Б.Жаргалсайхан:Төрийн ордон дотор орж суугаад чихэртэй хар цай ууснаар улстөрч болчихдоггүй юм
2014/01/21
АН-ын бүлгээс Улс төрийн намын тухай хуульд парламентад суудалгүй намуудыг татан буулгах тухай заалт оруулахаар ярьсан нь нийгэмд багагүй долгион үүсгэлээ.
Парламентад суудалгүй намуудын дарга нар энэ асуудлаар хэд хэдэн удаа уулзаж, унтаа байдлаасаа гарах талаар зөвлөлдөв. Намууд байр сууриа нэгтгэн АН-д шаардлага хүргүүлж, Ерөнхийлөгч болон Үндсэн хуулийн Цэцэд хандах талаар ярьсан саяхны нэг хурал дээр БНН-ын дарга Б.Жаргалсайхан бусаддаа сургааль айлдаж, “хичээл заасан” гэж болно. Энэ үеэр зарим нь түүнийг Жагаа жижиг намуудын дарга нарт томров хэмээн явуулж байлаа. Түүний яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.
ЖИЖИГ НАМ ГЭХ ЮМ, БИД ҮҮРЭГТЭЙ ШҮҮ…
Жижиг нам л гэх юм. Тэр чинь нийгэмд ихээхэн рольтой юм шүү. Сонгуулийг шударга явуулах, соёлтой улс төрийн өрсөлдөөн, мэтгэлцээнийг өрнүүлэх, улс орныг хөгжүүлэх чиглэлд өөрсдийн үзэл санааг хэлж, дуугардаг. Бид хэрэгтэй зүйл ярьдаг. БНН-аас гэхэд л төрд байгаа нөхдүүд олон юм хулгай хийсэн шүү дээ, МАН, АН хоёр. Цалин нэм гэж бид хэлсэн. Нэмэхгүй гэж хашгирч байснаа дараа нь нээрээ нэмэх ёстой юм байна гээд нэмсэн. Ашигт малтмалын хууль гэж бүгдийг нь гадныханд өгдөг хуультай байсан. Бид бүгдийг нь өөрчилж засч өгсөн. Аж үйлдвэржих хуулиудыг бүгдийг нь гаргаж өгсөн. Тэгэхээр жижиг гээд байгаа энэ намууд чинь рольтой байгаа биз дээ. Заавал төрийн ордон дотор орж суучихаад чихэртэй хар цай уухаар өөрийгөө улс төр хийж байна гэж бодвол тэр буруу. Харин парламентын гадна байгаа намууд нийгэм дэх байр сууриа бэхжүүлж, үзэл бодлоо ойртуулж, олон нийтийг ардчилсан нийгмийг байгуулах үзэл бодлынх нь хувьд төлөвшүүлж өгөх чухал юм. Манай улс “өлгийтэй хүүхэд” шиг ийм л ард түмэнтэй улс шүү дээ. Улс төрийн боловсрол алга, соёл алга, ахуй амьдралынх нь нөхцөл байдал хүнд байна. Тэгээд сонгууль гэдэг юмыг зүгээр л авч иддэг кампанит ажил болгочихсон байна. Гурван хуушуур аваад өгвөл энэ ямар сайн ах вэ гээд сонгох жишээтэй. Түүнээс намуудын үзэл баримтлалыг дагаж, үнэмшээд, тэднийг шүтэж бишрээд байгаа юм байхгүй. МАН-ын хувьд сүүлийн 18-19 жил улс төрийн тавцанд ноёлсон ганцхан арга бий. Тэр нь сонгуулийн дүнг засварлаж, худал мэдээлэл зарлаж, сонгуулийн дүнг булхайцдаг. Одоо сонгуулийн хэсгийн хороон дээрээ булхай хийхээ больчихсон шүү дээ. Зүгээр л сонгуулийн дүнг зарлахдаа шууд солиод зарлачихаж байна. Яагаад гэхээр саналын хуудсыг тоолох хүн байхгүй. Одоо бүр цайчихсан.
ПАРЛАМЕНТЫН ГАДНАХ НАМУУД ИДЭВХГҮЙ БАЙНА
Парламентын гаднах намууд дуугарахгүй байна. Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөхөд идэвхтэй оролцож, өөрсдийн байр суурийг олон нийтэд мэдээлж ойлгуулах хэрэгтэй. Чимээгүй суугаад, хааяа хуралдахаараа баахан юм ярьчихаад алга болоод өгдөг. Мэдээж ардаа бүгдээрээ л ажилтай шүү дээ. Гэхдээ л улс төрийн ажлаа бүгдээрээ идэвхитэй хийх хэрэгтэй. Манайд олон намын систем хэзээ хэрэггүй болж алга болох вэ гэвэл хөгжлийнхөө тодорхой орилд хүрээд нийгэмд улс төрийн орон зай багасч улс төрчид нь хариуцлагатай, шударга, зарчимтай болж, улс орон хөгжиж, хүн амын сарын орлого нь 3-4 мянган ам.долларт хүрсэн нөхцөлд магадгүй иргэд улс төр сонирхохгүй болчихож болох юм. Гэтэл өнөөдөр тэр хэмжээнд очоогүй байна. Ядуурал, ажилгүйдэл газар авсан. Архидан согтууралт их байна. Авлигын асуудал дуусахааргүй байгаа. Улам л нэмэгдэж байгаа. Ёс суртахуунаа улам уландаа гишгэж байгаа, нууц биш. Улаанбаатарын утааны асуудал, иргэдийн эрүүл, аюулгүй энх тунх амьдрах боломж нөхцөл ямар байгаа билээ. Тийм учраас энд улс төрчид дуу хоолойгоо нэгтгэж, дуугарах хэрэгтэй. Энд парламентын гаднах намууд байр сууриа илэрхийлэх учиртай болов уу. Миний түрүүнд хэлсэнчлэн заавал Төрийн ордон дотор орж,аяга чихэртэй хар цай уучихаар л улс төрч болчихдог юм биш. Тэгж ойлгоод байгаа бол тэр буруу.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭН ТӨРИЙН ОРДОНД ТАРВАЙЖ ХЭВТДЭГЭЭ БОЛИМООР ЮМ
Харамсалтай нь манай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Төрийн ордон дотор өвөлжиж, намаржиж, хаваржих юм. Бүгдээрээ тэнд л хэвтэж байдаг юм билээ. Ерөөсөө гадуур гарч, улс орон, нийгмийн асуудлыг эрэлхийлдэггүй. Тарвага, туулай шиг тэнд л хэвтэж байдаг. УИХ-ын хэдэн гишүүнээс ярилцлага энэ тэр авдаг, нөгөөдүүл нь ярих юм байхгүй юм чинь яах юм бэ, жаахан худал зална. УИХ гэж нэг ажилгүй байгууллага байна. Нэг хэсэг нь баахан хууль гаргадаг, нөгөө хэсэг нь гарч ирээд өөрчлөх гэж баахан юм болдог. Өөр хийж байгаа юм байхгүй. Засгийн газар бол ойлгомжтой шүү дээ. Зүгээр л өрийн “бөөс”. Одоо яаж өрнөөс гарах юм, 18 миллиард ам.долларыг хэзээ хэн төлөх юм бүү мэд. Хариуцлагагүй ганц, хоёр хүн, тэгэх тусмаа АН-ын гишүүн ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнолын эсрэг дуугарч байгаа бол тэр нөхдүүдтэй хэдүүлээ хатуу тэмцэнэ ээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, бүх сувгаар хандана шүү. Хариуцлагагүй, авлигач хоёр нөхрийн үгээр бүх асуудлыг шийднэ гэж байгаа бол, тийм юм байхгүй. Энэ асуудлаар манай намууд нэгдэж, хатуу эсэргүүцэл хийх хэрэгтэй. Бууж өгөөд, айж эмээгээд шарвалзаад байх хэрэггүй шүү дээ.
ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙХАД ГАНЦ БНН ДУУГАРСАН ШҮҮ
АН долдугаар сарын 1-ний цуглааныг зохион байгуулсан. Тэрийг нь МАН-ынхан өлгөж авч эмх замбараагүй байдалд оруулсан. Тэгээд иргэдийг шоронд олноор нь хийж, дөрвөн залуугийн амь насыг хохироож байхад аль нам дуугарч, өмөөрч байсан юм бэ. Миний ойлгож байгаагаар БНН л өмөөрсөн байх даа, гудамжнаас. Хүний эрх зөрчиж байна гэж байгаад. Одоо тэгээд зарим хүн дарга болоод авсан чинь хүний эрх хэрэггүй болчихсон уу. Тийм учраас намуудыг уриалахад та нөхөд минь улс төрийн ажлаа жаахан идэвхитэй хий. Өөрсдөө ерөөсөө улс төрийн ажил хийдэггүй юм байна лээ. Телевиз, радио, сонин хэвлэлээр ерөөс улс төрийн өгүүлэл, нийтлэл, байр суурь, үзэл баримтлал гээд юу ч гаргадаггүй юм байна лээ. За тэгээд сонгууль болохоор хаана хэнтэй очиж наалдаж байгаад гишүүн болоод авах вэ, яаж хандив авчих вэ гээд гүйгээд байдаг юм байна лээ. Тэрийгээ болих хэрэгтэй. Намууд эвсэл болж сонгуульд орж болно. Гэхдээ үзэл баримтлалаа бас нэг ойр болгосон нь дээр байлгүй дээ. Юуны төлөө яах гэж улс төрд орж байгаа юм бэ. Дахиад коммунизм, социализм байгуулах юм уу. Ямар учиртай, яах гэж нэгдэх гээд байгаагаа бас бодолцмоор юм билээ. Мэдээж улс орныг хөгжүүлэх олон гарц, арга бий. Хятад улс эдийн засгаа яаж өөд нь татав. Ямар нийгэм, улс төр, эдийн засгийн арга хэмжээ авч хэрэгжүүлэв. ОХУ –ын эдийн засаг яаж явж байна. Сонголтууд зөндөө байна шүү дээ. Социалист замаар хөгжих үү, эсвэл хөрөнгөтний замаар хөгжих үү. Бүр зэрлэг хөрөнгөтний замаар хөгжих юм уу. Үгүй бол төрөөс зохицуулалттай эдийн засгийн тогтолцоогоор хөгжих үү. Эсвэл Япон, Солонгос шиг хөгжих юм уу, улс төрийн тогтолцоо нь. Ингээд мэтгэлцээд яриад байвал зөндөө юм бий.
МАН АВЛИГАД ӨРТСӨН, АН ТЭДНИЙ МУУГ СУРСАН, МАХН БҮТЭХГҮЙ НӨХДҮҮДТЭЙ
Манай энэ төр барьж байгаа намууд тааруу шүү дээ, үнэн хэрэгтээ. МАН бол хэцүү, хэцүү. Бүгдээрээ авлигад өртчихсөн, нэр, нүүр царай гэж байхгүй. МАХН байна, хуучин намын нэрийг зүүсэн бас л хэдэн бүтэхгүй нөхөр. АН-ын хувьд ч гэсэн ах намаасаа муу юмыг нь сайн дууриаж байгаа. Сонгуулийг яаж луйварддаг вэ, яруу тодоор харуулж байгаа шүү дээ, нууц биш. Одоо тэгээд ийм юмыг энэ чигээр нь явуулаад байвал нэг өглөө сэрэхэд энэ улс орон, нийгэм, улс төрийн том хямрал руу шилжинэ. Хаяанд нь ирчихсэн байгаа, тэртэй тэргүй. Бид тайвшраад л, ажилгүй болчихлоо, одоо улс төр хийхээ болъё гэж байгаа бол болохгүй. Эхлээ ч үгүй байж бууж өгөхөд яарч яах юм бэ, тийм биз. Бидэнд хийх ажил их бий. Намуудын тухай хууль боловсруулах гэж байна, түүнд оролцъё. Манай намын санал бол намууд гишүүнчлэлгүй болъё гэж байгаа. Намын төв аппаратууд гишүүнтэй байж болно.
НАМЫГ ГИШҮҮНЧЛЭЛГҮЙ БОЛГОЁ
Сонгодог утгаар нь аваад үзэхэд Америк, Европод намын гишүүнчлэл байхгүй. Хуучин социалист бөгөөд коммунист орнуудад л намын гишүүнчлэл гэж байсан. Зах зээл хөгжсөн, ардчилсан орнуудад намууд хэн олонхийн санал авсан нь төр барих эрхээ авдаг. Тэрнээс биш хэн олон гишүүнтэй нь төр барьдаг тогтолцоо зөвхөн тоталитар нийгэмд л байсан. Одоо бид түүнийг үргэлжлүүлээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ байдлыг болиулахгүй бол хөдөө орон нутагт аав нь нэг намд, ээж нь нөгөө намд, хүүхдүүд нь өөр намд, эмээ өвөө нь бас нэг өөр намд байх жишээтэй. Зарим нь 10 намын батлах аваад өвөртөлчихсөн, аль ирсэн нь манай нам, хандив өргөсөн нь манай нам гээд зогсч байх жишээтэй. Ийм ёс суртахуунгүй явцгааж байна шүү дээ. Тиймээс улс төрийг засварлах, нөхөн сэргээх, засан тохинуулах ажилд жижиг намуудын үүрэг маш чухал. Яагаад гэвэл, жижиг гээд байгаа энэ намууд чинь бас чиг гэж эвдэрчихээгүй, ааш зан нь хувирчихаагүй, авлига тэгтлээ аваагүй, зарим нь ааш муутай байж магадгүй ч тэр засагдах зүйл, бодит байдал ийм л байгаа. Тиймээс Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн өөрчлөх асуудалд хэдүүлээ идэвхитэй оролцъё.
САНАЛЫН ХУУДАСНЫ ХЯНАЛТЫГ АРД ТҮМЭНД ӨГЬЕ
Сонгуулиар саналын хуудасны хяналтыг ард түмэнд өгье, төрийн мэдэлд биш ард иргэдийн мэдэлд өгье. Тайланд шиг сонгуулиа нээлттэй хийдэг болъё л доо. Тэнд хэн ч очоод тоолдог. Манайд бол зүгээр л луйварын сонгууль болж байна шүү дээ. Тэгэхээр сонгуулийг ил тод болгох асуудалд намууд нэгдэж идэвхитэй оролцооч ээ. Намуудыг шинэчлэх асуудал бас байна. Аяндаа нэгдэх нь нэгдэж, алга болох нь болно шүү дээ. Тиймээс гишүүнчлэлгүй болгох нь зүйтэй. МАН, АН гээд хоёр хувааж ард иргэдээ гишүүнчлээд байна шүү дээ. Тэгээд зарим нь ямар нэгэн байдлаар тэтгэмжид хамрагдах юм байна гэж итгээд гишүүнийх нь үнэмлэхийг авчихсан. Тэрнээсээ салдаггүй. Залуу үеийнхэн АН-д л орчихвол албан тушаал авч, үсэндээ тос түрхэж гоё самнаад, нэг костьюмны тасархай олоод өмсчихвөл хэлтсийн дарга, яамны мэргэжилтэн хийчихнэ гэж горьдоод явж байдаг. Тийм л зорилгоор намын гишүүн болж байна шүү дээ. Тэрнээс биш ардчиллыг жинхэнэ утгаар нь ойлгож, мэдрээд түүний төлөө тэр намд элсээд байгаа залуу хүн байхгүй байх. Яаж бизнес хийх вэ, яаж гадагшаа явах вэ, яаж албан тушаал авах вэ гэж л намын гишүүн болж байгаа харагдана лээ. Бодит байдал ийм л байна. Ийм байхад бид яаж хөгжих вэ.
Тэмдэглэсэн С.Бая
Зочин · 2014/01/23
uneniig ni l helsen bna tom jijig gedegtei bish baih aa
Зочин · 2014/01/23
Uuruu gishuun ch bsan, said ch bsan hun. yu hiij giiguulsen yum bol doo?
Зочин · 2014/01/22
Яг л үнэнийг хэлж дээ. АН -ын толгой том данхар байж болох байх,харин ардчилалаас ухарч том толгой гаргаж болохгүй.АН авилгалтай тэмцэхгүй на******дтай тэмцэнэ гэж юу яриад байнаа.Одоо бүр сүүлдээ алтны асар их нөөцтэй ордны төлөө орон нутгийн сонгуулийг дахин явуулдаг боллоо.
Зочин · 2014/01/22
Unen l yum yarij bndaa