ГОВЬ-АЛТАЙД СОНГУУЛИЙН НЭРЭЭР “АЛТНЫ ДАЙН” ЗАРЛАЛАА

“Сувгаа битгий солиорой” гээд сэтгүүлч хүү их л сайхан нэвтрүүлэг хөтөлдөг байж билээ. Тэр бол Ч.Сайханбилэг. “Овоо сайн сэтгүүлч болох нь ээ” гэж миний хувьд дотроо дэмжиж явсансан. Удалгүй тэр сувгаа солих нь битгий хэл суудлаа солиод зүтгэчихсэн. Тэр нь улс төр. Өнөөдөр тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд төрийн сайд болчихсон. Сонгуульд, хуулийн дагуу өрсөлдөөд ялчихсан бол яая гэв. Тэрбээр ард түмнийхээ итгэлийг даахгүй гэдгээ мэдээд 2012 оны сонгуульд “Намын нэрсийн жагсаалт” гэгч луйвраар УИХ-д орж ирсэн. Ардчилсан намын жагсаалтаар нэр дэвшигчдийн дөрөвдүгээрт нэрээ бичиж байгаад УИХ-ын босго алхсан.

“Луйвраар” гэж хэлснээ баталгаажуулмаар байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулийн нэг заалтыг авахад л хангалттай. Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 2-т  “УИХ-ын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн байгаа. Ч.Сайханбилэгийг ард түмэн шууд сонгосон уу. Үгүй. Намын нэрсийн жагсаалт гэгч шууд бус аргаар сонгосон. Ард түмэн саналаа нууцаар гаргаж чадсан уу. Үгүй. Нэрээ ил бичиж байгаад сонгогдсон нэр хэмээсэн. Ингэж луйвар хийгээд зогссонгүй тойргуудад өрсөлдөж гарч ирсэн хүмүүсийнхээ “толгой дээгүүр алхаад” төрийн сайд болчихсон байгаа. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг тэргүүтэй хэсэг бүлэг хүн, ард түмнийхээ итгэлийг хэзээ ч хүлээж чадахгүйгээ мэдээд ийнхүү луйвар хийсэн юм. Үндсэн хуулийн заалт хүчин төгөлдөр байгаа цагт, ямар ч хууль дүрэм үүнтэй зөрчилдөх ёсгүй. Үүнийг Үндсэн хуулийн Цэц манаад сууж байх учиртай. Тэр “манаа”-нуудын байгаа царайг! Үндсэн хууль зөрчсөн энэ мэт өчнөөн луйврыг хараад, юу ч болоогүй юм шиг өндөр цалин хангамж хүртэж суугаа. Намын нэрсийн жагсаалт гэгчээр гарч ирэгсэд, тэдний дундаас Ч.Сайханбилэгийн загнаж байгааг бид өдөр бүр телевизийн дэлгэцнээс харж байгаа. Дэндүү даврах юм даа. Ч.Сайханбилэг, Н.Батбаяр, Д.Ганхуяг нарын хэдэн сайд цөөнхөө үг хэлүүлэхгүй шахам загнадаг байсан бол сүүлийн үед байнгын хорооны дарга, цөөнхийн бүлгийн даргаа хүртэл загнадаг болсон. Хамгийн сүүлийн баримт гэхэд энэ нэгдүгээр сарын 14-ний оройн “УИХ-ын чуулганы тойм” нэвтрүүлгээр сайд Ч.Сайханбилэг, цөөнхийн бүлгийн даргыг “Чалчиж болохгүй шүү! гээд загнаж байх юм. Арай ч дээ. “Сайханбилэг хүү сагаж орхижээ” хэмээн би дэргэдэх хүмүүстээ ярьж суулаа.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, түүний эрх баригчид хувийн ашиг сонирхлын үүднээс юу ч хийхээс буцахгүй болжээ. Орон нутгийн 2012 оны сонгууль өнгөрөөд өнөөдөр жил гаруй хугацаа өнгөрч байхад Ардчилсан намынхан, Засгийн газар “Говь-Алтайн сонгууль” гэгч шинэ зүйл гаргаж ирлээ. “Шүүхийн шийдвэр”-ээр гэнэ. Жил гаруйн дараа шүү дээ. Өнөөх тангараг өргөсөн шүүгчид, мөн шийдэв ээ?! “Төрийн албыг төрлийн алба” болгосон шүүх, прокурор хуулийнхан маань хэзээ эрх баригч нам, Засгийн газраас хараат бус болох юм бэ?! Шийдвэр гаргасан шүүгч гэдэг маань Монгол Улсын төлөө биш, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Ч.Сайнбилэг нарын хэсэг бүлэг хүнд л үйлчилсэн байна шүү дээ. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суман дахь Говийн их дархан цаазат газар бол хэзээнээс нааш шуналтны шүлсийг гоожуулж ирсэн газар нутаг л даа. Даанч дархан цаазтай газар нутаг, тэгээд ч нутгийнхан нь амь шигээ хайрлаж ирсэн учир хөндөгдөлгүй өдий хүрсэн. Гэтэл сүүлийн үед эндэхийн алтны ордуудад шунасан хүмүүс янз бүрийн аргаар эзэмших арга хайх болсон нь нууц биш. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2013 оны есдүгээр сарын 18-нд Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярт “Улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлын хүрээнд говийн их дархан цаазат газар, говийн бага дархан цаазат газруудын зарим газрыг улсын тусгай хамгаалалттай газраас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Дээрх ажлын хүрээнд хавсралтад дурдсан газруудын хил зааг, оршиж байгаа аймгийн хувьд улсын тусгай хамгаалалтаас тухайн газрыг гаргахтай холбогдсон асуудлаар саналаа яаралтай ирүүлнэ үү” гэсэн бичиг илгээж байв.

Ш.Амгаланбаяр дарга, Эрдэнэ сумын ИТХ болон говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны анал дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөхгүй гэсэн хариу өгчээ. Тасалж авах гээд байгаа “А” хэсэгт нь “Хатан суудал”-ын алтны илрэл, “Талын мэлтэсийн” алтны хүдрийн ордууд багтдаг юм.

Эдгээр орд газрын алтыг эрж хайх, ухаж ашигласнаар дархан цаазат газрын хөрс ус шавхагдах, дэлхийд ховор ан амьтад нь дайжиж устахаас эхлээд ямар их хор хохирол учирч болохыг нутгийн удирдлагууд олон зүйлээр тайлбарласан байна. Энэ санал, мэдээж Сайханбилэгтнүүдийн санаа бодолд таараагүй нь мэдээж. Иймээс эрх баригчид орон нутгийн удирдлагыг “сонгууль” нэрээр өөрчилж санасандаа хүрэх гэсэн нь хэнд ч ойлгомжтой байна.

Энэ хуйвалдаандаа “шүүхийн шийдвэр” гэгчийг гол үндэслэл болгож. Хэрвээ дахин сонгуульд Ардчилсан нам ялвал Говийн их, бага дархан цаазат газрууд маань тоногдон тоногдсоор нэг л мэдэхэд устаж үгүй болсон байх юм байна. Тэр алтны болон ашигт малтмалын бусад орд газрыг Ч.Сайханбилэг, Ч.Сайнбилэг нар өөрсдөдөө юу, эсвэл аль нэг хамаатан садан, танил талдаа юу, юутай ч өгч авалцах нууц хуйвалдаан хүчээ авч байгаа бололтой. Хайран газар нутаг минь! Харийнхантай ханьсан сүлбэлдсэн хэсэг бүлэг хүн, Монголын газар шороо, эрдэнэс баялгаар  минь тоглоод дуусах юм гэж үү.

Г.ЖАМЪЯН      /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/