Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл тэрбээр өөрийн байр сууриа хэлснийхээ төлөө заамдуулж хоолойгоо боолгуулжээ. УИХ-ын гишүүний хоолойг боож төрийн ордонд танхайрсан этгээд нь Монгол банкны Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр мөн болохыг TV10 телевизийн сэтгүүлч нотолсон байх юм. 

Монгол банкны Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр: :С.Дэмбэрэлээ чамд хоёрхон жилийн хугацаа байгаа шүү. Дарвалзаад байгаарай: хэмээн гараа зангидан элдэв үг хэллэг хэлсэн гэнэ.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын эсрэг санал өгсөний төлөө Монгол банкны Хууль эрх зүйн газрын захирал юуны учир  УИХ-ын гишүүнийг зодох гэж дайрдаг нь хачирхалтай байдал ажиглагдаж байгаа юм. Тэрбээр юуны учир, яагаад С.Дэмбэрэл гишүүн рүү дайралт хийв. Ингэх нь түүнд ямар ашигтай вэ? гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн цаана эрх ашгаа хамгаалах гэсэн бүлэг ажиллаж эхэлжээ. Тэд УИХ-ын гишүүдийг хүртэл айлган сүрдүүлдэг бололтой. 

Хамгийн сонирхолтой нь  УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл энэ талаар  "сүртэй юм болоогүй, битгий асуудал болго л доо, буруу ойлгоод тайлбарласан юм болов уу" хэмээн твитертээ бичиж үлдээжээ.

Түмэн олны нүдэн дээр гарсан энэ дуулианы эзнийг нууж байгаа нь бас л хачирхалтай. Төрийн албаны зодоон, заналхийлэл Шинэчлэлийн Засгийн газрын үед хүчээ авч байгаа явдал үүгээр дуусахгүй. 

БСШУЯ, ГХЯ, Гааль, Гадаадын иргэн харьяатын алба, Нийслэлийн боловсролын газар, Санхүүгийн зохицуулах хорооны зарим дарга нарын зодоон түмэн олны чихийг дэлдийлгэж байна. Энэ мэт төрийн албан дахь зодоон хүрээгээ тэлж эцэстээ Төрийн ордонд УИХ-ын гишүүнийг чуулганы үүдэнд нь заамдан авч заналхийлэхэд хүргэж байна.

 Х.Даваа