Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд газрыг ӨМЧЛӨХ, ЭЗЭМШИХ, АШИГЛАХ эрх гэсэн гурван зориулалтаар ашиглана. Газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэнд олгодог. Хэрвээ иргэн та газар өмчлөх эрхтэй болсон бол таны хувьд газраа хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Газар эзэмших эрхийн хувьд мөн ялгаагүй зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Газар эзэмших эрх олгохдоо эзэмших зориулалтыг нь орон сууц, үйлчилгээ гэх мэтээр тодорхой зааж өгдөг.

Харин газар ашиглах эрх нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улс, олон улсын байгууллагад хамааралтай хууль зүйн ойлголт. Жишээлбэл, гадаад улсын элчин сайдын яам, консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд зөвхөн газар ашиглах бөгөөд тэдэнд эзэмших, өмчлөх эрх байхгүй. Өөрөөр хэлбэл гадаадын иргэний хувьд газар ашиглах нь нэлээн хязгаарлагдмал. Ашиглах хугацаа, хэмжээ, зориулалтыг нь Газрын тухай хуульд заасан байдаг. Тухайлбал, ашиглах хугацаа нь 5 жил хүртэл байдаг. Газар ашиглах эрхтэй гадаадын иргэн тухайн ашиглаж буй газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, цааш нь худалдах, арилжаалах боломжгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар хатуу хориглодог.

Гэтэл Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт УИХ-аар хэлэлцүүлж байгаа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд газар зарахыг зөвшөөрөхөөр санал оруулсан хэмээн ташаа мэдээлэл цахим орчинд тархаж байгаа.

2002 оны Газрын тухай хуульд ч, одоогийн оруулах гэж байгаа өөрчлөлт ч гадаадын иргэнд зөвхөн газрыг ашиглуулна. Өмчлөх, эзэмших эрхгүй. Харин ашиглах үйл ажиллагаанд ганц өөрчлөлт орсон. Тэр нь биржээр дамжуулах бөгөөд ингэснээр хэн гэж гадаадын нөхөр хэдий хэмжээний газрыг хэдэн жилийн хугацаатайгаар ямар зориулалтаар ашиглаж байгаа нь нээлттэй болох юм. Газар ашиглах гадаадын иргэн төлбөрөө төлж газар ашигладаг зохицуулалт нь хэвээрээ үлдэж байгаа.

Гадаадын иргэний газар ашиглах эрх зүйн зохицуулалтын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан. Мөн 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 6.3-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүн тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно гэж заасан.

Газрын тухай хуулийн зөвхөн энэ заалтаас болж гадаадууд  эрх мэдэлтнүүдтэй “чимээгүй” гэрээ хийгээд газар ашигладаг байсан нь нууц биш. Тиймээс  энэ байдлыг зогсоохын тулд биржээр дамжих хэрэгцээ шаардлага байгаа гэдгийг хууль санаачлагчид мэдэгдэж байна.

Тэгвэл гадаадын иргэн хэрэгцээ шаардлагаасаа хамаарч газрыг таван жилийн хугацаатай ашигладаг хуулийн зохицуулалттай юм байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд “Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 5 хүртэл жилээр ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ. Хэмжээ, зориулалтыг нь хашааны зориулалтаар бол 0.05 га-гаас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар бол 0.1 га-гаас тус тус илүүгүй байхаар Газрын тухай хуулийн 44.5-д хуульчилсан байдаг.

Үүнээс үзэхэд өнөөдрийн шинэчлэх гээд байгаа 2002 оны Газрын тухай хуулиар гадаадынханд тэр чигт нь газраа зараад, тавиад туучихаж байгаа хэрэг биш. Харин гадаадны иргэнд дээд тал нь таван жилээр ашиглуулж байгаа хэвээрээ. Ашиглуулахдаа зөвхөн биржээр хэн хэзээ хаана ямар хэмжээний газар авсныг нь ил тод болгож өгч байгаа хуулийн зохицуулалт юм.