Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг: Олон дуу гэхээсээ илүүтэйгээр чанартай дуу хийхийг зорьж байна
2014/01/13
Нийтийн дууны ханхүү С.Жавхланг шүтдэг байсан Б.Болд, гүнж Т.Баясгаланг шүтдэг байсан тэр ч бүү хэл фэн шоунд нь оролцох гэж гэрээсээ оргон хотыг зорьсон Э.Чулуунчимэг нар өнөөдөр нийтийн дууны нэгэн үеийн түүхийн хэсэг болчихсон яваа. Мөрөөдлөө биелүүлэхийн хажуугаар сонсож өссөн дуучдынхаа түмэнд хүрсэн дууг дахин амьдруулж олны алга ташилтын урмыг хүртэж яваа залуу хос ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16,17 нд Монгол бөхийн өргөөнөө нижгэр тоглолт хийхээр бэлдэж байгаа билээ. Тэдэнтэй цөөн хором ярилцснаа хүргэж байна.
-“Илбэе” цомгийн баяр “Нарантуул” зах дээр болсноороо нэг талын онцлогтой байсан нөгөө талаар шүүмжлэл хүртсэн байх шиг байсан. Та хоёр энэ талаар хаана ч тайлбар хийгээгүй байхаа?
-Э.Ч: Нарантуул зах дээр цомгийн баяраа хийе гэдэг санааг манай Болдоо гаргасан. Гэтэл МУГЖ С.Жавхлан ах бас яг ийм санааг бид хоёр давхар хэлсэн. Тэгээд яагаад болохгүй гэж хэмээн шийдээд л хийсэн юм. Цомгийн баярыг ард түмэн маань сайхнаар хүлээж авсан. Харин урлагийнхан дотроо шүүмжлэл гарсаан. Гэхдээ дэмжсэн нь олон байсан. Зарим уран бүтээлчид маань харамсалтай нь бараан зах дээр цомгийн баяр хийж тоглолт хүргэснээрээ дуучдын нэр хүндийг унагаалаа гэх зэргээр бид хоёрыг ярьсан. Яагаад зах дээр цомгийн баяраа хийж дуу дуулахаар нэр хүнд унана гэж, зах дээр байгаа хүн сонсогч биш юмуу, уран бүтээлч хүн хэзээ ч тэгж сонсогчдоо үл хүндэтгэсэн байдлаар ялгаварлаж болохгүй гэж бид үзэж байна. Бидний уран бүтээлийг ямар ч насны, ямар ч хүрээний хүмүүс, орон нутаг хот хөдөөгүй нас хүйс үл харгалзан сонсдог учраас сонсогч нэг бүрээ хүндлэх ёстой гэдэг байр суурин дээр бид хатуу зогсдог. Элит хүмүүст зориуллаа, зах дээр байгаа хүмүүст зориуллаа гэж бид уран бүтээл хийдэггүй шүү дээ.
-Б.Б: Ихэнх уран бүтээлчид цомгоо хязгаарлагдмал орчинд ресторанд, эсвэл цөөн хүрээллийнхэнд зориулж хийдэг. Энэ байдлыг өөрчилье гэж л бид зорьсон. Тэгээд ч зах дээр биднийг гэсэн сонсогчид маань өчнөөн байгаа шүү дээ. Ард түмэн дунд бидэн шиг ингэж хийж байсан хүн байхгүй. Энэ үйлдлээ бид ард түмэн дотроо орсон гэж ойлгож байгаа. Дуун найр гэх юмуу даа.
-Дуулсан дуунууд олон түмэнд хүрэх тусам дуугаа дуулуулах гэсэн яруу найрагч, хөгжмийн зохиолч олноор ханддаг нь урлагийн бичигдээгүй хууль юм. Та хоёр дуулах дуундаа ямар шалгуур тавьж байна вэ?
-Э.Ч: Олон дуу гэхээсээ илүүтэйгээр чанартай дуу хийхийг зорьж байна. Тооны араас хөөцөлдөж цаг зав, ажлаа гарзадхаас илүү сайн шилж сонгож дуулж байна.
-Дуучид уран бүтээлээ хийх зуураа хөрвөх чадвараа бас давхар харуулдаг. Та хоёрын хувьд?
-Бид хоёр зөвхөн хайрын дуу гэсэн сэдэвт баригдахгүй ээ. “Илбэе” цомогт л гэхэд гэгээн хайрын дуунаас гадна “Энх мэндийн хадаг” “Охин үр минь” , “Хонгорхон үр минь” гэхчлэнгээр үр хүүхдийн дуу, ээжийн тухай дуу гэгчлэн хэд хэдэн сэдвээр дуулсан. Хамгийн сүүлд цомогоос гадна хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал эгчийн аялгуу “Чамайг би үгүйлнэ” гэх дууг дуулсан. Өнөөдөрхөн энэ дуугаа өлгийдөж авлаа. Энэ дууны хувьд бид хоёрын өмнө дуулж байсан стиль жанраас тэс өөр өнгө аяс харагдах болно. Энэ дуу гэгээтэй хайрын дуу юм шиг хирнээ холоос нэг нэг рүүгээ тэмүүлсэн хайрыг харуулахыг зорьсон.
-Нэр хүндийг дагаад магтаал,шүүмжлэл байнга хамт байдаг. Хэрхэн ханддаг вэ?
-Магтаал шүүмжлэл байнга л ирж байдаг. Магтаалд онгироод явахаасаа илүү бусдын чин сэтгэлээсээ шүүмжилсэн шүүмжлэлийг хүлээн авч, хэрэгжүүлэхийг их зорьдог доо.
-Та хоёрын мэдээлэл, ярилцлагыг хараад байхад дандаа л гэр бүл болсон талаар, эсвэл салж нийлсэн талаар л мэдээлэл байдаг. Түүнээс биш яаж яваад дуучин болсон, ямар хүн гэдэг нь нууцлаг ч юм шиг байдаг. Дуучин болохын тулд... гэдэг асуулт тавьбал?
-Б.Б: Би яг багадаа дуучин болно гэж бодож байгаагүй ээ. Бусад хүүхдүүдийн адилаар тоглож наадаад, олон мөрөөдөл тээсэн хүү байсан. Би Эрдэнэтийн хүүхэд. Манай удамд зөв хоолойтой хүмүүс л байдаг болохоос биш яг дуулдаг урлагийн хүн огт байдаггүй. 2003 онд С.Жавхлан ах Эрдэнэтэд “Насан багын нутаг” хэмээх тоглолтоо хийж байсан. Энэ тоглолт намайг урлагийн хүн болох замруу шууд хөтөлсөн. Үүний дараахан “Миний найз” дуу нь хит болж байх үед би сургуулийнхаа урлагийн үзлэгт тэр дууг бэлдэж ороод л энэ замд хөл тавьсан гэж боддог. Тэгээд л С.Жавхлан дуучин болно гэж боддог байлаа. Одоо тэр мундаг хүн шиг дуучин болох замдаа нэг шат алхаж явна гэж бодож байна.
-Э.Ч: Би бүүр хүүхэд байхаасаа л дуучин болох нууцхан мөрөөдөлтэй хүүхэд байсан. Тийм болохоор тэр энэ гэхгүй бүхий л дуучдын гоё дуунуудыг дагаж дуулж, үгийг нь цээжилдэг байлаа. Гэхдээ дуучин болох хүслээ ил гаргаж чаддаггүй, оёж шидэх дуртай болохоор дизайнер болно гэж боддог, заримдаа монгол хэлний багш болно гэж мөрөөддөг байлаа. Гэвч энэ бүхний цаана дуучин болох мөрөөдөл минь намайг огт зүгээр байлгадаггүй, даавуу аваад л урлагийн хувцас оёод л байдаг байсан. МУГЖ Т.Ариунаа эгчийн улаан фэн байсан. Дараахан нь нийтийн дуу эргэн сэргэж дуучин Т.Баясгалан эгчийн дуунууд хит болж байх үед нэг ч удаа тайзан дээр дуулж үзээгүй хүүхэд түүний фэн шоунд оролцох гэж гэрээсээ нуугдаж гараас хотод ирж оролцож байсан. Тэр үед Т.Баясгалан эгчийн дуулсан дуу болгон хит болж байсан үе. Би түүн шиг сайхан дуучин болох мөрөөдөл тэр үед бүр их оргилсон. Харин энэ үед дуучин болно гэсэн итгэлийг өгсөн ачтан бол Ардын жүжигчин Хайдав багш юм. Миний хамгийн анхны алтан медаль энгэртээ зүүсэн тэмцээнд тэрээр шүүгч хийж, намайг заавал СУИС-д ороорой, заавал дуучин болоорой гэж урамшуулсан нь намайг эргэлт буцалтгүй энэ замд хөтөлсөн.
-“Жавхаа ах”, “Баясгалан эгч” гэж та хоёр ер нь их ярих юм. Ямар холбоотой, хэр харилцаатай байдаг вэ?
-Б.Б: С.Жавхлан ах бид дөрвөн жилийн өмнөөс хамтарч ажиллаж байгаа юм. Би хувиараа тайзны хөгжим, гэрэлтүүгийн бизнес хийдэг. Энэ ажлаараа Жавхаа ахтайгаа байнга хамт байж, ойр дотно харилцаатай, хуурай ах дүүгийн барилдлагатай болсон. Тэр цагаас хойш бидэнд уран бүтээлийн зөвлөгөө өгч, зааварлаж ах дүүс болцгоосон. Тэгээд “Насны хайр” хэмээх ард түмний сонсохыг хүсэн хүлээж байдаг дууг нь бид дуулж амьдруулсан. Харин Т.Баясгалан эгчтэй төдийлөн ойр дотно биш ч гэсэн гэмгүй сайхан холбоо харилцаатай байдаг.
-Урлагийн салбарт үнэлэмж их чухал болж л дээ. Урлагийг уран бүтээлийг үнэлэж мэддэггүй хүмүүс их олон байдаг. Та хоёрын хувьд анхны тайз, анхны алга ташилж, бас анхны орлого ямар мэдрэмж төрүүлж байв. Одоо ямар ханштай дуулж байна вэ?
-Б.Б: Би хамгийн анх Горнекийн тайзан дээр дуулаад медаль авсан чинь дараахан нь нэг ресторанд шинэ жилийн арга хэмжээнд дуулуулах урилга ирсэн. 10 жилийн хүүхэд таван мянган төгрөгөөр дуулчихаад бөөн баяр ангийнхантайгаа гарч тоглоом тоглоод, хоол идэж байсан.
-Э.Ч: Миний хамгийн анх олны өмнө гарсан гэвэл Т.Баясгалангийн фэн шоу юм. Тэнд дуулаад маш их сандарч байснаа л санадаг. Дараа нь арван жилийн хүүхэд хирнээ энд тэнд дуулаад л тав, арван мянган төгрөг авдаг болсон. Би багаасаа их биеэ даасан, арвич хямгач хүүхэд байсан болохоор олсон мөнгөө цуглуулж байгаад даавуу аваад л өөртөө төрөл бүрийн тоглолтын хувцас оёж өмсдөг байсан. Хамаагүй зүйлд мөнгөө зарцуулдаггүй байсан. Одоо бол бид хоёр шинэ жилд 500-700 мянган төгрөгөөр л дуулж байна. Тэрнээс их мөнгөөр ч дуулах, эсвэл бага мөнгөөр ч дуулах, зарим нэгэн буяны арга хэмжээнд үнэгүй ч дуулах үе гардаг. Мэдээж тэдэн төгрөг гэсэн хатуу ханш тогтоочихоод суугаад байдаггүй. Мэдээж дуу хийхэд зардал их ордог болохоор дуулуулж байгаа хүмүүс түүнийг ойлгож байгаасай л гэж боддог.
-Та хоёр бусад дуучдаас арай өөр замналаар яваад байх шигээ. Дуучин Б.Болдын анхны тоглолт төрж өссөн Эрдэнэт хотдоо “Би нутагтаа” нэртэйгээр, Харин Э.Чулуунчимэгийнх мөн л төрсөн нутаг Өвөрхангайдаа болж байсан. Энэ удаад 2014 оны эхлэл дээр хамтын уран бүтээлийн анхны тоглолтоо хүргэх гэж байгаа сэтгэгдэлээсээ хуваалцаач.
-Хуульч болсон хүмүүсийг энгийнээр хүлээж авдаг авдаг бол дуучин гэсэн нэрийг өргөж явахын тулд олонд хүргэсэн танигдсан дуунаас эхлээд маш их хариуцлагатай байх шаардлагатай болдог.бид ямар дуу хийсэн бэ, ямар дуу хийх гээд байна вэ гэгчлэн өөрсдийнхөө бүхий л талаараа бусдаас ялгарч байгаа зүйлийг тоглолтоороо харуулахыг зорьж байгаа. Өнөөдөр нийтийн дуучид маш их олширч байна. Ширүүхэн шүүмжилэхэд тайз хүндлэх зүйл алга. Гудамжныхаа хувцастай орж ирээд хүзүүндээ ороолт шидчихээд дуулж байгаа хүмүүс байна. Бид энэ бүхнээс өөр байхыг хичээж, дуугаа, уран бүтээлээ, үзэгчдээ хүндлэсэн хүндлэлээ харуулахыг зорьж байна. Мөн зохиолын дуу, рок поп гэсэн ялгааг байхгүй гэдгийг харуулахын тулд тоглолтондоо поп дива Наран эгч, Харанга хамтлаг, МУГЖ С.Жавхлан, түүнй эхнэр Эрдэнэцэцэг, Ньюанс хамтлаг гэгчлэн уран бүтээлчдээ урьж оролцуулж байгаа. Тэд ч мөн адил биднийг дэмжиж, урам хайрлаж тоглолтонд маань оролцохоор бэлдэж байгаа. Бас тайз засалтыг шинэлэг хийнэ. Бид хоёр энэ удаа 1 сарын 16,17 нд хоёр өдөр тоглож байгаа. Өндөр ханш тогтоогоод нэг өдөр тоглохоос илүү боломжийн үнээр хоёр өдөр тоглож, хамгийн гол нь олонд үзэгчдэд хийсэн бүх уран бүтээлээ хүргэхийг зорьж байна. Өмнө болж байсан зохиолын дууны тоглолтын хэв маягийг эвдсэн тоглолт болно гэж хүлээж байна.
-Та хоёрт амжилт хүсье. Гэр бүлд нь аз жаргал, хөөрхөн охинд нь эрүүл энхийг ерөөе.
-Баярлалаа. Бид хоёр үнэндээ охиндоо цаг зав төдийлөн гаргаж чадахгүй байна. Өвөө эмээ дээрээ л өсч торниж байна. Удахгүй аав ээжийн үүргээ хариуцлагатай биелүүлнээ. Энэ дашрамд уран бүтээлээ хийхэд ар талыг маань найдвартай хариуцдаг хоёр аав, ээж гэр бүлийнхэн, бидний ард ажилладаг хөгжим техникийн баг хамт олондоо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ, дууг маань сонсдог эрхэм монголчууддаа ирж яваа шинэ оны мэндийг танай сэтгүүлээр дамжуулан хүргэж байна. Танай сэтгүүлийн хамт олонд мөн ажлын өндөр амжилт хүсье.
Зочин · 2014/01/14
ene hvvhen n ih ***** bi nuhriinhuu tariig erthen tanilaa bid 2 salj bga geed l yriltslaga uguud ywaad bdag ****** hvvhen ba lee ger bvliinhee hervvl margaaniig olon niitiin heregseleer tsatsaad l ***** hvvhen s****gui bsiin bol yah gej tegj yrij ywdag bnaa ichmeer ym ***** hvvhen