Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүд, сайд нар сонгогдсон болон нэр дэвших тойргийнхоо иргэдэд гарын бэлэг буюу ул боов, өөрийнхөө зурагтай цаг тооны бичиг, чихэр, жимс зэргийг тарааж сонгогчдоо "эргэдэг" уламжлал тогтсоор хэдэн жилийн нүүр үзжээ.

Өнгөрөгч амралтын өдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн настан буурлуудыг Улаанбаатар паласын танхимд цуглуулж, өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнан өвгөд хөгшдийг олон цаг суулгасан байна. Эцэст нь цагаан сарын бэлэг хэмээн улаан торонд хийсэн сувинер, хоёр килограмм гурил, нэг килограмм чихэр, нэг килограмм будаа тараасан бөгөөд энэ үеэр 83 настай иргэн олны хөлд гишгэгдэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Маш муу зохион байгуулалттай болсон уг арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг урьсан нь байдлыг улам дордуулж хөл, үймээн болох бас нэг шалтгаан болжээ. Бэлэг тараана, азтан шалгаруулж 1 сая төгрөг өгнө, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр ирнэ гэх зэрэгт сэтгэл нь хөөрсөн ахмадууд тараасан урилгаас хол давж ирсэн байна. Ийнхүү арга хэмжээгээ өндөрлөж бэлгээ тараасан хүмүүсээ гаргах үеэр 83 настай өндөр настан олны хөлд дарагдаж, ухаан алдан унасан аж. Улмаар дуудлага мэдээллийн дагуу яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байсан гэв. Талийгаач өөрийн 53 настай хүүгийн хамт тус арга хэмжээд очсон байжээ.

 

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар таг дуугүй өнгөрөхөөр шийдсэн бололтой яамар нэгэн эмгэнэл илэрхийлэхгүйгээр барахгүй, огтхон ч тоохгүй өнгөрөөхөөр шийдсэнийг албан ёсны мэдэгдэл одоог хүртэл гаргахгүй байгаатай холбож тайлбарлаж болохоор байна. Монголчуудын санах ой ядмаг, хэд хоногийн дараа мартана гэж бодсон бол та буруу бодсон бололтой эрхэм гишүүнээ.  Монголын хэвлэл мэдээлэл энэ асуудлыг дараагийн сонгууль хүртэл сануулна гэдэгт та бүрэн итгэлтэй байж болно.

 

Э.Сүрэн

sonin.mn