Б.ДОЛЖИНЖАВ

УДЭТ-ын уран бүтээлчид нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэ өнгө төрхтэйгөөр үзэгчдэд хүргэхээр болжээ. Найруулагч Н.Наранбаатар 13 жилийн өмнө найруулж байсан бол энэ удаа Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү найруулагч М.Батболд найруулснаар өнөөдрөөс тайзнаа тоглох гэж байна. Жүжгийн гол дүр Жаргалын дүрд тоглосон УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэнг “Өөр зочин” буландаа урилаа.

– “Хайрын виз” жүжгийг шинэ өнгө төрхтэйгөөр тоглох гэж байна. Та Жаргалын дүрд тоглолоо, сэтгэгдэл хэр байна вэ?

– Энэ удаа “Хайрын виз” уянгын драмын жүжгийг залуу найруулагч М.Батболд урсгал чиглэлийн хувьд пост чиглэлээ дагнаж, шинэ технологи ашиглан найруулж байгаа учраас шинэлэг жүжиг болж чадаж байгаа.

Жаргалын дүрд тоглож байгаадаа баяртай байна. Дүр дээрээ их хариуцлагатай ажиллаж театрт хайртай олон үзэгчийн зүрх сэтгэлд уяатай байдаг сайхан мэдрэмжийг энэ дүрээрээ дамжуулж дахин хөглөх юмсан гэсэн эрмэлзэл, горилсон сэтгэл их байна.

– Өмнө нь энэ дүрд Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ тоглож байсан. Таны бүтээх Жаргал түүний бүтээж байсан Жаргалаас ямар ялгаатай вэ?

-Миний бүтээж буй Жаргал эрч хүчтэй, эрх дураараа, өөрийнхөөрөө, хайр дурлалдаа үнэнч, аливаад тууштай ханддаг олон сайн талтай. Идэр насны залууд байх ёстой эрэмгий зоримог, өөрийнхөө олсон шийдэл санаандаа үнэнч, бат суурьтай зогсож чаддаг зөв хүн байх гэж хичээдэг залуу.  Үзэгчид Жаргалын аливаа зүйлийн эцсийг нь үзэж, өөрийнхөө үзэл санааг хамгаалж чаддаг зан чанарыг нь сайн тунгааж хараасай гэж хүсч байна.  Залуу насны дэврүүн, шийдэмгий, гал цогтой  байдал нь  залуучуудад үлгэр дуурайлал болох болов уу гэж бодож байна. С.Болд-Эрдэнэ ах  бол үе үеийн олон жүжигчдэд үлгэр дуурайлал болж, биднийг өнгөлж, тэргүүн эгнээнд явж байгаа жүжигчин. Түүний бүтээсэн Жаргал тухайн цаг үедээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Тэр Жаргалд хүрэх гэж өөртөө байгаа нөөц бололцоогоо ашиглан хичээж ажиллаж байна.

-Анх “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлиг эмчийн дүрд тоглож байсан. Жаргалын дүрийг Дорлигийн дүртэй харьцуулбал?

-Найруулагч Н.Наранбаатар энэ дүрд тоглох боломжийг олгосон. Дорлигийн дүр бол гэр бүл төлөвшсөн хойно тааралдсан сорилгын өмнө эр хүн яаж бүдчиж, ээдрээ болгоны зангилааг нь тайлж, эцэст нь өөрийнхөө үнэн хайр дурлал, хүлээж байгаа үнэнч зүрх сэтгэлтэйгээ эргэн учирч буйг харуулсан хүнд өгөөжтэй сайхан дүр. Энэ дүр дээр ажиллаж байхдаа би “Нэг удаагийн уучлал мянган жаргалын үүдийг нээнэ” гэж дүрийнхээ дэвтэр дээр бичиж үлдээсэн. Энэ үг гэр бүлд үл ойлголцол гарч, сэтгэл хөрөх үед хүний сэтгэл үүнтэй тэмцэж, тэсч, давж гарч байж л гэр бүл бүтэн үлдэнэ гэдгийг ойлгуулсан. Дорлигийн дүрийг бүтээхдээ би нэг юмыг их   өмөөрч бодсон. Алдаа болгоны ард ямар нэгэн уучлал байх ёстой. Эцсийн эцэст бүх юмны төгсгөлд хүн хүнээрээ л хүнтэй учирч байдаг. Хүний сайхан сэтгэл дээр тулаад үлдэж байгаагаа хүн мэддэг  байх ёстой. Хүн өрөөлийн сайхан сэтгэлийн өмнө сөхөрч, бууж өгч сурах ёстой гэдгийг Дорлигийн дүрийг бүтээхдээ ойлгосон. Харин Жаргал бол  идэр залуу хүн. Гадаадад сургууль төгсөөд ирсэн учраас нийгмийн байдлыг арай өөр хэмнэл, өөр ухаанаар тольдох чадвартай болсон залуугийн дүр байгаа. Энэ хоёр дүрийн хайр дурлалын дамжлага нэг боловч амьдралын туулсан цаг хугацааны хувьд өөр.

-Залуу жүжигчний хувьд Жаргалын дүрийг бүтээнэ гэдэг том ололт. Энэ дүрд таныг сонгосон шалтгааныг юу гэж бодож байна?

– Энэ дүрийг надаас илүү бүтээх чадварлаг жүжигчин олон бий. Үеийн залуучуудтайгаа мөр зэрэгцэх тэнхэлтэй байж, илүү өсч дэвжээсэй, илүү их зүйлийг олж хараасай гэсэндээ намайг сонгож, энэ дүрийг оноож өгсөн байх гэж бодож байна. Энэ хүмүүсийн  хүлээлгэсэн итгэл найдвар  намайг хариуцлагын үнэ цэнийг мэдэрдэг чадвартай болгож байгаа болов уу.

-Дүрээ хэрхэн судалж, дүртэйгээ хэрхэн ажилласан бэ?

-Дүрийн судалгааны хувьд найруулагчийнхаа зөвлөгөөг дагаж байгаа. Мөн Ч.Найдандорж багш энэ дүр дээр их тусалж, хөшүүрэг болсон. Залуу уран бүтээлчийн хувьд туршлагатай уран бүтээлч, найруулагчдын зөвлөгөөний дагуу ажиллана гэдэг дүрд их өгөөжтэй. Үзэгдлээс үзэгдэлд энэ дүр өөрөө хэн байсан, хэн болж хувирав, бусад дүртэй харьцаж байгаа хандлага хэр байна гэдэг дээр зан төлвийн судалгаа хийж ажиллаж байна. Энэ дүрээс ийм зүйлийг нь мэдэрчих юмсан, мэдэрсэн зүйлээ хүнд ингээд ойлгуулчих юмсан гэсэн мэдрэмж маш чухал. Хүний  туулаад өнгөрсөн амьдралаар амьдарч , хэсэг хугацаанд тэр хүнээр амьсгална гэдэг огтоос тоглоом биш. Хэн дуртай нь барьж аваад өнгөц дүгнээд өөрийнхөөрөө ойлгоод тоглодог зүйл биш. Дүр болгоны туулсан амьдралыг мэдрэх, тайзан дээр гарч байгаа олон дүрийн салхийг хагалж мэдрээд явах  тэр мөч сорилго болж олон зүйлийг сургаж, тэр хэрээрээ жүжигчин хүний ертөнц баяжиж байдаг. Эргээд харахад их зүйлийг туулсан, эргэцүүлэх талбар өргөн болсон байдаг. Олон сайхан дүр бүтээсэн, дүрийнхээ оюунлаг тусгалыг нь олж харсан, зүрх сэтгэлийг нь хамтдаа хуваалцаж чадсан жүжигчдийг хүндлэх үзэгчдийн хүндлэл үүнд оршдог болов уу гэж боддог.

-Дурлалт залуугийн дүрийг бүтээж буйгийн хувьд хайрыг хэрхэн ойлгодог вэ?

– Амьдралын хамгийн гол утга учир нь хайр. Хайраа олох гэж л хүн амьдралд ирдэг. Хамгийн эцсийн мөчид эцсийн амьсгалаа хайртай хүнийхээ дэргэд хураах гэж л хүн амьдардаг болов уу. Тиймээс хайр дурлалд хүмүүс хүндэтгэлтэй хандах ёстой. Хайрыг олно гэдэг хүний амьдралд тохиох ховор нандин зүйл. Дурлал гэдэг тэрнээс илүү хүчтэй. Хүн амьдралдаа хайрыг нэг л олдог. Энэ хайр байна гэж ойлгож, өөртөө үүрч, мэдэрч, буцааж зориулж, тэрийг хуваалцаж чадна гэдэг тэр хүнээс их төлөвшил, ухаан шаардана. Энэ болгоныг таньж мэдэж өөрөөрөө дамжуулж байгаа Жаргалын дүр үзэгчдэд илүү нандин байх болов уу гэж бодож байна.  Хүний амьдралын нэг юм уу хоёр секунд нь л хайранд оногддог байх. Ирээдүйд тулгарах дааж давшгүй олон сорилтыг тэр нэгхэн хоромд мэдэрсэн мэдрэмжээрээ туулдаг гэж боддог. Хамтдаа өнгөрүүлсэн бүх мөчийг хураагаад биеийнхээ хаа нэгтээ шигдсэн хайрыг мэдэрсэн мөчид тэр хоёр хүнийг юу ч салгаж чадахгүй. Зөвхөн тэр хоёр хүн ойлгодог, үүдийг нь нээж чаддаг орон зай хосуудад үүсдэг. Хайрыг илүү гүнзгий мэдэрч, тэр хүний  надад илгээж байгаа хайраас нь илүү хайрыг өгөх юмсан, хамтдаа олон зүйл дээр туулж хүрэхийг хүсдэг.

-УДЭТ-т ажиллана гэдэг жүжигчин бүрт тохиох завшаан биш. Жүжигчин байхын сайхан нь чухам юу юм бол?

– Би СУИС-ийн жүжигчний ангийг 2014 онд төгссөн. УДЭТ-д дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Тайз гэдэг хүндлэх олон шалтгааныг агуулж байдаг тийм газар. Эргэн тойронд байгаа хүмүүсээр нь хүнийг үнэлдэг бол миний дэргэд гэрэлт нар шиг хүн олон байдаг. Энэ хүмүүстэй хамт ажиллана гэдэг маш том хувь тохиол. Хүн хүний төлөвшил янз бүр. Тэр болгонд тааруулаад ая тал засна гэхээсээ илүү өөрийнхөө халдашгүй дархан зан чанарыг сахиж явах үүрэгтэй, их дэг, эрэмбэ дараа, өөрийн гэсэн жаягтай мэргэжил бол жүжигчин. Тэрнээс хэн нэгнийг зугаацуулж, баярлуулдаг, уйлуулж гундаадаг мэргэжил биш. Бодит байдал дээр нэг нэгэндээ илэрхийлж чадахгүй байгаа зүйлийг дүрээрээ дамжуулж, илэрхийлж чадах чадвартай жүжигчин болох гэж хичээж явна. Тайзан дээр тасралтгүйгээр жүжигт тоглож байх юмсан гэж боддог. Нэг сар л жүжгэнд оролцохгүй, нэг өдөр жүжгээ давтахгүй байна гэдэг бол жүжигчин хүн нэг юмыг мэдэхгүй өнгөрөөж буй хэрэг юм.

-Бүтээхийг хүсдэг мөрөөдлийн дүр бий юу?

-Би зав гарвал зохиол уншдаг. Унших маш сайхан, гоё мэдрэмж.  Унших болгондоо би ховор нандин зүйлийг олж мэддэгтээ их баярладаг. Зохиолыг нь уншихад энэнд миний чансаа, чадвар хүрэх болов уу гэж бодсон олон сайхан дүр бий. Би залуу насандаа түүхэн кинонд эх орондоо үнэнч, шударга эр хүний дүрийг бүтээхийг хүсдэг. Хүний сэтгэл булаагаад, дэвэргээд өнгөрөх өнгөц дүр олон бий. Түүнээс илүүтэйгээр  80 настай хүн үзсэн ч алга ташихаар хэмжээний, хүний сэтгэлийн нандин утсыг хөндөж чадсан тийм сайхан дүрийг бүтээхсэн гэж хүсдэг.

-Залуу насны мөн чанар, үнэ цэнэ юунд оршдог юм бол?

-Залуу насны мөн чанар бол ялагдашгүй, хэзээ ч бууж өгөхгүй,  үргэлж өөртөө итгэх итгэл гэж боддог. Залуу насанд нөхөрлөл, бусдыг харах харц, бусдын тухай бодол хамгийн сайхнаараа  ямар ч хир буртаггүй байдаг. Зорьсон бүхэндээ хүрэх юм шиг итгэл залуу насанд л төрдөг. Энэ итгэлээ алдахгүйгээр өөрийнхөө зорилгод хүрнэ гэдэг бол тэр хүний ур чадвар, самбаа, эр зоригийн илэрхийлэл юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.7  БААСАН  №116  (6083)