Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхоны сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч сая Азийн наадамд түрүүлсэн алтан медалийг хүчингүйд тооцлоо. Цаашдаа ч түүний спортын замналд цэг тавих ч байж мэдэх. Энэ юү гэсэн үг вэ гэвэл түүний барилдах эрхийг бүрэн хасч магадгүй.

Ийм хортой үр дагавар харагдаж байгаа. Гэтэл холбогдох байгууллагууд тухайлбал, Монголын үндэсний олимпийн хороо, Чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төвөөс огт чимээ аниргүй удлаа. Энэ байдал олон нийтэд юү гэж ойлгогдож байна вэ гэвэл П.Орхоноос допинг илэрсэн явдлыг нэг их хүчтэй ярилгүй, асуудал болголгүй өнгөрөөх гэсэн санаа юм. Уг нь дарж дийлэмгүй юм шүү дээ.

Дэлхийн дэвжээнд аваргална гэж харах найдвартай тамирчны нэрийн жагсаалтын эхэнд П.Орхон зайлшгүй бичигдэнэ. 2020 онд Токиогийн олимпод хэн аваргалахав гэвэл П.Орхон байх бүрэн магадлалтай байсан. Тэгвэл ийм алдартнаа алдах болсон нь асуудал биш юм уу. Хэн ч албан ёсны тайлбар хийхгүй байна гэдэг нэг л сэжигтэй. Нуух аргагүй ийм асуудлыг нэг тийш болгох нь чухал байна. П.Орхон өөрөө хэрэглэсэн үү. Хэн нэгэн түүнийг хорлох гэж допинг өгсөн үү гэдгийг нягтлах ёстой юм. П.Орхон “Би допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна” гэсэн нь олон янзын хардлага түрүүлсэн. Хөөрхий муу өрсөлдөгч С.Батцэцэгийг хүртэл хорлогч болгон хардсан. Тийм ч юм байхгүй биз. Нөгөө талаар МЧБХ-ныхны он удаан жил ужгирсан хэрүүлийн нэг сэжүүрт ямар нэг атгаг санаатан байсан ч юм билүү хэн мэдлээ. Энэ бүхнийг илрүүлэхийн тулд хуулийн байгууллагад ч хандаж болох юм. Ямартай ч дэлхийд данстай тамирчныхаа нэр төрийг сэргээх нь өнгөрсөн хэрэг. Харин тамирчин өөрөө допинг хэрэглэсэн ч бай, хэн нэгэн хорлох гэж өгсөн ч бай Монголын спортын нэр хүнд дэлхийд унасан шүү дээ.

Үүний бурууг улсын шигшээ багийн багш, дасгалжуулагчид хуваалцах нь зүйн хэрэг. Яагаад гэвэл амжилт олж шагнал урамшил авах болоход тэд хуваалцдаг. Бас шигшээ баг, П.Орхон хоёрын хооронд байгуулсан гэрээ гэж байгаа. Түүнд тамирчин нь ёс суртахууны алдаа гаргавал хариуцлага ямар байхав, хэн хэн бурууг хуваалцахав гэдэг нь заагдсан байдаг биш үү. Нөгөө талаар шигшээ багийн тамирчид хаа нэгтээ гуанз, ресторанд хооллож ундалж явдаг жирийн иргэнээс өөр амьдралтай шүү дээ. Иймээс багш, дасгалжуулагчдыг хариуцлага хүлээх ёстой гээд байгаа юм. Допингийн эсрэг үндэсний төвийнхөн үнэн, мөнийг олох талаар ажиллаж байгаа болов уу. Энэ газрыг хэдэн бөхчүүдээс шинжилгээ авч цааш явуулдаг, үр дүнг нь мэдээлдэг төдий гэж ойлгох учиргүй юм. Иймээс нэртэй алдартай тамирчнаас допинг илэрсэн явдлын учрыг даруйхан олж олон түмэнд мэдээлээсэй билээ. Энэ бол холбогдох байгууллагуудад хандсан хатуу нэхэл юм шүү.

Д.Бичээчхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин