Монгол Ардын Намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VI чуулган Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Уг чуулганы хуралдаанаар НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж шинэ удирдлага тодрох юм. НАМЭХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсон. Тиймээс шинээр тодрох Ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ундармаа нар нэр дэвшжээ.

Энэхүү чуулганыг нээж НАМЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунхорол тайлан илтгэл тавьж, МАН-ын дарга М.Энхболд намын үйл ажиллагаа, бүтэц дүрмийн талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, намын бүлэг өнөөдөр УИХ-д цөөнх байгаа ч үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, зөвхөн нам, намын эрх ашиг гэж харахгүйгээр бодлого чиглэлээ улс орны нийгэм эдийн засгийн амьдрал руу хандуулж ажиллаж байгааг онцолсон юм.  

МАН-ын дарга М.Энхболд: "Монгол Ардын Нам XXVII Их хурлаараа удирдлагаа шинэчлэн, дүрэм мөрийн хөтөлбөрөө шинэчлэн батласан. Их хурлын дараа Монгол Ардын Намын дэргэдэх төрийн бус байгууллагууд чуулганаа зарлан хуралдуулдаг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор НАМЭХ хамгийн түрүүнд чуулганаа зарлан хуралдуулж байна. НАМЭХ хуралд 267 төлөөлөгч сонгогдсоноос 215 ирж 81 хувьтай зургадугаар чуулган хуралдахаар эхэллээ. НАМЭХ дүрмээ шинэчлэн баталснаар бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч сонгож, тэдгээр эмэгтэйчүүд намын бүс хариуцсан нарийн бичгийн дарга нарын адил бүс хариуцаж ажиллана" гэлээ.

Х.Даваа