Д.Тэрбишдагвын ажлыг хөнгөлөх юмсан
2014/02/26
Шадар сайдын гуншин дахиад л нэмэгдэх нь.Гурван давхар дээлтэй гэж намын нөхөддөө адлуулж байхад нь юун хүндэт профессор.Хүнсний технологийн дээд сургууль эрхэм сайдыг ийн өргөмжлөхөөр зэхэж байгаа дуулдсан.
Чухам ямар үндэслэл, болзол хангасан юм бүү мэд.Гэхдээ Д.Тэрбишдагва үүнээс татгалзах байлгүй дээ.Арай авч алиатаж, ард түмний доог тохуу болохгүй биз.Гэхдээ бусдын дотор руу өнгийж үзсэн биш, хэн мэдлээ.Өөрөө захиалаагүй л бол яамай.
Намын үүрэгт ажил нь ч, хариуцсан салбар нь ч ахиж, дэвжих нь битгий хэл балран доройтох болсныг мань хүн ухамсарлаж буй.Ганц хүнийг тахин шүтсэн намд түүний гүйцэтгэх үүрэг, роль ч үгүй болсон гэнэ билээ.Ямартаа л, эксийн төлөө элдэв санаачилга гаргасангүй гэж О.Баасанхүүгээс эхлэн мань хүнийг эрүүдэх хүн олон.Боломж л гарвал ганц ч болтугай дээлийг нь тайлж, бүр цаашилбал хөнгөлөх юм гэдэг шүү.Тиймээс сав л хийвэл огцруулна гэж орилох болж.УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хүний ажил болохгүй байгаа гэхээс илүү завгүй байгаатай нь холбоотой гэж би боддог юм.
Манай Д.Тэрбишдагва дарга чинь гурван давхар дээлтэй хүн шүү дээ.Хэцүү л байдаг байх.Уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх.Гэтэл одоо намын дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн гээд нэг хүнд ахадмаар ачаалал үүрч яваа хүн. Энэ ачаандаа түүртдэг байх.Үүрээр ажилдаа гараад, шөнө дунд л гэртээ харьдаг гэнэ билээ.Уг нь хүн биеэ бодох хэрэгтэй шүү дээ.Өөртөө цаг заваа зориулах ёстой.Хамгийн гол нь нэг юман дээрээ төвлөрөх хэрэгтэй.Тэгж л бодож байна.Түүнээс Д.Тэрбишдагва даргыг шүүмжилж байгаа юм биш.Энэ хүн хэтэрхий завгүй байгаа учраас хяналтаа алдчихаад байгаа юм” гэсэн байдаг.Нээрээ л тэр олон давхар дээлэндээ түүртээд аль нэг ажлаа хийж чадахгүй хаячихаад байгаа бололтой.
Ядаж суухад нь намын даргынхаа амар мэндийг эрих зуур шүлхий хүрээгээ тэлж, хөл хорио тогтоов.Голомтын бүсэд ажиллаж байх ёстой ОБЕГ-ын даргаар цүнхээ бариулаад явсныг нь яана.Яалт ч үгүй л ялаас мултрахгүй болчихоод байгаа юм.Уг нь тухайн үед намын дэд даргын үүргээ гүйцэтгэж, Улсын онцгой комиссын дарга гэдгээ мартчихсан хэрэг.Давхар дээлтэйн хар гай, хөөрхий.Ямар өөрийгөө хоёр хуваалтай биш.Гэхдээ УИХ-ын дэд дарга асан С.Баяцогтын дэргэд тиймхэн зүйлийг мартахад ямар юмных нь ял, шийтгэл байх вэ дээ.Тэгээд ч мань хүний сэтгэл нь Сүхбаатар аймагт байвч бие нь Солонгост нам доторх шүлхийгээ намжаах гээд ухаангүй байсан юм чинь.Генсекийн суудлаа булаалдахын зэрэгцээ нэгнийгээ дэгээдэж унагаах гэсэн хэдэн атгаг нөхрийг аргадаж, энхрий хайрт эксийг энэрэн хамгаална гэдгээ сурталчлаад завгүй байсныг нь малчид яаж мэдэх вэ дээ.Юутай ч түүнийг ийн шинэлэх шивнэлдэхийн зуур шүлхий хүрээгээ тэлж, Хэнтий, Дорноговь аймагт “халдварлав”.Гай л байхгүй юу.Заавал намын даргадаа тал засах үеэр мал шүлхийтээд л.
Асуудал багадсан юм шиг барилгынхны ухсан нүх рүү хүн амий алдчихлаа.Эсвэл төмөр унаад айлын хүүхдийн амийг авч одохыг яана.Иргэд гудамжаар явахдаа, өндөр барилгын дэргэдүүр өнгөрөхдөө бараг л зүрхнийхээ цохилтыг сонсох шахаж байна.Өнөөх л Шадар сайдын эрхлэх хүрээнд хийгдэх ажлууд чанаргүй байгаагийн илрэл.Өөрийн мэдлийн байгууллагынхаа дарга нарыг суулгаж байгаад гарын үсэг зурахаас өөр ажил ч хийхээ больсон бололтой юм билээ.Тэр нь ажил сайжруулж, уялдаа холбоог бэхжүүлэхэд хачин сайн гэж мань хүн ч хэлж байгаа харагдсан.Энэ аргыг нь мэргэжлийн хяналтынхан хүртэл хуулбарлаж “Авлигагүй нэг сарын аян” зарласан гээч.Ганц сар гартаа мөнгө барилгүй тэвчих хөдөлгөөн шиг сонсогдож, хавь ойрынхны чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгээд амжсан.Ил цагаандаа гарсан энэ үйлдлийг Шадар сайд ихэд сайшаасан сураг хожим сонсогдсон.
Хүнсний технологийн дээд сургуулийн хүндэт профессор болсон Шадар сайд Д.Тэрбишдагвад сүүлийн үед хүнсний эрүүл ахуйн асуудал аюулын харанга дэлдэж байгааг уламжилъя.Будаанаас өт гарлаа, хятадаас хуурамч өндөг, байцаа орж иржээ, архинд хордож хүн нас барлаа гэсэн мэдээлэл мундахгүй их байгааг олж уншаарай.Хариуцсан асуудлын тань хүрээнд хийх ажил их байна.
Дашрамд дурьдахад, ийнхүү шагнал хүртсэн Шадар сайд өчигдөр Увс аймагт ажилласан байна билээ.Тус аймагт шүлхийгээс ноцтой асуудал гараад явчихсан юм уу, гэвэл үгүй. Тэр битүү худалдааны төвийн нээлтэд очсон хэрэг.Тус аймагт очихоосоо өмнө Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Увс аймгийн 10 гаруй суманд ажилласан юм билээ.Байгаа олдоггүй Шадар сайдтай байх ийм байдаг ажээ.
Г.ХИШИГСҮРЭН
Зочин · 2014/02/27
Ene unen hudalch aa zalilaad uguuch
irgen · 2014/02/27
Uul ni mundag hodolmorch hun shig bdgiin amjuulj chadah bailgui dee gehdee sain muslahuud heregtei dee