Орон орны дурлалт хосууд ХАЙРЫН БАЯРаар юу бэлэглэдэг вэ?
2019/02/12
-Хамгийн түгээмэл бэлгэнд чихэр, шоколад орж байна-
Европт Гэгээн Валентины өдрийг XIII зуунаас эхлэн тэмдэглэж иржээ. Энэ хугацаанд Европын улс орон бүр төдийгүй өөр тивийн улс орнуудад ч өөрсдийн. гэсэн “Валентины” уламжлал тогтжээ. Ялангуяа энэ өдөр дурлалт хосуудын бие биедээ өгдөг бэлгүүд харилцан адилгүй байдаг.
АНУ
Хамгийн түгээмэл бэлгэнд Валентины ил захидал, шоколад, чихэр, бялуу зэрэг төрөл бурийн амттанууд ордог. Амттаныг хамгийн гол нь зүрхэн хэлбэртэй саванд боож өгөх ёстой.
ИХ БРИТАНИ
Энд хайрын илгээмжийг зөвхөн хайртай хүндээ төдийгүй найз нөхөд, гэрийн тэжээвэр амьтандаа өгч болно. Эртний уламжлалаар бол хоёрдугаар сарын 14-нд нөхөрт гараагүй эмэгтэйчүүд нар мандахаас өмнө босч, цонхны дэргэд очин тохирох эрээ хардаг. Анх харсан эр нь түүний заяаны хань мөн гэж итгэдэг байжээ.
ДАНИ
Эрчүүд дурлалт бүсгүйдээ хатаасан цагаан цэцгээр бэлэг барьдаг.
ФРАНЦ
Энэ өдөр үнэт эдлэл, дөрвөн мөрт шүлэгтэй ил захидал бэлэглэдэг.
ИТАЛИ
Тус улсад Валентины өдрийг “амттай өдөр” хэмээн нэрлэдэг аж. Учир нь энэ баярын хамгийн түгээмэл баяр нь амттан гэнэ.
ЯПОН
Гэгээн Валентины өдөр япончууд хамгийн чанга, халуухнаар хайраа илчлэх сорилттой тулгардаг. Залуу охид хөвгүүд гүүрэн дээр гарч зогсоод ээлж ээлжээрээ хайраа илчлэн хашхирдаг аж. Энд хамгийн түгээмэл бэлэгт шоколад ордог. Охид түрүүлж сонгосон хүндээ бэлгээ барина. Эрчүүд ч бас хайртай хүндээ хариу бэлэг болгож, сарын дараах “цагаан өдөр”-өөр цагаан шоколад бэлэглэдэг байна.
ЯМАЙК
Ёстой л тэнгэр нижигнэтэл тэмдэглэдэг газар. Эхээс төрсөн биеэрээ, нүцгэн хурим хийх нь ч энүүхэнд.
МЕКСИК
Латин Америкийн бусад орнуудын адил энд Гэгээн Валентины өдөр нь Хайр дурлал, нөхөрлөлийн өдөр гэдгээрээ алдартай. 2012 оны энэ өдөр 6.2 мянга орчим хос бөөнөөрөө хуримлаж байсан түүхтэй.
ЛАЛЫН ОРНУУД
Валентины өдрийг тэмдэглэхийг сайшаадаггүй. Саудын Арабт энэ өдрийг тэмдэглэвэл өндөр торгууль ногдуулдаг.
ХАЙРТАЙ ЗАЛУУДАА ЮУ БЭЛЭГЛЭХ ВЭ?
Хайртай залуудаа Гэгээн Валентинаар бэлэг сонгох нь амаргүй ажлын нэг. Ялангуяа баяр болгоноор цамц, зангиа, түрийвч мэтийг авдаг түүнд арай өвөрмөц сэтгэгдэл үлдээхийг хүсвэл дараах зөвлөгөөнд анхаараарай. Энгийн хэрнээ хэрэгтэй бэлэг байх болно шүү, хайртад чинь.
ДУЛААХАН УНТЛАГЫН ХУВЦАС, ЭСВЭЛ ХАЛАТ
Хайртай хүнээ тайван сайхан нойрсоосой гэж хүсдэг бол аль болох дулаахан байхад нь анхаарах хэрэгтэй. Өнгөлөг халат, эсвэл зөөлөн дулаахан унтлагын хувцас хамгийн зөв сонголт байх болно.
ЧИХЭВЧ
Эрчүүдэд өгөх бэлэг чамин төдийгүй хэрэгцээтэй байх ёстой. Тиймээс загварлаг, орчин үеийн чихэвч бэлэглэвэл дуртай дууныхаа дуугаралтыг дээд зэргээр мэдэрч, тэр тоолондоо танд талархах нь лавтай.
ХАЙРТАЙ ХАМТЛАГ, ДУУЧНЫХ НЬ ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР
Хайртай залуу, нөхөр тань ямар нэгэн хамтлаг, дуучны дуунд маш их дуртай бол юу хийх вэ. Дуртай хамтлагийнх нь тоглолт хагас жилийн дараа болсон ч бай хамаагүй, түүндээ тасалбараар нь бэлэг бариарай. Хайрт тань тэр өдрийг тэсэн ядан хүлээж, танд баярлах болно.
ОРООЛТ, МАЛГАЙ
Хамгийн гол нь хэрэгцээтэй бэлэг гэсэн шүү дээ. Тиймээс дулаахан ороолт, малгайн хослол аваад өгчих. Хүйтэн өдөр даарахгүй, таныг үргэлж дурсах болно.
НОМ
Ном унших үнэхээр дуртай эрчүүдэд л тохиромжтой. Харин уншдаггүй хүнд бэлэглэвэл гомдоож мэднэ шүү.
ЭРХИЙН БИЧИГ
Ямар бэлэг сонгох вэ хэмээн толгой гашилгах завгүй байгаа бол эрхийн бичиг худалдаж аваад бэлэглэчих. Гоо сайхан, массажинд орох, цана тэшүүрээр гулгах, хэл сурах гээд юуны ч эрхийн бичиг байж болно шүү дээ.
БЯЛУУ
Хайртдаа баярын өдөр бэлэг худалдан авч амжаагүй бол бялуу өөрийн гараар хийж өгч болно. Зүрхэн хэлбэртэй, амтлаг крем, шоколадтай, гараа гарган хийсэн бялуу хайртыг тань хэзээ ч сэтгэл гонсгор үлдээхгүй ээ.
ХАЙРТАЙ БҮСГҮЙДЭЭ ЮУ БЭЛЭГЛЭХ ВЭ?
Эмэгтэйчүүд юу хүсдэг гээч? Романтик байдал, турахыг. Сүүлчийн хүслийг нь та баярын өдрөөр биелүүлж чадахгүй ч романтик байдлыг бүрдүүлж чадна. Эрчүүдийн хувьд хайртай бүсгүйгээ баярлуулах бэлгийн маш олон санаа бий. Үүгээрээ тэд бүсгүйчүүдээс азтай. Энд зарим санааг нь цухас дурдахаар шийдлээ.
ТОРГОМСОГ АЛЧУУР, ОРОООЛТ
Ийм бэлэг хараад хайртай эмэгтэй тань лав гомдохгүй. Харин түүндээ тохирох өнгийг сонгохын тулд цув, пальтоных нь өнгийг анхаараарай. Тэгээд худалдагчаас нь сайн зөвлөгөө авч, сонголт хийх хэрэгтэй. Эсвэл дулаан өнгөнд дулаан өнгө, хүйтэнд хүйтэн зохицдог гэсэн дүрмийг ашиглахад л хангалттай.
ГОО САЙХНЫ САВ
Өдгөө ийм савыг авдар, чемодан, цүнх гээд янз бүрийн хэлбэртэйгээр худалдаалж байгаа. Ашигтай, байнга хэрэглэгдэх бэлэгний нэг байх болно.
ТҮРИЙВЧ, ЭСВЭЛ ЦҮНХ
Хайрын баярын онцгой бэлэг болно.
ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮНЭРТЭН
Хайртай бүсгүйгээ ямар гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн хэрэглэдгийг мэдэхгүй бол гоо сайхны аятайхан дэлгүүрийн эрхийн бичиг аваад бэлэглэчих. Тэгвэл тэр өөртөө хэрэгцээтэй гэсэн бүтээгдэхүүнээ өөрөө сонгоод авчихна шүү дээ.
ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ
Үнэт металлаар хийсэн гоёл чимэглэл хэзээд байр сууриа алдахгүй. Шигтгээний хувьд заавал зүрхэн хэлбэртэй байх албагүй шүү дээ.