Сүүлийн жилүүдэд манай улсад тээгч эх гэх тодотголтой сэдэв нэлээд харагдах болсон. Нэг үгээр хэлбэл гэр бүлийн эхнэр нь төрөх боломжгүй байдлаас болоод хэн нэгний бие эрхтэнд эс суулгаад, ураг болгож авна гэж ойлгож болно. Гэхдээ ингэхийн тулд мэдээж төлбөр авдаг гэж байгаа юм.  Манай улсын хувьд тээгч эхийн ханш 100-150 сая орчим төгрөг буюу гурван өрөө байрны ханштай байдаг гэсэн албан бус мэдээ байдаг.

Зарим оронд тээгч эхийг хориглож, заримд нь хуулиар зохицуулсан байдаг. Манайд залуу охид өөрийн амьдралыг эхлүүлээгүй байж өөрийн биеийг ашиг хонжооны хэрэгсэл болгож гадаадын гэр бүлд тээгч эх болж байна гэсэн асуудлууд их гардаг учир тээгч эхийг тодорхой зааж өгөх хэрэгтэй байгаа. Тээгч эхэд тавих шаардлагыг хуулиар зохицуулан заавал тусгах зарчмын үндэслэл нь эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийг хамгаалахын тулд, тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд, тэдний биеийг зөвхөн хүүхэд төрөх, ашиг сонирхлын хонжоо олох хэрэгсэл гэж үзэхээс сэргийлэх, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хуульчилж өгөх нь зүйтэй гэдгийг одоогийн нийгэм харуулж байна. 

Тээгч эх болно гэсэн утас руу залган зарим нэг зүйлийн талаар тодруулахад тэдний ихэнх нь мөнгө хэрэг болсон, өртэй гэсэн шалтгаанаар тээгч эх болох замыг  бүсгүйчүүд сонгожээ. Мөн гэр бүлээрээ ярилцаад эхнэрийн биеийг ашиглаж мөнгө олох гэсэн  хүмүүс ч байна. Тээгч эх болохоор зар өгсөн нэгэн бүсгүй “Би худлаа хэлж хулгай хийгээгүй. Үр хүүхдийн мөрөөсөл болсон гэр бүлд аз жаргал бэлэглэх гэж байна.

Зарим хүмүүс худлаа янз бүрийн юм асуугаад байн байна залгаад шалгаад байдаг. Үүнээс болж утсаа ойр ойрхон солих хэрэг гардаг. Үнэхээр  үрийн хүсэл мөрөөсөл болсон хүнд тус болоод өөрийнхөө санхүүгийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэж байв.  Нийгэмд энэ төрлийн үйлчилгээ нэгэнт бий болсон, үйлчлүүлэгч ч байдаг хойно хууль санаачлагчид  хүний эрхийг дээдэлсэн хуультай болгох өгөх цаг болжээ.

Амьдрал доройтох тусам ийм аргаар мөнгөтэй болох гэсэн эмэгтэйчүүд улам л нэмэгдэнэ. Эрэлт нь бага болохоор тэд  гадаадын хүмүүсийн саналыг хүлээж авна. Үүний дараа харин юу болохыг хэн ч таахын аргагүй.

Энгийн нэг жишээ дурьдвал, 2002 онд Энэтхэг улс анх удаа арилжааны зорилгоор тээгч эх болох боломжийг хуулиар нээснээр “хүүхдийн үйлдвэр” хэмээн “цоллуулах” болсон юм. Ингэснээр бусдын хүүхдийг тээж их хэмжээний мөнгө олох гэсэн эмэгтэйчүүдийн “арми” үүссэн. Бүр нөхөр нь эхнэрээ ийм аргаар мөнгө олохыг шахаж шаардсан тохиолдол ч гарч байжээ. Мэдээж, энэ нь хямд төлбөртэй холбоотой.

Ялангуяа, Энэтхэгт тээгч эхийн нөхөн төлбөр нь 30 орчим мянган ам.доллар байв. Энэ нь АНУ-ынхаас 20-30 мянган ам.доллараар хямд үнэ. Гэхдээ арилжааны зорилготойгоор бусдын хүүхдийг тээж, төрүүлэх нь сүүлдээ эмнэлэг, хуулийн байгууллагад илүү ашигтай, тэдний бизнесийг дэмжсэн үйл ажиллагаа болж хувирчээ.

Иймд Энэтхэг 2015 онд гаднын компаниудыг хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, зуучлах, үр шилжүүлэн суулгах зэрэг тээгч эхтэй холбоотой үйлчилгээ явуулахыг хориглосон. Мөн 2016 онд хуулиа чангаруулж, энэ мөнгөний урсгалыг хаах шийдвэр гаргасан. Тус улс тээгч эхийг бүр мөсөн хориогүй ч арилжааны зорилготойг нь хумих бодлого барьж буй. 

Хүний амьдралын утга учир,  энэ амьдралын үргэлжлэл болсон үр хүүхэд  гэр бүлд аз жаргал авчирдаг. Хүүхдийн цангинасан дуу, бойтогны хонхны чимээ дутсан айлд  баяр бэлэглэх  боломжийг олгосон, тээгч эхийн эрхийг хамгаалсан хуулийг  санаачилахыг парламентын эмэгтэй гишүүдэд уриалмаар байна.

С.Отгон