Ипотекоос бусад зээлийг 30 сараас илүү хугацаагаар олгохгүй
2018/09/21
Иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон бөгөөд үүнийг ирэх оны эхний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр тогтжээ.
Төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2500 төгрөг даваад байна. Энэ нь манай улсад орж ирж буй валют гадагшаа урсгаж буй валютаасаа бага байгаагаас шалтгаалж байгааг Төв банкнаас тайлбарлав. Өөрөөр хэлбэл, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт нь импорт, гадаадаас авсан зээлийн хүүгийн болон үндсэн төлбөрөөсөө бага байна. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар төлбөрийн тэнцэл хасах 198.5 хувийн алдагдалтай гарсан байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.1 дахин өсчээ. Уг өсөлт нь ам.долларын ханш өсөх гол шалтгаан болжээ. Улирлаас шалтгаалан манай улсын импортын хэмжээ хэлбэлзэлтэй байдаг. Тухайлбал, тэмдэглэлт баяруудын өмнө импорт нэмэгддэг байна. Хичээлийн шинэ эхлэхтэй холбоотойгоор импортын хэмжээ өссөн. Энэ нь мэдээж худалдааны тэнцэл тэнцвэргүй гаргахад нөлөөлсөн. Гадаад эдийн засаг үүнд мөн нөлөөлж байгаа юм байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн Ц.Мөнхбаяр “Ам.долларын ханш оны эхнээс гурван хувийн өсөлттэй байгаа. Энэ нь орох урсгал нь гарах урсгалаас бага байгаатай холбоотой. Оны эхний саруудад том импортууд хийгдээд дууссан. Одоо импортын хэмжээ багасна. Тэр тусмаа хэрэглээ, тоног төхөөрөмжийн импорт буурах төлөв бий” гэв. Аливаа улсын гадаад валютын албан нөөц тухайн улсын импортын жилийн хэрэгцээг хангах хэмжээний байх ёстой аж. Харин манай улсын одоогийн албан нөөц зургаан сарын импортын хэмжээг хангахуйц буюу 2.9 тэрбум төгрөг байгаа гэнэ. Өчигдрийн байдлаар Төв банк 13 тонн алт худалдан аваад байгаа. Жилийн эцсээр энэ тоог 22 тоннд хүргэхээр зорьсон байгаа билээ. Түүнчлэн энэ онд Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 25 тоннд хүрнэ гэсэн хөндлөнгийн судлаачдын дүгнэлт ч байгаа юм.
Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд инфляц зургаан хувь, нийслэлд 6.4 хувьд хүрээд байна. Инфляц найман хувь орчимд тогтворжих төлөвтэй байгааг Төв банкнаас мэдээллээ. Түүнчлэн өчигдөр Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүг 10 хувьд нь хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр төвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байгааг энэ үеэр хэлэв. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монголбанк энэ оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал гадаад эдийн засгийн орчноос өндөр хамааралтай хэвээр байгааг ч дурдав. Тухайлбал, том гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд, зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээ, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарч буй хандлага, манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа. Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буй үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэртэй байдлыг хангах нь дунд, урт хугацааны тогтвортой байдалд чухал болоод байна.
Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот төвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхижлийг дэмжинэ гэдгийг онцлов. Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
Зээл хурдацтай өсч өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон. Үүнийг ирэх оны эхний өдрөөс мөрдүүлэхээр тогтжээ.
Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлж, мөн тухайн өдрөөс мөрдүүлэх аж.
Үндэсний шуудан сонин
irgen · 2018/09/22
EDIIIN ZASAGAAA TELEECHEEEEEE HAMAG BISSINESEE HAAJ BOOJ ELDEV STANDART JURAM EME TER GEJ BHAAR DOTOODIIN BUSSINES UILCHILGEENUUDE TELEED OGOOCHEEE ERXTEN DARHTANUUDAAAA.
Зочин · 2018/09/21
30 сараас хэтрүүлэхгүй байх шийдвэрийг дэмжиж байна. Банкууд хэрэглээний зээл нэрээр олон сараар өндөр хүүтэй зээл иргэдэд шахаж их ашиг олж байгаа. Хугацааны хязгаар бий болбол ипотекийн зээлд олгогдох эх үүсвэр нэмэгдэнэ.