Уул уурхайн хариуц­лага­гүй үйл ажиллагаа, олборлолтоос болж өмнө, зүүн, баруун хязгаарт Монголын минь газар нутаг сүйдэж орвонгоороо эргэж байна. “Нүүрс ухсан газар хоёр нүдийг нь ухсан хохимой толгой шиг болж, алт ухсан газар алаг хэвлийг нь хүйлээд хаясан үнээ мэт болдог” гэж Ардын уран зохиолч Т.Галсан гуай яасан үнэн хэлээ вэ.

Сэтгүүлч бид уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй газар нутагт очих бүрт ийм л дүр төрх харагддаг. Өмнөговь аймгийн Гашуунсухайт дахь Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд нүүрс тээвэрлэлтийн автомашины урт дараалал хоёр км-т үргэлжилж дээр дооргүй  бөөн асуудал болж байсныг “Зууны мэдээ” сонин “Цагаан хадны бужигнаан”, Сүхбаатарын Эрдэнэцагаан суманд хятадууд эзэн сууж, 33 уурхай газрын хэвлийг нь  зоосны нүхээр тамгалсан мэт өрөмдөж сүйрүүлснийг  “Сүхбаатарын Эрдэнэцагаан сум сүйрлийн ирмэгт”,  “Ховдын Хөшөөт Цагаан түнгийг хоёр дахь Цагаан хад болгохоор сонгожээ” зэрэг цуврал нийтлэлүүдээрээ хүргэ­сээр байгаа билээ.

Энэ удаа алс баруун хязгаарт орших Ховд аймгийн Үенч сумын  Цагаан түнгэ багт Хөшөөтийн уурхайд эзэн суусан Хятадын “Мо Эн Ко” компани экспортод гаргах нүүрсний хэмжээг ихэсгэх, хяналтаа сайж­руулах зорилгоор Гаалийн хяналтын бүс байгуулсан нь иргэд, малчдын эсэр­гүүцэлтэй тулгараад буй. ТВ9 телевиз, “Зууны мэдээ” сонин нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.

 

ЦАГААН ТҮНГЭД МӨН Л НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН АВТОМАШИНЫ УРТ ДАРААЛАЛ ҮҮСЧЭЭ

 

 

Ховд аймаг Үенч сум

Цагаан түнгэ Гаалийн хяналтын бүсэд нүүрс тээвэрлэлтийн автомашины урт дараалал үүсчээ . 2018.05.13

 

“ТВ9” телевиз, “Зууны мэдээ” сонины  сурвалжлах баг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Ховд аймгийн Үенч суманд ажилласан юм. Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэр дэх Хөшөөтийн уурхайн Гаалийн хяналтын талбай үйл ажиллагаагаа эхлээд арав хүрэхгүй сар болж байна. Гэвч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, нүүрсний тортог салхины аясаар 10 км-т тархаж газар нутаг, хүн, малгүй  хөө тортогт дарагдаж эхэлжээ. Түүнчлэн Гаалийн хяналтын талбайн нэг хаалганы гадна нүүрс ачсан хүнд даацын автмашин нүүрсээ буулгахаар, нөгөө хаалган дээр нь буулгасан нүүрсийг ачих гэж дугаарласан автомашинуудын цуваа үргэлжилсэн байв. Мөн Гаалийн хяналтын талбай дотор ачилт буулгалт хийх үед нүүрсний тоосжилт, тортог Гаалийн хяналтын хашаанаас давж боссон байв. Уг нь тус компани нүүрсний тоосжилтыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан технологийн дагуу хяналтын хашааны өндрөөс дээш давуулахгүйгээр бороожуулж, мананжуулна гэсэн хэдий ч ганцхан машин ажиллаж байгаа нь стандарт зөрчиж байв. Өмнийн хязгаар дахь  Цагаан хадных шиг нүүрс тээвэрлэлтийн урт цуваа алс баруун хязгаарт бий болжээ. Энд бүртгэлтэй 38 компанийн 200-300 орчим автомашин тээвэрлэлт хийж байгаа юм байна. Өмнө нь Хөшөөтөөс шууд Ярантын боомтоор нүүрсээ гаргахад долоо хоногтоо 2-3 эргэлт хийж, ямар ч дараалалгүйгээр хил гардаг байсан. Харин Цагаан түнгийн Гааль дээр пүүлдэг болсноос хойш дараалал үүсч нэг удаагийн тээвэрлэлт хийхэд 2-3 хоног дугаарлаж долоо хоногт нэг юм уу, хоёр удаагийн эргэлт хийж байна.  Өмнө нь нэг тээвэрлэлтээс хоёр сая төгрөг авдаг байсан бол одоо нэг сая төгрөг авбал их юм болж байна гэж жолооч нар ярьсан юм. Одоогоор хилийн зөвшөөрөлтэй машинууд нь нүүрсээ буулгачихаад нөгөө талын хаалганд дахин ачихаар дугаарладаг бол зөвшөөрөлгүй машинууд нь Хөшөөтийн уурхай руу дахин нүүрсээ ачихаар буцдаг.Цаашид тээвэрлэлтийн машины тоо нэмэгдэж 500-800 хүрэхээр байгаа. Энэ тохиолдолд дугаарлалт нэмэгдэх байх. Ингэж ачиж, буулгаж хоёр ажил болгож буй нь хэн нэгний ашиг сонирхол бий гэсэн юм. Биднийг сурвалжлага хийх үед Гаалийн бүс үйл ажилагаагаа зогсоосон байв. Гаалийн хяналтын бүсийн Захиргаа руу орох зөвшөөрөл хүссэн боловч дарга нар байхгүй гээд оруулсангүй. Учир байдлаа хэлсний дараа Захиргааны ахлах ажилтан Ш.Мягмарсүрэн, тус хяналтын бүсийн нүүрсний талбайн орлогч менежер Т.Болдбаатар нартай уулзсан юм. Сая ажиллаж байснаа яагаад үйл ажиллагаагаа зогсоосон юм бэ гэж асуухад  “Бид мэдээлэл өгөх эрхгүй. Салхитай үед ажилладаггүй, тиймээс зогсоосон” гэв. Мананжуулагч нь стандартын шаардлага хангахгүй байгаа талаар тодруулахад одоогоор нэг машин ажиллаж байна. Цаашид суурин манан­жуулагч машин суури­луулна гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Ачилт, буулгахыг зогсоосонд жолооч нар бухимдаж байлаа. Тэд өглөө салхи шуургатай, ажиллаж байснаа бичлэг, сурвалжлага хийгээд эхлэхээр зогсоож байгаа юм гэлээ. Тэдний яриагаар бол өнөөдөр нэгэнт зогссон бол хоёр хоног ажиллахгүй гэж байв. Дугаарласан цувааны арав дээр байсан жолооч “Би тав дахь өдөр ирж  дугаарласан. Өнөөдөр бүтэн сайн өдөр. Маргааш ажиллахгүй гэхээр дөрөв хоног болох нь” гэж байв. Жолооч нар хил руу шууд ачилт хийхийг шаардсаар үлдсэн. Бид маргааш нь буюу нэг дэх өдөр /05.14/ Үенч суманд ажиллаж байхад тус Гааль ажиллаагүй хэвээр л байлаа. Сумын төвөөс уг Гаалийн бүс харагддаг юм билээ. Ажиллаж байвал андашгүй тоосжилт, тортог нь сумын төвөөс харагддаг гэж иргэд ярьж байлаа.

 

ЦАГААН ТҮНГИЙН ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН  ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ХУУЛЬ БУС

 

Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан нь сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолд заасан аж ахуйн нэгжид  газар эзэмшүүлэх газрын нэршлийг өөрчилж аймгийн ИТХ-д оруулж батлуулсан. Аймгийн Засаг даргын захирамж мөн өөрчилсөн нэршлээр гарсан. Үүнээс болж “Мо Эн Ко” компанийн Цагаантүнгэ  багийн нутаг дэвсгэрт байгуулсан “Гаалийн хяналтын бүс” асуудал дагуулж байна. Тогтоолын үгийг өөрчилснөөс болж малчид малаа бэлчээрлүүлэх газар нутаггүй болж голын ай сав дотор уул уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн, урт нэртэй хууль зөрчсөн, Хөшөөтөөс нүүрс тээвэрлэж буй хүнд даацын автомашины тоос тэнгэр баганадаж үзэгдэх орчин хязгаарлагджээ. Мөн гаалийн хяналтын бүсэд  нүүрс буулгаж, ачсанаас болж нүүрсний тортог  байгаль орчин бохирдуулсан зэрэг олон сөрөг нөлөөлөл үүсч малчид бухимдаж байгаа юм. Учир нь 2017 оны зун сумаараа зусландаа гарсан эзгүй хойгуур сумын засаг дарга Э.Уртнасан долдугаар сарын 25-нд  Цагаан түнгэ багийн ИНХ-ыг хурлын дарга Л.Пүрэвжавтай хуйвалдан нэр бүхий 11 хүнтэйгээр түүний өрөөнд хуралдсан аж. Тус хуралдаанд “Мо Эн Ко” компанийн гаалийн хяналтын талбайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг иргэдээр дэмжүүлэх асуудлыг хэлэлцэж баталжээ. Багийн ИНХ-аас санал авсан учраас энэ асуудал сум, аймгийн ИТХ-аар төвөггүй дэмжигдсэн байдаг. Гэтэл тус баг 300 -400 орчим малчинтай. ИНХ-ын ирц 10 хүн тутмаас 3-4 хүн оролцож байж  хүчин төгөлдөр гэж үздэг. Тэгвэл энэ хурал хууль бус, тогтоол нь хуурамч  гэдгийг багийн иргэд болоод,тус багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Батсүх ярьсан юм. Тиймээс сум, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол ч хууль бус, аймгийн Засаг даргын захирамж ч хууль бус гэдгийг олон хүн ярьж байсан. Ядаж хуурамч захирамж гаргахдаа  Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 27 дугаар тогтоолд дурдсан Цагаан түнгэ багийн Улаан үзүүрийн хүнд даацын авто замын дагуу морин уралдааны замаас урагш гэж заасан тэр газар нь өгсөн бол Үенч голоос 17 км хол болох байв. Түүнчлэн сумын хадлангийн талбайн газраас зайдуу, адуу, малын гүйдэл усалгааны зам дайруулахгүй байх боломжтай байсан гэлээ. Гэтэл хуурамч тогтоолын нэршлийг Хөрс ШТС-ын дэргэд гэж өөрчилж  өгсөнөөс болж Үенч голд 1.3 км-т оройтсон нь ийнхүү малчдын эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэ тухай мэдээллийг ТВ9 телевизийн 19:30 цагийн мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй.

 

 

 

Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 33 уурхай ажиллаж мал, амьтан бүү хэл хүн амьдрах аргагүй болжээ.

2018.05.13

 

 

Өмнөговь аймаг Гашуун сухайт

Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь Цагаан хадны Гаалийн хяналтын бүс байгаль орчныг сүйтгэсээр байна.

 

Үргэлжлэл бий.

 

Ц.Мягмарбаяр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин