Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуульд өөрчлөлт оруулав
2014/01/22
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.01.23/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 53.4 хувийн ирцтэй эхэлж, нийт 10 асуудал хэлэлцэхээр батлав. Хуралдааны эхэнд зарим хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар танилцуулав.
Үндсэн хуулийн цэц 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж заасны “...шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах...эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэн 01 дүгээр дүгнэлт гаргаж, хуулийн энэхүү заалтыг түдгэлзүүлсэн байна.
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авч нэн даруй шийдвэрлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нар шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Ш.Түвдэндорж, Д.Лүндээжанцан нар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах эрхийг түдгэлзүүлснээр шүүгдэгч, цагаатгагдсан этгээдийн эрх давхар түдгэлзэх учраас энэ хооронд хийдэл үүсч өнөөдрөөс эхлээд анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хүмүүсийн эрх нь хаагдах гээд байгааг анхаарах, Хүний эрхийг дордуулсан нөхцөл байдлыг үүсгэхээр бол Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахдаа түдгэлзүүлэх эсэх асуудлыг тодорхой хэлбэрээр цаашид зохицуулах нь зүйтэй юм гэсэн саналууд гаргаж байв. Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн тул энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон. Мөн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан байнгын хорооноос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн “хохирогчийн өмгөөлөгч” гэснийг “хохирогч өөрөө болон тэдгээрийн өмгөөлөгч” гэж өөрчлөх хуулийн төсөл санаачилсныг хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 33 нь буюу 66 хувь нь, энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах саналыг 72.5 хувь нь дэмжлээ.
Мөн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан байнгын хорооноос санаачлан боловсруулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 53 гишүүний 42 нь буюу 79.2 хувь нь дэмжив. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоол, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр болов