Төрийн таван толгой хувийн хэвшлийг хорлоод зогсохгүй, нүүрсний үнийг гурав дахин унагаж байна
2018/02/28
Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 6.2 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.долларт хүрлээ. Нийт бараа эргэлт тэрбум шахам доллараар нэмэгджээ.
Гадаад худалдааны ашиг хоёр тэрбум ам.долларт хүрлээ. Үүнд нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн нийт экспортын 95 хувийг эзэлж байгаа бол импортын 67 хувийг түлш, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.
Өнгөрсөн онд монголчуудад нүүрс хоёр тэрбум гаруй доллар оруулжээ. Гэхдээ энэ бол дэндүү чамлалттай мөнгө. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ орлого хоёр дахин байх боломжтой. Учир нь манайхан нүүрсээ хамгийн хямд үнээр өгдөг. Хямдхан өгдгийн учир нь төмөр замгүйдээ, эсвэл хятадууд зам хааж боогоод байгаад биш гэнэ. Зүгээр л манай Эрдэнэс Таван толгой компани нүүрсээ үнэ хүргэхийг хүсдэггүйд аж. Манай хоёр томоохон нүүрс экспортлогч болох Эрдэнэс Таван толгой төрийн өмч, харин Энержи ресурс хувийн өмч. Гэхдээ Эрдэнэс Таван толгой дангаараа төрийн өмч мөн үү гэдэг нь маргаантай асуудал. Энэ компанийн хувьцаа нэртэй 1072 гэдэг цахим тоо Монголын иргэн бүрт бий. Хэрэв энэ хууль эрх зүйн хүчинтэй бол Эрдэнэс Таван толгойн удирдлага иргэдэд тайлан тавиад зогсохгүй нүүрсээ ямар үнээр зарж, дотоод, гадаадын ямар компани Эрдэнэс Таван толгойтой хамтарч ажиллаж байгаа тухай мэдээлэх ёстой. Түүгээр ч зогсохгүй өндөр ашигтай ажилласан тохиолдолд хишиг хүртээх үүрэгтэй.
Харин өнөөгийн нөхцөлд энэ компани яг эсрэгээр ажиллаж байгаа мэт харагдана. Наад захын мэдээлэл нууц, хэн нэгэн мэдээлэл өгөх чадвартай удирдах албан тушаалтан олддоггүй. Иргэдийн дунд ярьдгаар энэ компани нүүрс тээх эрх өгдөг. Энэ эрхийн төлөө эрх баригч намын дотор зодоон болдог. Харин Энержи ресурс компани аав шиг том компанийн өрсөлдөгч биш. Гэхдээ зах зээлийн эдийн засгийн хангалттай жишээ үзүүлж чадна.
Үүний тод жишээ бол тэдний зарж байгаа нүүрсний үнэ. Өнөөдөр коксжсон нүүрсний үнэ 250 гаруй долларт хүрсэн. Гэхдээ тэр үнэд хүргэхэд чадал дутна. Харин Хятадын зах зээлд үнэд хүргэхийг тэмүүлэх ёстой. Хятадын томоохон зах зээл дээр кокосжсон нүүрсний үнэ нэг тн нь 210-240 хүрч байгаа аж. Энэ үнээр тооцвол өнгөрсөн онд бид нүүрснээс хоёр биш зургаан тэрбум доллар олох байсан.
Өмнөговь аймагт нүүрс олборлож эхэлснээс хойш өнөөг хүртэл тасраагүй маргаан бол нүүрсний үнэ, тээх эрх. Гэрээ хийж, үнэ тогтоох эрх нь томчуулын мэдэлд байдаг бол тээх эрх нь арай доогуур зиндааны улстөрчдөд ногдоно. Гэхдээ тээх эрх гэдэг нь багаар тооцоход хэдэн арван сая, ихээр бодоход хэдэн зуун сая төгрөг олох боломжтой бизнес. Эрдэнэс Таван толгойн бас нэг томоохон бизнес бол хөрс хуулах мэт уул уурхайн ажлууд. Энэ хэдэн тэрбумаар тоологдох мөнгө. Хуурамч хувьцаа иргэдэд тарааж өгөөгүй бол иргэд энэ тухай мэдэх эрхтэй. Энэ олон нууцуудын ард юу байгаа нь үл мэдэгдэнэ.
Ганц мэдэгдэж байгаа зүйл энэ том уурхай коксжсон нүүрсээ уурхайн аман дээрээс 66 доллараар зарж байгаа. Дэлхийн зах зээлийн үнээс дөрөв дахин ийм хямд нүүрс Монгол Улсын Эрдэнэс Таван толгой гэдэг уурхайн аман дээр л байна.
Харин хөрш хувийн компани болох Энержи ресурс 130 доллараар зарж байгаа гэнэ. Хоёр доллараар зарж байгаа талхны хажууд нэг долларын талх байхад ямар ч хүн нэг долларын талхыг л сонгоно. Энэ утгаараа улсын нүүрс хувийн нүүрсийг үнэгүйдүүлж байна. Энэ утгаараа зөвхөн Энержи ресурс гэдэг хувийн компанийг хорлоод зогсохгүй, Монголд нүүрснээс орж ирэх орлогыг гурав дахин бууруулсан гэж болно. Гэтэл Энержи ресурс компани нүүрсээ үнэд оруулах цахилгаан станц бариад зогсохгүй, нүүрс угаах үйлдвэр барьчихсан. Энэ их хөрөнгө оруулалтыг Эрдэнэс Таван толгой үнэгүйдүүлж байна. Харин тус компанид хэдэн тэрбум төгрөгөөр дугуй шахах авлигын шинж чанартай хэрэг гарч байгаад чимээгүй болсон.
Олон улстөрчид төмөр замгүйгээс нүүрсний орлогоо нэмэгдүүлж чадахгүй байгаа тухай ухуулдаг. Гэтэл төмөр зам байгаад ч нүүрсээ үнэгүй шахам өгвөл төмөр зам барихад зээлсэн мөнгөө ч төлөх боломжгүй болно. Үнэн хэрэгтээ өнөөдөр экспортолж байгаа нүүрсээ зах зээлийн үнээр зарж чадвал одоо яригдаад байгаа төмөр замыг барих мөнгө ч хангалттай босох аж.
Гэтэл эрх баригчид энэ бололцоог ашиглахын оронд улсын мэдлийн уурхайн нүүрсийг үнэгүйдүүлж нүүрсний орлогыг нэмэгдүүлэх нэрээр төмөр зам барих мөнгөний эрэлд мордох бололтой. Төмөр зам барьчихсан хойно хятадууд нэг өдөр төмөр замаа хааж орхино. Тэдэнд өчигдрийнх шиг Далай ламыг урьсан учир гэх мэтийн шалтаг хэрэггүй болсон. Хятадууд захын хэдэн хүн хөлслөөд төмөр зам тэгнүүлээд хэвтүүлчихнэ. Ингэвэл төмөр зам барихад оруулсан хөрөнгө яг өнөөдрийн Энержи ресурсын цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэрт оруулсан шиг үхмэл хөрөнгө болж хувирна. Харин өнөөдөр Энержи ресурс ганцаараа хохирол хүлээж байгаа бол төмөр зам хаасан тохиолдолд улс орноороо томоохон хэмжээний хохирол хүлээнэ гэнэ. Нүүрс экспортлох ганц гарц байгаа тохиолдолд хятадууд үнэ тогтоох монополь эрх эдлэх нь гарцаагүй. Гэхдээ тэд 3-4 дахин хямд үнэ тогтоох чадваргүй гэнэ. Хэт доогуур үнийг манайхан өөрсдөө л тогтоож байгаа аж. Энэ тохиолдолд хятадууд “Танайхан хямдаар өгөөд байгаа шүү дээ” гэж хэлэхгүй. Нэг өдөр ч болов ганц нэг шуудай нүүрс чимээгүй авахыг бодно. Үнэн хэрэгтээ манай нүүрс үнэд орох тохироо бүрдсэн. Учир нь Хятадын зүүн хойд хэсэгт оршдог томоохон үйлдвэрийн газрууд нүүрс авах сонирхол нэмэгдэж байгаа. Тухайн бүсэд байгаа нүүрсний ордуудын нөөц эрс буураад зогсохгүй, цаашид шинээр орд ашиглахыг хориглосон. Энэ тохиолдол Монголын нүүрс л хамгийн ойрын түүхий эд болно. Австралийн нүүрс Хятадад илүү үнээр, ихээр зарагддаг. Энэ тэдний нүүрс чанартай гэсэн үг биш аж. Зөвхөн менежмент сайтай учраас тэдний нүүрсийг авдаг аж. Ямар ч хятад Монголд 66 долларын нүүрс байхад Австралийн 240 долларын үнэтэй нүүрсийг авахгүй. Харин хэт бага үнэтэй жижигхэн бүс нутгийн хэмжээний тохиролцоо явагдаж байгаа гэсэн үг. Тэдэнд зах зээлийн ямар ч хууль үйлчлэхгүй байгаагийн илрэл бол хаа ч байхгүй хэт доогуур үнэ. Түүгээр ч барахгүй Монголын хууль ч үйлчилж байгаа нь эргэлзээтэй. Таван толгойн бүлэг ордод зөвхөн төрийн Таван толгой Энержи ресурс үйл ажиллагаа явуулаагүй. Цөөнгүй нүүрс гаргадаг компани бий. Тэр бүхнийг төрийн Таван толгой үнэгүйдүүлж байна. Таван толгой ХК гэж бас байдаг. Олсон цөлмөснөө орон нутгийнхантайгаа чамгүй хуваалцдаг гэдэг. Орон нутгийнхны яриагаар төрийн Таван толгой л хувийн Таван толгойнуудаа балладаг.
Удахгүй төмөр зам барих тухай эрх баригчид ярьж эхэллээ. Энэ төмөр замыг ямар эх үүсвэрээр барих тухай сураг алга. Ганц гарцтай тохиолдолд нүүрс авах баталгаатай гэрээ хийсэн хэрэглэгч л мөнгө гаргах үүрэг хүлээх ёстой гэнэ. Эс бөгөөс Японоос авсан мөнгөөр төмөр зам барьчихаад хятадуудад нүүрс зарна гэвэл “тэмээн дээр ямааны гарз” гэдэг болно. Хэрэв төмөр зам барих шаардлагатай гэж үзвэл хямд ч гэсэн нүүрс аваад байгаа хятадууд хөрөнгийг гаргах нь нүүрсээ зарах баталгаа болно. Тэд нүүрс авбал төмөр замд оруулсан мөнгөө буцааж авна. Авахгүй бол төмөр зам бидэнд гай болохгүйгээр хэвтэж л байх болно. Төрийн Таван толгой хэний өмч вэ гэдгийг тодруулах шаардлага бий. Ямар ч хяналтгүй энэ компанийг хувьцаат компани болгож, иргэдийн хувьцааг баталгаажуулах, эсвэл улсын үйлдвэр гэдгийг албан ёсоор зарлаж хувийн менементийн багаар удирдуулж байж л Монголын нүүрс ядахнаа Энержи ресурсын зарж байгаа үнэд очно. Энэ тохиолдолд төмөр зам, цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, утаа гэх мэтийн асуудал жижигхэн л болж хувирна даа.
Х.Баттөгс
asdfasf · 2018/03/01
manai darga nar albaar hyamd ugch dundaas ashig hurtdeg yum shu de eniig oilgoj yadad baih yumgui
zochin · 2018/02/28
ene kompaniinudridlaguudiig sain shalgaj,udam sudar, henees zaavar zuvluguu avdgiig togtooj eh orno gesen setgeltei humuus tavibal yasiin be, unen bol urvagchid l bn sh de, deer ued urvagchdiig tsaazaar avdag bsan da