Энэ сарын 19-нд Говь-Алтай аймагт болсон дахин сонгуулийн талаар Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа, тус намын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Хэвлэл мэдээлэл, технологийн газрын дарга Н.Дэмбэрэл нар хэвлэлийн бага хурал хийлээ. 
 
Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ялагдсан шалтгаанаа тус намынхан Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын дотоод эв нэгдэл, хамт олонч зарчим алдагдсанаас болсон гэж үзэж байгаа аж. Хамгийн сүүлд аймгийн намын хорооны даргыг  намын Удирдах зөвлөлтэй зөвшилцөлгүй сонгосон нь алдаа болсон гэдгийг ч хэлсэн юм. Тиймээс тус аймгийн намын хорооны удирдлагад улс төрийн хариуцлага тооцож, асуудлыг зохицуулж ажиллахыг Монгол Ардын Намын баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатарт үүрэг болгожээ.
 
Нарийн бичгийн дарга Т.Гантулга "Дахин сонгуулийн хариу учир дутагдалтай гарсан гэж тус намынхан үзэж байгаа юм байна. Орон нутгийн сонгуулийг ид өвлийн хүйтэнд зохион явуулсан. Тодорхой төсөв байхгүй гэдэг шалтгаанаар тодруулга хийж байр суурьтай орж ирсэн. Дахин сонгуулийн үр дүн дээр нэлээн баримт судалгаа хийж тодорхой хугацааг алдсан. Энэ сонгуулиар 50+1 буюу олонхи болоогүй. Өнөөдрийн байдлаар өөрийн намын 2 хассан гишүүн намын гишүүнчлэл эргэж сэргээсэн байгаа. Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр удирдах зөвлөл хуралдаж Говь-Алтай аймгийн сонгуулийн үр дүнгийн талаар тусгайлан авч хэлэлцсэн. Энэ хурлаас гарсан шийдвэр нь Говь-Алтай аймгийн 23 жил манай намыг дэмжиж ажилласан Алтайчуудад аа талархаж байна. Харин аймгийн намын хорооны удирдлагуудад хэд хэдэн зүйлээр улс төрийн хариуцлага тооцох ёстой гэдэг шийдвэр гарсан” хэмээн онцолж байлаа.
 
Мөн тус аймгийн сонгуулийн үеэр хэд хэдэн сонгуулийн хууль зөрчсөн зөрчлүүд илэрсэн байна. Энэ талаар МАН-ын бичгийн дарга Х.Булгантуяа “Өнөөдөр АН-аас үнэмлэхүй ялалт байгуулсан. Сонгууль шударга болж өнгөрсөн гэж байгаа. Гэвч Ардчилсан нам сонгуулийн хуулийн заалтыг зөрчснийг бид олж илрүүлэн цагдаагийн байгууллагад хандсан. Тухайлбал, Есөн булаг сумын Баяншанд багаас нэр дэвшигч Батаарын Алтангэрэл гэдэг хүн төрийн өмчийн компани болох Алтай-Улиастай эрчим хүчний өмчлөлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглажээ. Мөн Шарга суманд Ардчилсан намаас нэр дэвшигч Лхагвадорж төрийн өмчид компанийн албан хаагч н.Чойжилсүрэнг өөрийн сонгуулийн сурталчилгаандаа ажиллуулсан зөрчил байгаа. Түүнчлэн аймгийн сонгуулийн хороонд бидний тавьж байгаа шаардлага бол Орон нутгийн сонгуулийн хуулиараа бол санал хураалтын явцад гарсэн тухайн зөрчлийн дүн нь сонсогдсонд тооцсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү эсвэл их байвал уг зөрчлийг ноцтойд тооцно гэсэн. Гэтэл өнөөдөр Баян-Уул сумын 8, 10, 11 баг дээр ноцтой зөрчил илрээд байна. Сонгуулийн хуулиараа бол эдгээр 3 баг дээр дахин сонгууль явуулах шаардлагатай нөхцөл байдал үүсчээ. Тэгэхээр МАН-ын зүгээс бол энэ зөрчлүүд дээр аймгийн сонгуулийн хороонд мөн Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст хандсан байгаа. Энэ сонгуульд тус аймгийн иргэдийн бухимдаж байгаа зүйл нь бид нар 2012 онд аль хэдийн сонгуулийг хийчихсэн байхад бид дахин сонгуулийг явуулж байгаа нь ард иргэдийн сонголтыг яагаад хүлээж авахгүй байнаа гэж үзэж байна” гэлээ.

Тэд энэ үеэрээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Түүвэрлэн хүргэвэл,

-Энэ илэрсэн зөрчлүүдийг сонгууль дууссаны дараа хэлж болоогүй юм уу?

-Албан  ёсны сонгуулийн дүн одоо болтол гараагүй байгаа. Тийм болохоор сонгуулийн дүн гарсан гэх мэдээлэл бол ташаа. Хоёрдугаарт сонгууль хууль бус явагдсан. Учир нь сонгуулийг гаргасан шийдвэр нь хуучин 2008 онд Говь-Алтай аймгийн ИТХ-аас сонгогдсон сонгуулийг дахин зарласан. Өөрөөр хэлбэл, 2005 онд сонсогдсон Н.Энхбаярын шийдвэрийг 2008 онд сонгогдсон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа явуулж байхад нь дундуур нь гарч ирснээр Н.Энхбаяр ерөнхийлөгч зарлиг гаргачихаж байгаа гэсэн үг зүйрлэх юм бол яг ийм л зүйл болж байна. Хүчин төгөлдөр бус ИТХ-ыг хуралдуулаад дахин сонгуулийг яаран явуулж байгаа нь их сонирхолтой асуудал.

-Ардчилсан намын сонгуулийн хууль зөрчсөн нь баримттай юу?

-Барим байгаа. Мэдээж бид баримт нь байж мэдээлэл өнгө. Дүрс бичлэг, зургаар баримтжуулсан. Орон нутгийнхан Ардчилсан намыг дэмжихгүй бол тус аймагт дэмжлэг өгөхгүй гэсэн байгаа. Энэ талаар ч бас тус намын нарийн бичгийн дарга Оюундарь ч бас твиттерээрээ жиргэсэн. Ардчилсан нийгэмд улс төрөөс болж дэмжлэг өгнө өгөхгүй гэж байгаа нь байж болохгүй асуудал. Мөн Говь-Алтай аймагт хэрэгжих хэд хэдэн төслүүдийг манай намыг та нар дэмжихгүй бол эдгээр төслүүдийг зогсооно гэсэн мэссежийг нэлээд явуулсан. Говь-Алтай аймгийн ард түмэн 2012 оны орон нутгийн сонгуулиар сонголтоо хийсээр байтал ард иргэдийн сонголтыг үл хүндэтгэн хөхөө өвлийн хүйтнээр дахин сонгууль явуулж байгаад шүүмжлэлтэй хандсан хүн олон байжээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарын хүмүүс “Говь-Алтай аймаг хөгжье гэвэл АН-ыг сонго. Монгол Ардын Намыг сонговол Засгийн газраас дэмжлэг үзүүлэхгүй” гэх мэтээр сурталчилгаа хийсэн нь иргэдийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан хэрэг гэж үзэж байгаа.

-АН-ын гишүүдийн ихэнхи нь сайд болгоно гэсэн мэдээлэл цацагдаж эхлэсэн. Энэ үнэн үү?

-Хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө эх сурвалжаа хаанаас олж авсныг сайн мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар МАН, АН-тай хамтарсан засаг байгуулна гэдэг яриа хэлэлцээр намын дээд удирдлагын болон Намын бүлгийн хэмжээнд хэзээ ч яригдаагүй зүйл энэ бол худлаа мэдээлэл.

-Өнгөрсөн сонгуулиасаа хойш МАН-ын ритенг унаад байгаа гэсэн мэдээлэл гарсан. Мөн Говь-Алтай аймагт ялагдал хүлээснээс хойш намын ритенг улам уналаа гээд байгаа энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Намын ритенгийн судалгааг намын хурлын дараа явуулахад АН-тай ойролцоо байгаа. Говь-Алтай аймгийн сонгуулийг оролцуулж ритенг хийх боломжгүй. Яагаад гэхээр цөөхөн хүн амтай аймаг. Хоёрдугаарт орон нутагт байсан манай намын дотоод зөрчлөөс болоод энэ сонгуульд МАН-ын өөрийн гишүүд буюу цэвэр гишүүд оролцоогүй.

-Цэвэр гишүүд оролцоогүй гэдгээ тайлбарлавал?

-Ер нь манай намын өөрийн гишүүд оролцоогүй. Юу гэсэн үг вэ гэвэл Говь-Алтай аймагт байгаа Ардын намын дотоод зөрчлөөс болоод намын гишүүд өөрсдөө оролцож саналаа өгөөгүй гэсэн үг. Санал хураалтаар 54 хувьтай оролцсон. Манай нам тус аймагт 74 хувиас дээш дүн гардаг.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн алтны ордуудыг ашиглах АН-ынхны сонирхол, УИХ-аар алтны татварыг бууруулж баталсан зэрэг олон үйл явц санаандгүй давхцаагүйг ч сэтгүүлчдийн асуултад хариулж байх үедээ ч онцолж байсан юм.

Х.Даваа