Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтсон юм.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх босгын хэмжээг өнөөгийн эдийн засгийн өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан өөрчлөх шаардлага бий болжээ.

Анх 1998 онд баталсан НӨАТ-ын тухай хуулиар борлуулалтын орлого нь 10 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгжүүд энэ төрлийн татвар төлөхөөр  тогтоож, өнөөг хүртэл өөрчлөлгүй мөрдөж ирсэн билээ.

Энэхүү шинээр боловсруулсан хуулийн төсөлд НӨАТ-ын босго хэмжээг 50 сая, сайн дураар бүртгүүлэх босгын хэмжээг 10 сая болгон өөрчилсөн байна. Босгыг ийнхүү өндөрсгөснөөр татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь НӨАТ-ын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөх юм.

Сангийн яамнаас хийсэн тооцоогоор 2013 оны жилийн эцэст нийт НӨАТ төлөгчдийн дийлэнх нь 50 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсын эдийн засаг хэд дахин тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ, бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого ч тухайн үеэс ихээхэн өссөн. 2000 онд ДНБ-ий хэмжээ 1.2 их наяд, татварын орлого 222 тэрбум төгрөгбайсан бол 2013 онд ДНБ-ий хэмжээ мөн үеэс 14 дахин, татварын орлого 23 дахин өссөн байгаа.

Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжээс төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох өөрчлөлт оруулсон аж. Гэхдээ энэ нь уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хамааралтай хөнгөлөлт юм.

Энэхүү хуулийн төслийг өргөн барьж, батлуулснаар татвар төлөгч жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 50 орчим хувь нь НӨАТ-ын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, падаан цуглуулах үйл ажиллагаанаас чөлөөлөгдөх давуу талтай.

Х.Даваа