийг хийж БСШУСЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар очсон нь энэ. Нутаг ус яривал, Ч.Саранжав, Ц.Цогзолмаа, Х.Галсанхүү нар Ховд аймгийн хүмүүс” гэжээ.

Ингээд харахад, Ц.Цогзолмаа сайдын “яамны цэвэрлэгээ” эхэлж, танил талаараа өөрийгөө хүрээлүүлж эхэлсэн гэдэг нь үнэн бололтой.

Уг нь сайдын хариуцсан салбарууд ойшоохгүй орхихоор амар тайван биш. Өнгөрсөн зунаас эхэлсэн багш нарын хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэсэн тэмцэл үргэлжилсээр байгаа. Гэтэл салбар хариуцсан сайд нь багш нарын энэ тэмцлийг эхнээс нь дэмжихгүй гэдгээ олон байдлаар илэрхийлсээр ирсэн. Харин өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн төлөөлөгч нар Монголд ирэхэд багш нар дахиад л жагссан.

Тэгвэл Ц.Цогзолмаа сайд багш нарынхаа нийгмийн асуудалд биш тэс өөр юманд хичээл зүтгэл гарган ажиллаж байгааг нь салбарынхан нь шүүмжилж байна. Тодруулбал, сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр сайдын нэрэмжит, өндөр өртөг бүхий, үр дүн хомс хурал зөвлөгөөн олноор зохион байгуулагдах болсон тухай мэдээлэл тархав. Энд бичсэнийг харахад, Ц.Цогзолмаа сайд төрийн ордонд бараг тэрбум төгрөгөөр том хурал зохиосон болж таарлаа. Хэдийгээр албан бус, баталгаагүй мэдээлэл ч гэлээ, Ц.Цогзолмаа сайд лав л 250 сая төгрөгөөр нэг хурал хийж, түүнд нь оролцох багш нар хөдөө, орон нутгаас өөрсдөө зардлаа төлөн байж ирсэн гэх яриа бий. Уг нь үүнийг зорин ирсэн багш нар цалингийн нэмэгдэл, нийгмийн асуудлыг хөндөнө гэж найдаж байсан ч үнэндээ энэ хурлаас хүлээх ямар ч үр дүн гараагүй ажээ. Бүр боловсролын шинэчлэлд ч хэрэг болох зүйл хөндөгдөөгүй гэдгийг багш нар шүүмжлэн ярьцгааж байна.

Монголчууд анх Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилогдоход таатай хүлээн авсан. Эмэгтэй хүний нарийн зохицуулалт эдгээр салбарт хэрэгтэй гэж үзсэнд учраас ингэж хандсан хэрэг. Харин манай сайд хатагтай гурван сар гаруйхны хугацаанд өөрийгөө хэн бэ гэдгийг таниулав. Гэхдээ сайнаар биш саараар. Тэгээд ч У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх кабинетийг бүх талаараа давж гарахгүй бол хэцүүднэ гээд байсан нь ийм утгатай байжээ.

Х.Маргад

www.erennews.mn