УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр могой жилийн отгон хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлаар намынхаа байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Улирч буй могой жилд улсын эдийн засаг "мөлхөө" байдалтай,  амаргүй байсныг онцлоод морин жилдээ хурдтай, өөдрөг, ирмүүн эрч хүчтэй байхыг бэлгэдэж бүлгийн энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн асуудлаар түлхүү ярилцсан" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэрээ онцлон хэлсэн юм.

Тус намын бүлэг баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгжээ дэмжиж, эдийн засгаа гэрэл гэгээтэй болгохын тулд татварын хуулийн төслүүд дээр гол анхаарлаа төвлөрүүлсэн гэв. Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай" болон С.Бямбацогт нарын гишүүдийн өнгөрөгч гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 40 мянган аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс 200 сая төгрөгийн орлоготой бол нэг хувь, 200 саяас дээш бол 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвартай байх нь зөв гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд аж ахуйн нэгжийн төлсөн албан татварын 90 хувийг буцаан олгоно гэж заажээ. Тэгвэл МАН-ын бүлэг энэхүү заалтын оронд 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой бол нэг хувь, 1.5-10 тэрбум бол 10 хувь, 10 тэрбумаас дээш бол 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх шатлалтай болгох саналыг дэмжжээ.

-Өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан "Ашигт малтмалын тухай" хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үед МАН-ын бүлгийн шаардсанаар биет бус алтанд хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар шийдсэн. Энэ талаар?

-Тухайн үед Оюутолгойн гэрээг муу болсон гэж шүүмжилдэг байсан сайд нар Оюутолгойд татварын хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг оруулж ирсэн. Харин бид "Оюутолгой" компанид хангалттай дэмжлэг, хөнгөлөлт үзүүлсэн учраас дахин хөнгөлөлт эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Тиймээс хуулийн төсөл дэх биет бусаар тушаасан алтанд 2.5 хувийн татвар төлнө гэсэн заалтыг хасуулсан. Үүний үр дүнд гурван тэрбум ам.доллар Монголдоо үлдэх боломж бий боллоо.

-УИХ дахь МАН-ын бүлэг "Хамтын тэтгэврийн тухай" хуулийн төслөөс яагаад завсарлага авсан бэ?

-Нэг талаас хуулийн төслийг өргөн барьсан процедур нь хууль зөрчсөн, нөгөө талаас санхүү, төсөв, эдийн засагтай холбоотой хуульд Сангийн яам, Засгийн газраас заавал санал авч, тооцоо судалгаа хийх шаардлагын үүднээс МАН-ын бүлэг завсарлага авсныг тэрээр тодотголоо. Өөрөөр хэлбэл, Хамтын тэтгэврийн хуулийн төслийг хэлэлцүүлэхээр парламентад оруулж ирсэн нь Монгол Улсын тэтгэврийн болон нийгмийн даатгалын сангийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөх шаардлагыг бий болгож байгаа гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээ бага, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий гэдэгтэй МАН-ын бүлэг санал нэг байгаа гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ. Харин ямар арга замаар, яаж шийдвэрлэх тооцоо судалгаа, санхүүжилт тодорхой биш байгаа учраас энэ асуудлыг тодруулах шаардлага бий гэв. Тэрээр хэлэхдээ "Тэтгэврийн даатгалын сан нь эв санааны зарчим дээр суурилсан тогтолцоо юм. Энэ бол одоогийн ажиллаж байгаа иргэд нь тэтгэвэр авагчдаа санхүүжүүлдэг сан. Гэтэл энэ зарчимтайгаа Хамтын тэтгэврийн хуулийн төсөл нийцэхгүй байна. Цаашдаа хамтын тэтгэвэр бий болгоно гэж үзэж байгаа бол юуны өмнө нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоо бүхэлд нь өөрчлөх асуудлыг хамтад нь УИХ-д оруулж ирэх ёстой. Тэтгэврийн сан алдагдалтай байгааг нийгмийн даатгалын сангийнхан байнга хэлдэг. Энэ онд 320 тэрбум төгрөгийн татаас авахаар байгаа. Гэтэл Хамтын тэтгэврийн хуулийн төслийг баталбал энэ хуульд 76 мянган ахмад настан хамрагдаж, тэтгэврийн даатгалын сан ойролцоогоор 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Өнөөдөр авч байгаа цалин, тэтгэвэр, тэтгэмжээ 10 хувиар ч нэмж чадахгүй байгаа Засгийн газар дахиад ийм том амлалтыг шийдвэрлэж чадах уу. Тиймээс энэ асуудлыг шийдэж чадах эсэхээ Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас саналыг нь авч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдэх ёстой гэж үзэж байна. Даатгалын тогтолцоог халамжийн тогтолцоо болгох гээгүй юм бол энэ хуулийн төслийн үндэслэл, тооцоо судалгааг яаралтай гаргах шаардлагатай.

-С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татвар хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэсэн шийдвэрийг АН-ын бүлгээс гаргалаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульд зааснаар УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд нийтдээ 78 субъект хууль санаачлах эрхтэй. Харамсалтай нь өнөөдөр цөөнхийн бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэхгүй байгаа нь гишүүдэд ялгавартай хандаж буйн илрэл. Манай бүлгийн гишүүд Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг давуулахын тулд С.Эрдэнэ гишүүн Засгийн газрын танхимын зарчмыг зөрчиж Хамтын тэтгэврийн даатгалын хуулийг өргөн барьж, ямар ч дараалал харгалзахгүй хэлэлцүүлсэн. Бидний өмнө нь өргөн барьсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сар бүр 21 мянган төгрөг олгох, бүсийн нэмэгдэл, одонтой эхчүүдэд одонгийн нэмэгдэл, олон хүүхэдтэй эхчүүдэд цалин олгох гэх мэт хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн төслийг Л.Энх-Амгалан нарын гишүүдтэй өргөн барьсан боловч хэлэлцэхгүй дарсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан үүнтэй ижил агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Цөөнхийн гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй хойшлуулж байгааг бид УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр хэлж сануулж байж энэхүү адилхан агуулгатай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр болсон. Гэтэл хэлэлцсэн нэр зүүгээд л дээрх хуулийн төслийг унагаахаар тохирсон юм байна. Ийм байдлаар асуудалд үзэмжээр, тэгш бус хандаж байгаад харамсаж байна.

-Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шинэчлэлийн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн гэсэн мэдээлэлд дараагийн Засгийн газарт Ардын нам хамтрах тухай мэдээлэл байна. Албан ёсоор яригдсан зүйл бий юу?

-Тийм зүйл байхгүй. Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажина гэгч болжээ. Сайд нар "давхар дээл"-ээ тайлах хуулийн төслийн санал хураалтад оролцвол сонирхлын зөрчилтэй болно гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Судалгаанаас үзэхэд санал асуулгад оролцогсдын 90 гаруй хувь нь "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг дэмжсэн байна. "Давхар дээл"-ээ тайлж, хуяг дуулганаасаа салах хүсэлгүй болохоороо зориуд ийм хар PR дэгдээж байгаа юм байна. Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах зарчмын гол асуудлыг үнэгүйдүүлэхийн тулд Ардын нам засагт хамтрах нь гэх мэтчилэн ташаа мэдээлэл тарааж иргэдэд эргэлзээ төрүүлэх гэж оролдож байгаа бололтой. Гэхдээ та бүхэн эргэлзэх шаардлагагүй. МАН Засгийн газарт орж хамтрахгүй.

Түүнчлэн УИХ-ын чуулганаар сайд нарын "давхар дээл"-ний асуудлыг хэлэлцэж байгаа. Хэрвээ тус хууль батлагдвал одоогийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Шинээр байгуулагдах Засгийн газарт МАН орж ажиллахаар болсон талаар тодруулахад  Д.Оюунхорол: "Тийм зүйл огт байхгүй. МАН Засгийн газарт хамтарч ажиллахгүй. "Давхар дээл"-ийг дан болгох асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Ер нь бол эрх ашиг сонирхлын зөрчилтэй 17 сайд санал асуулгад оролцож болохгүй гэсэн байр суурийг манай бүлэг илэрхийлж байгаа. Өнөөдөр Монгол улсад үйлчилж байгаа хуулийн хүрээнд 2014 оны долдугаар сарын 1-ээс эхлэн Засгийн газрын гишүүд "дан дээлтэй" ажиллаж эхлэх юм бол энэ сайд нар санал асуулгад оролцох боломжгүй байгаа. Тийм учраас энэ 17 сайд нарыг сонирхлын зөрчлөө биечлэн ирүүлээрэй гэж хэлсэн байгаа. Төр засаг тогтворгүй болно, МАН-ынхан Засгийн газар орох нь гэсэн мэдээлэл худал юм. Ер нь өнөөдөр АН-д боловсон хүчний асар их нөөц байгаа. Төрийн албыг намын харъяалалаас гаргасан үйл явдал нь төрийн албыг тогтвортой байлгах зарчим байсан. Тийм учраас энэ зарчмаа бариад АН, дангаараа ч хамаагүй Засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ сайд нарын олонх нь гаднаас байх ёстой гэж бодож байна. Ёолкний чимэглэл шиг олон албан тушаалыг нэг хүн дээр тохдог. Цаана нь Засгийн газрын албыг хаших хүнгүй юм шиг ярьдаг. Хүмүүсийг огцруулчихаар Монголын төр тогтворгүй болдог юм шиг инээдэмтэй зүйлийг ярьж болохгүй. Бид хамгийн зоригтойгоор энэ асуудлаа шийдэж чадвал Монголын төр тогтвортой, тэнцвэртэй, чадвартай болно. Үүний хажуугаар энэ том бодлогын асуудлыг унагах гэж худал мэдээлэл цацаж болохгүй" гэлээ.

 

Х.Даваа