Улс орны амьдрал хүндхэн, хаа хаанаа хямралтай, амьдралаа сайжрах болов уу хэмээн эрхэм дээдсүүддээ битүүхэн найдлага тавьсан ард түмэн л байна.
 Харин эрхэм дээдсүүд маань юун улс орон, ард түмний амьдрал вэ. Ёстой л өнөөх чавганцийн хэрүүл хийсээр өдөр хоног өнгөрөөж буй. Хамгийн сүүлд болоод байгаа нэг хөгийн жишээг дурдая л даа. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой асуудлаар О.Баасанхүү гишүүн УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандаад буй. Учир нь эрхэм гишүүн маань Хууль зүйн сайдаа “Эм Си Эс”-тэй ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэнд оршино. Учрыг цааш тодруулахаар инээдтэй юм билээ. Ёстой л өнөөх хийх ажилгүй нөхрийн аргаа барсан үйлдэл гэдэг нь харагдана. О.Баасанхүүгийн хэл байгаагаар бол “Эм Си Эс”-ийн хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очирт Хууль зүйн сайд маань хүүхдээ үрчлүүлээд буцааж авч байгаа юм уу, хаашаа юм. Морины наймаа хийгээд буцаж байгаа юм шиг хөгийн юмыг тэр ярьсан. Энэ тухай О.Баасанхүү хэлэхдээ “2012 онд “МCS” компанийн хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн 15 настай хүүг үрчилж авсан байдаг. Хүүг нь үрчилж авсан шалтгаанаа Л.Элдэв-Очир шүүхийн танхимд тайлбарлахдаа “Би Канад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр 2012 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр томилогдсон. 

Энэ үед миний дотны найз Х.Тэмүүжин өөрийн хүүгээ Канадын дунд сургуульд явуулахын тулд надад үрчлүүлье” гэсэн. Найзынхаа хүү гэдэг утгаараа сурч боловсрох орчинг нь сайжруулж, визийн хөнгөлөлт болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл зэргийг нь харгалзан үзэж зөвшөөрсөн. Одоо бол хүүг өөрийнх нь эцгээр овоглуулах шаардлага гарсан учраас буцааж өгье” гэсэн байна лээ. Энэ нь хүүхэд нь 16 нас хүрсэн учраас буцааж өгсөн байгаа юм” хэмээн тайлбарлажээ. Чухам юу нь болохгүй байгаа юм бол доо. Нэг нөхөр хүүхдийнхээ сурах орчныг сайжруулахаар найздаа хууль ёсны дагуу үрчлүүлээд, буцаагаад өөрөөрөө овоглох л гээ биз дээ. Байх л асуудал. Гэтэл О.Баасанхүү цааш хэлэхдээ “Би хувьдаа тэр хүүхдийг Канад явсан гэж үзэхгүй байгаа. Яваагүй байх. Хэрэв явсан байлаа гэж үзэхэд бас буруу. Яагаад гэхээр Л.Элдэв-Очир бол төрийн тусгай албан хаагч. Үүнийг зарим хүн “Яах вэ дээ, мөнгө төгрөг бага учраас найз нөхөддөө түр үрчлүүлээд сурах орчныг нь сайжруулсан байх гэж хэлэх байх. Төрийн тусгай албан хаагч тодорхой албан тушаал хашиж байхдаа өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой. Хууль зүйн сайд ч гэсэн өөрийн эрхлэх салбарынхаа ажлыг хийх ёстой. Гэтэл нэгнийхээ хүүхдийг үрчилж авдаг, буцааж өгдөг байж таарахгүй. Энэ бол хуурамч үрчлэлт. Хоёрдугаарт, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчиж байна” гэх зэргээр тайлбар өгсөн байна лээ. О.Баасанхүүгийн хийж чадах л ажил энэ дээ.

Ч.Болд