МӨРДЭСТ ЗАВГҮЙ БҮСГҮЙ
2018/07/20
Цалин багатай ч цаг наргүй ажилладаг цагдаа нарыг би ихэд хүндэлдэг юм. Нэгэн цагт эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дурлаж бүр “өвчилж” цагдаа нартай ажлын шаардлагаар ойр дотно нөхөрлөж явсны хувьд тэдний сайн нэргүй сайхан мэргэжлийн зовлон, жаргалыг хэнээс ч илүү мэднэ. Тийм ч учраас хэн хүний амнаас зоргоороо гарах “Энэ муу цагдаа нар...” гэх үгэнд яснаасаа дургүй.
Булган аймгийн уугуул Хар халбагат овгийн Пүрэвсүрэнгийн Оюунчимэг Монгол улсын төлөө зүтгэхээр тангараг өргөсөн хэдэн зуун мянган цагдаа нарын нэгэн төлөөлөл. Харин тэр нийгмийн хэв журмыг сахиулах хүнд үүргийг эрчүүдтэй мөр зэрэгцэн эн тэнцүү гүйцэтгэж яваа бүсгүй гэдгээр ялгарна. П.Оюунчимэг найман хүүхэдтэй айлын ганц охин учраас багаасаа эршүүдхэн өссөн.
Прокурор аавынхаа хүслийг гүйцээн хуульч болохыг битүүхэн мөрөөддөг хүүхэд байжээ. Гэсэн ч олон ахтай охин хүүхдийн жишгээр ихэнхдээ эрэгтэй хувцас өмсөн хөвгүүдтэй нийлж гудамжны үзүүр, сагсны талбайд вандан сахиж өнждөг байсны гороор их сургуулийн улаан шугам доогуур “хамраараа тасдуулж”. Магадгүй аав, ээж нь ганц охиндоо үг хэлж чадахгүй танхи өсгөсөн хэрэг биз. Тиймдээ ч 19 настай айлын эхнэр болж, сайхан амьдрал төсөөлөн улсын нийслэл Улаанбаатарыг зорьсон гэдэг.
Хүний газар бэр болон очих хэцүү юм билээ гэж ярихад нүдэнд нь гуниг хурахыг мэдэрсэн юм.
Нэгэн насны хань минь хэмээн итгэж дагасан хүн нь бор дарсанд хөлчүүрхэн дурлах болоход архигүй орчинд өсч хүмүүжсэн хэрсүү охин том зүрх зориг гарган нэг л өдөр нялх хүүхдүүдээ дагуулан тэр айлын хаалгыг гаднаас нь хаажээ. Зөв шийдвэр байсан гэдэгт тэр одоо ч итгэлтэй байдаг.
Аавынхаа чин хүслийг гүйцээх хүсэл түүний сэтгэлийн үзүүрт хадгалагдсаар... Жил бүр МУИС-д элсэх шалгалт уйгагүй өгсөөр л. 1991 онд хөдөлмөр эрхлэх зарын дагуу явсаар Цагдаагийн Ерөнхий газарт цай зөөгчөөр ажилд орсон нь санамсаргүй тохиолдол бус бурхнаас илгээсэн хувь тавилан байсан гэлтэй.
Тэнд хоёр жил гаран цай зөөж байх үед боловсон хүчин нь дуудаж “Чи Цагдаагийн дээд сургуульд шалгалт өгвөл яасан юм бэ?” гэж асуусан нь ёстой л загатнасан газар маажих шиг санагджээ. Байнгын бэлтгэлтэй түүнд бодох ч хэрэг байсангүй. Нийгэм, орос хэл, математикийн хичээлээр шалгалт өгч өндөр оноогоор тэнцэхэд нь цай зөөгчөөс ийм хэмжээний мэдлэг оюун гарна чинээ төсөөлөөгүй журмын нөхөд нь ихэд гайхан бахархаж байсан гэдэг.
П.Оюунчимэг 1994-1998 онд Цагдаагийн дээд сургуульд сурч байхдаа ЦЕГ-т цай зөөгчөөр ажилласаар байсан нь тууштай зангийнх нь илрэл байлаа. Мэргэжлийн сургуулиа дүүргэсэн залуухан офицер бүсгүй Булган аймгийн Цагдаагийн хэлтэст Хүүхдийн байцаагчаар томилогдон ирж байсан нь саяхан мэт.
Дараа нь Сэлэнгэ аймгийн Хөтөлийн Цагдаагийн хэлтэст ажиллаж, 2012 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэст үүрэг гүйцэтгэх болжээ. Өмнө нь гудамж талбайд, гэр орондоо агсан согтуу тавьсан хүнд “гарууд”-тай ана мана үзэлцэж явсан хэв журмын цагдаа Эрдэнэт үйлдвэрийн ажил буцалсан хамт олон дунд орох өвөрмөц мэдрэмж байсныг дурссан.
Ахлах дэслэгч цолтой гялалзаж явсан бүсгүй өнөөдөр ахлах ахлагч болж цол буурсан нь учиртай. Олон эрчүүдийн дунд хараа булаан ажиллах залуухан бүсгүй явахад хурандаа цолтой дарга нь “оролдох”-ыг завдаж. Санаснаар болоогүйд эгдүүрхсэн мань хурандаа “Наад мөрөн дээрх таван хошууг чинь зураас болгоно доо” гэж өсрөхсөн нь энэ. Гэрээт цагдаагийн хэлтэст ирж ажилласнаас хойш цолоо сэргээх боломж хэд хэдэн удаа гарсан ч залууст тээг болохыг хүсээгүй гэдэг. Ер нь цол, шагнал хоёрт шунаж яваагүй нь ярианаас нь илт.
П.Оюунчимэг гурван сайхан хүүтэй. Хүмүүс эрэгтэй хүүхдүүд өсгөх “чанга” шүү гэж хэлдэг байсан ч түүнд хэцүү байгаагүй аж. Хөвгүүд нь бүгд их, дээд сургууль төгссөн нь ээжийнх нь гавьяа. Үнэнч шударга, зарчимч цагдаагийн хүмүүжлээр өсч хүний зэрэгт хүрсэн хүүхдүүд нь өнөөдөр Эрдэнэтчүүдийн идэх дуртай “Өглөө” талхыг үйлдвэрлэж байна.
Компанийн захирал хүү нь талхаа өөрөө зуурдаг гэнэ. 2011 онд бизнесээ эхлүүлээд удаагүй байхдаа том хүү нь шантарч “Ээжээ больё” гэж хэлж байсан ч бартаатай замаас эргээгүй тууштай хүнийг амжилт дагадаг юм хэмээн сургамжилсан нь жижиг цехийн үйл ажиллагааг компанийн зэрэгт хүртэл хөгжих хүчийг өгчээ.
П.Оюунчимэг хөвгүүдээ цагдаа болгохыг хичээдэг бас ятгадаг ч байж. Тэгсэн нэг өдөр хүү нь “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл өөрийн эрх дураар бус тушаалаар ажилладаг таны амьдралыг давтахыг хүсэхгүй байна. Таныг гэрээс яараад гарахад хаана ямар хэрэг гарав, хүн үхчихээгүй байгаа, ээж маань яах бол гэсэн айдастай үлддэг. Ийм шаналан дахиж хэрэггүй” гэж хэлэхэд нь цочих шиг болж хүүгээ том болсныг сая мэдэрсэн гэдэг.
П.Оюунчимэг нэг өдөр замын цагдаа, нөгөө өдөр хэв журмын цагдаа болно, хааяа офицерын үүрэг ч гүйцэтгэнэ. Би түүнийг “Есөн-Эрдэнэ” захын уулзвар дээр замын хөдөлгөөн зохицуулж зогсоход нь анх харсан юм. Цагдаа хувцастай эмэгтэй тун содон, гоё харагдсан болохоор хурдаа сааруулж ажиглатал өөдөөс “Хурдан яваад замаа чөлөөлөөч” гэж ширүүлэхдэг байгаа.
Цагдаагийн мэргэжил хамгийн сайхан гэж нүдээ анин байж чин сэтгэлээсээ ярих энэ эмэгтэй хайртай аавыгаа бурхны оронд морилохоос өмнө хүслийг нь биелүүлж амраасан ачтан. Тэрээр дүрэмт хувцсаа өмсөхөөр хийморь сэргэж, ер бусын зориг ордог гэж ярьсан. Нээрээ л цагдаа хувцастай шөнийн 03 цагт явж байхдаа юунаас ч айдаггүй байх. Харин энгийн хувцастай явж байхдаа хүн зон маргалдаж харагдвал мэргэжлийн “өвчин” нь хөдлөөд гүйгээд очдог гэнэ билээ. Тэр үед хүмүүс энэ ч одоо юув дээ гэсэн янзтай харьцдаг байж мэдэх юм. Тэгвэл та бидний амгалан тайван байдлын энхийн манаанд цаг наргүй 20 жил зүтгэсэн мөрдэстэй цагдаа эмэгтэй байна гэж таниарай.