Манай улсад ашиг сонирхлын зөрчлийг хуулиар зохицуулсан ч сонирхлын зөрчлөөс үүдэлтэй бизнесүүд цэцэглэн хөгжиж байгаа нь хууль үйлчилдэггүйн тод жишээ болж байна.

Үүний хамгийн энгийн бөгөөд тод томруун жишээгээр УИХ-ын гишүүн С.Баярцогтыг нэрлэж болно. Тэрбээр Сангийн сайд байхдаа буюу 2009 онд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг гардаж гүйцэтгэсэн хүмүүсийн нэгд зүй ёсоор орж, нэрээ түүхэнд мөнхөлсөн нэгэн. Түүнийг энэхүү Хөрөнгө оруулалтын гэрээг гүйцэтгэхтэй зэрэг­цээд “С.Баярцогтынх” гэж нэрлэгддэг компаниуд Оюу­толгойн ханган нийлүү­лэгчээр шалгарч эхэлсэн нь ямар учиртай вэ гэдэг асуулт хамгийн түрүүнд хөндөгдөж байсан. Гэсэн ч үүнийг хэн ч авч хэлэлцээгүй. Түүний хоолны сүлжээ ресторан болох “Модерн Номадс” Оюутолгойн ажилчдын хоолыг бэлтгэх ажлыг шууд л хариуцаж авсан нь тийм ч олон хүний сонирхлыг төрүүлээгүй нь сонин. Үүнээс гадна Оюутолгойн ажилчид хоолондоо хордсон хэрэг гарч байсан ч бас л хэн ч тоогоогүй. Хэрэв өөр хэн нэгний компани Оюутолгойн хоолыг ханган нийлүүлдэг байсан бол яах байсан бол. Гэрээгээ цуцлахаас эхлээд л олон арга хэмжээ авах байсан биз. Бас С.Баярцогтоос өөр Сангийн сайд байсан бол олон нийтийн нүдэн дээр УИХ-ын гишүүнтэй мэтгэлцэхдээ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын талаар математикийн хичээл заахгүй л байсан байх гэж бодогддог юм. Үүнээс гадна Оюутолгойн бүх л үйлчилгээг хариуцдаг “CIS” хэмээх Францын компанитай ч эрхэм гишүүн С.Баярцогтын нэр холбогддог юм билээ. Тэрбээр энэхүү компанийг Оюутолгойн гүйцэтгэгчээр шалгарахад онцгой үүрэг гүйцэтгэсэн нэгэн аж. Харин одоо энэхүү компани нь Оюутолгойд мөн л дархан эрх эдэлж байгаа юм гэсэн.

УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр түүнийг Сэлэнгэ аймгийн сонгогчиддоо алтадсан Намсрай бурхан тараасан гэсэн мэдээллийг тухайн үед Ардын намынхан цацаж байсан. Гэсэн ч энэ асуудлыг мөн л тэгэсхийгээд өнгөрөөсөн.

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо /The International Consortium of Investigative Journalists or ICIJ/ -ныхон УИХ-ын гишүүн С.Баярцогтыг “Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.доллар бүхий нууц данстай” гэдгийг өнгөрсөн жил мэдэгдсэн нь түүнийг олны анхаарлын төвд аваачсан ч эцэст нь тэрбээр УИХ-ын дэд даргынхаа албан тушаалаас буугаад л өнгөрсөн. Энэ нь бас түүний энэхүү үйлдлийг хэн ч тоогоогүйг гэрчлэх биз ээ. Эсвэл тэрбээр энэ талаар маш сайн тайлбар хийсэнд учир нь байж болох юм. УИХ-ын гишүүн С.Баярцогт тухайн үеэд “Миний нэр дээр бүртгэлтэй “Legend Plus Capital Limited” нэртэй компани бий. Би тус компанийг 2008 оны тавдугаар сард 3-4 найзтайгаа хамтран байгуулсан юм. Тэр үед УИХ-ын сонгууль болоогүй. Би Сангийн сайд болох талаар ямар ч төсөөлөлгүй байсан. Хамтарсан Засгийн газар 2008 оны аравдугаар сард байгуулагдсан, Оюутолгойн гэрээг байгуулах үйл явц 2009 оны долоодугаар сараас эхэлсэн байдаг. Тиймээс энэ компани нь миний 2008-2012 онд хашиж байсан албан тушаалтай хамаагүй” хэмээсэн байдаг. Түүний ярианаас үзэхэд үнэхээр далдыг хардаг биш, гэнэн хүн учир л УИХ-ын гишүүн С.Баярцогт оффшор бүсэд данс нээж гэх сэтгэгдэл төрөхөөр байгаа юм. Харин дансанд нь байршиж байгаа гэгдсэн нэг сая ам.долларын тухайд эрхэм гишүүн хариулахдаа нэг сая ам.доллар хүртэлх мөнгө хадгалуулж байсан болохоос одоо тийм мөнгө байхгүй. Одоо тэр дансанд 1658 евро буюу монгол мөнгөөр гурав орчим сая төгрөг байгаа. Би энэ мөнгөө Монголд бүртгэлтэй компаниудынхаа данстай нэгтгээд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хавсаргаад явдаг” гэж тайлбарласан байдаг. Үүнээс нь болж УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн өндөр дээд албан тугаалтнууд нь оффшор бүсэд данс нээлгэх, мөнгө хадгалуулахыг хориглохтой холбоотой хуулийн төсөл санаачилж, УИХ-аас дэмжлэг авсан. Гэхдээ энэ хуулийн төслийг УИХ-ын цөөнгүй гишүүн эсэргүүцэж байсны дотор оффшор данстай гэдэг нь илэрсэн эрхэм гишүүн С.Баярцогт багтаж байсан юм. Дээрх гишүүд “Оффшор данс, оффшор компани гэдэг бол эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэх боломжийг олгож өгдөг учир хууль бус үйлдэл биш” хэмээн тайлбарлаж байсан. Нэг талаараа үнэхээр тийм боловч УИХ-ын гишүүн С.Баярцогт оффшор компани хамтран байгуулсан гэгдэх 3-4 найз нарынхаа нэрийг одоо болтол дэлгээгүй нь хариулт нэхсэн хэвээр байгаа юм. Мөн дээрх мөнгө өдгөө хаана “нуугдаж” байгаа бол.

Р.САРАНГОО