Нийслэлд шинээр барьж буй 51-ээс дээш метр өндөртэй 51 барилгад мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалт хийхэд хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалтад зургаан барилга эрсдэлтэй, 13 барилга дунд эрсдэлтэй гэж гарчээ.

Мөн барилгын угсралтад 92 хувь эрсдэлтэй гэж гарсан байна. Уг барилгуудад Барилгын хуулийн хэрэгжилт 60.5, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт 55.7, барилгын өргөх байгууламжийн шаардлага хангасан нь 40 хувь гэж гарчээ. Барилгын газрын харилцааны холбогдох хуулийн хэрэгжилт 56, геодегизи, зураг зүйн хуулийн хэрэгжилт 37.25 хувьтай хэрэгжиж байжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилгуудад удаа дараа гарсан осол аваарын шалтгааныг тогтоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт баригдаж байгаа 17 болон түүнээс дээш давхар барилгуудад ажлын явц байдалд шалгалт хийжээ.

 

Тус хяналт шалгалтад 32 аж ахуй нэгжийн 90 гаруй инженер, техникийн ажилтан хамрагдаж, нийт 20 цогцолборын 51 барилга шалгагджээ.

Шалгалтын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, барилгын тухай, газрын тухай хуульд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг шалгажээ. Шалгалтын явцад Сүхбаатар дүүргийн I хороонд “Шангри-Ла Улаанбаатар” ХХК захиалгаар баригдаж буй II ээлжийн барилгаас бусад барилгуудын хүйтний улирлаас шалтгаалан зогссон байжээ. Иймээс хяналт шалгалтыг холбогдох хүмүүсийг оролцуулан хийжээ.

Шалгалтаар давхардсан тоогоор 880 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 214 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Ноцтой зөрчилд найман өргөх байгууламжийн ашиглалтыг түтгэлзүүлж, дөрвөн барилгын ажлыг түр зогсоох арга хэмжээ авчээ. Үүнд өнгөрсөн онд улсын байцаагчийн актаар барилгын ажлыг нь зогсоосон Сүхбаатар дүүрэгт “Индустр” ХХК-ийн “Соембот-Өргөө”, Чингэлтэй дүүрэгт баригдаж буй иргэн К.Пүрэвийн оффис үйлчилгээний барилга, “Макс-Өргөө” ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний барилгуудад илэрсэн зөрчлөө арилгаагүй байжээ. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авчээ.

Энэ шалгалтын дүнгээс үзхэд Монгол Улсад барилгын тухай хууль тогтоомжууд огт хэрэгждэггүй гэж үзэхэд хүргэж байна. Мөн барилгын компаниуд хуулийг мэддэггүй, эсвэл огт дагаж мөрддөггүй аж. Сүүлийн есөн жилд барилгын салбарт 581 удаагийн осол гарч, 256 хүний амийг авч оджээ. Мөн 130 хүн дахиж сэргэхээргүй тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан байна. Харин сүүлийн хоёр жил барилгын 108 осол гарсан. Уг ослуудад 42 хүн амь насаа алдаж, 28 хүн тахир дутуу болжээ. Хэдийгээр мэргэжлийн байгууллагууд барилгын үйлдвэрийн ослоор нас барсан хүний тоо 2012 онтой өнгөрсөн оныг харьцуулахад 50 хувиар буурсан гэж мэдэгдэж байгаа. Гэвч энэ он гарсаар хүн нас барсан барилгын үйлдвэрийн осол тав гарсан байна. Энэ бол ихэнхи барилгын ажил зогссон байдаг өвлийн улиралд гарсан осол. Энэ янзаараа барилгын ажлууд үргэлжилбэл дулааны улиралд хэдэн ч хүн үхэж магадгүй байна. Ийнхүү барилгын ослын улмаас сүүлийн есөн жилд 293 хүн нас баржээ.

Барилгын салбарт 293 хүний амь үрэгдчихээд байхад хариуцлага хүлээсэн хүн нэг ч байхгүй байна. Барилга барих зөвшөөрөл авахын тулд шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлээд л Барилга, хот байгуулалтын яамнаас авчихдаг гэх юм. Өөрөөр хэлбэл, барилга дээр нь очиж танилцалгүй барилга барих эрхийг нь өгдөг гэнэ. Энэхүү зөвшөөрлийг Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба олгодог гэнэ. Мөн засч залруулах зөрчлийг засуулаад болно гэж бодъё, засагдхаасаа нэгэнт өнгөрсөн баригдаад боссон барилгуудад буцааж нураах л арга үлдэж байна даа.

Д.МЯГМАРДОРЖ