Энэ сарын 18-24-ний өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир нарын тус аймагт зохион байгуулж буй арга хэмжээнүүд давхацсан нь онцлог байлаа. Аймаг, орон нутгийн хувьд УИХ дахь хоёр бүлгийн дарга, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн арга хэмжээ давхацсан нь орон нутгийн хөгжилд тулгамдаж буй олон асуудлыг газар дээр нь хамтдаа үзэж, цаашид шийдвэрлэхэд илүү дөхөмтэй, давуу талтай болжээ. 21-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Ховд хотын ерөнхий төлөвлөгөөг УИХ, Засгийн газрын төлөөлөл болон ард иргэдэд танилцуулах тайлан хуралд оролцож санал бодлоо солилцлоо. Улсын төсвөөс 1,3 тэрбум орчим төгрөг буюу нэлээд их төсөв зарцуулан гаднын мэргэжлийн байгууллагаар хийлгэж буй уг төлөвлөгөөг эрх ашиг нь хөндөгдөх нийгмийн сегмент, ард иргэдээр сайтар хэлэлцүүлж, саналыг тусгах, цаасан дээрээс ажил болгоход онцгойлон анхаарахыг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санууллаа.

Мөн өдөр бусад албаны хүмүүсийн хамт аймгийн Худалдааны төвийн нээлтэд оролцож жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Үргэлжлүүлэн 2014 оны төсөвт 0 дүнтэй тусгагдсан буюу царцсан барилга объектуудаар орж, удааширсан, зогсонги байдалд орсон шалтгааныг тодруулж, цаашид ямар арга хэмжээг авах шаардлагатай байгаа талаар тус аймагт ажиллаж буй Засгийн газрын зарим сайд болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт танилцууллаа.

Ховд аймгийн хувьд 2007 оноос хойш төсвийн хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, олон барилга байгууламж, дэд бүтцийн байгууламж баригдсан нь аймгийн хөгжлийг олон алхам урагшлуулсан юм. Олон ястны өлгий нутаг, хөдөлмөрч тэмцэгч чанар шингэсэн уг аймгийнханд төвөөс алслагдмал байдал нь амьжиргааны өртөг зардалд шууд нөлөөлж байдаг ч бүх сум нь эрчим хүчинд холбогдож, 200 гаруй км авто зам тавигдаж, эрүүл мэнд, боловсролын салбар, нутгийн удирдлагын барилга байгууламж олноороо шинэчлэгджээ. Шинэ дулааны станц, гэр хорооллын цэвэр бохир усны шугам сүлжээний ажил, баруун бүсийн хүүхдийн парк зэрэг томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна.

Ялангуяа бусад аймагт баригдаагүй том паркийг ховдчууд бүтээж чаджээ. Хаана ч байхгүй хямд үнэ буюу нэг тоглоом нь 1000 төгрөгийн тарифтай тус паркаар зөвхөн өнгөрөгч онд гэхэд 140000 хүүхэд залуус үйлчлүүлжээ. Мөн зуны цагт найман настай балчраас 80 настай ахмадууд, залуу үр хүүхэд, ач гуч, найз нөхдөө дагуулан очиж амарч зугаалдаг гол газар нь болсныг нутгийн удирдлагууд онцолж байлаа. Энэ мэтчилэн олон давуу тал, хийж бүтээгдсэн зүйл Ховд аймгийн өнгө төрх, өөдрөг жавхааг нэмж байв. Өмнөх парламентын үеэс бодлого болгон дэвшүүлсэн төсвийн хуулийн үр дүнд орон нутагт бие даан зарцуулах төсвийн хэмжээ эрс нэмэгдэж 2013, 2014 онд тус бүр 11 тэрбум төгрөг хуваарилагдсан билээ. Энэ төсвийг оновчтой, хүртээлтэй, үлдэцтэй зүйлд зарцуулах, иргэддээ нээлттэй ил тод байлгах, ингэхдээ ор нэрийн төдий саналыг авсан байдлаар ач холбогдол багатай зүйлд зарцуулахгүй байхад анхаарах нь чухал байна.