Б.Ганхуяг: Нүүрс тээврийн жолооч нарт дугаар тараадаг болно
2019/07/03
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Тавантолгой Гашуунсухайт ” чиглэлд хатуу хучилттай автозамыг ашиглалтад өгч байна. Хөрөнгийг танай компани дангаараа гаргажээ. Энэ автозам ашиглалтад орсноор ямар давуу талтай вэ?
– Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын хатуу хучилттай 8.2 км автозам ашиглалтад орлоо. Ингэснээр гурван төрлийн өндөр ач холбогдолтой. Манай компани энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлочихоод байна. Зам ашиглалтад орсноор энэ дүн өсч, эдийн засагт сайн үр дагавар авчирна. Мөн жолооч нарт аюулгүй, ая тухтай байдлыг бий болгож байна. Говийн нөхцөлд автозам барина гэдэг амархан мэт боловч энэ замын хувьд нэлээд хад асгатай хэцүү байрлалд баригдсанаараа онцлог юм.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 2019 онд 18 сая тонн нүүрс экспортлоно гэсэн байна. Энэ төлөвлөгөө хэр биелэлттэй байна вэ?
-Одоогоор 10 орчим сая тонн үлдсэн байна. Зам сайжирснаар манай компанийн төлөвлөгөө ч нэмэгдэж, Улсын төсөвт оруулах татварын хэмжээ өснө. Мөн уурхайн орчимд тоосжилт нэлээд байна. Малчин иргэдийн маань хувьд хүндрэлтэй байдаг. Засмал замтай болсноор энэ асуудлыг ч шийднэ гэж тооцоолсон.
-Компани дангаараа хөрөнгийг нь шийдсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Замын ажлыг нэг жил зургаан сарын хугацаанд гүйцэтгэсэн. 14.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс гаргасан. Ер нь 2019 он манай компанийн хувьд их бүтээн байгуулалтын жил болно. Тавантолгой Зүүнбаянгийн төмөрзамын ажлаа эхлүүллээ. Эхний санхүүжилтээ авсан. 50 км-ыг тавихаар явж байна. Одоо Тавантолгой Гашуунсухайт чиглэлд мөн удахгүй төмөр зам барих ажил эхэлнэ. Олон Улсын аудитын байгууллагаар баталгаажуулахаар ажиллаж байна. 350 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулсан. Ингэснээр уурхайчдын хотхон байгуулах, ногоон байгууламж, кемп байгуулах асуудал багтсан гэсэн үг. Мөн Тавантолгой Гашуунсухайтын паралель автозамыг тавина. Тавантолгойн Хангимандал чиглэлийн автозамын ТЭЗҮ бэлэн болсон. Концессын асуудал удахгүй баталгаажих байх. Ирэх сарын сүүлчээр нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем суулгахаар ТЭЗҮ-г боловсруулж байна. Удахгүй зураг төслийг нь боловсруулж гүйцэтгэх компанийн сонгон шалгаруулалтын ажлыг хийнэ. Тэгэхээр 2019 онд бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд бүтээн байгуулалт өрнөсөн жил болно.
-Нүүрс тээвэрт явж байгаа жолооч нарын эрүүл ахуй, ажиллах орчин нөхцөлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Ерөнхий сайдын зүгээс жолооч нарын нөхцөл байдлыг сайжруулах үүрэг, чиглэл өгсөн. Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, орон нутгийн Тавантолгой компанийн зүгээс хэд хэдэн ажил хэрэгжүүлж байна. Одоогоор 11 мянга гаруй жолооч нүүрс тээвэрлэж байна гэсэн бүртгэл бий. Тэдний зам дагуу 100 км тутамд эрүүл мэндийн цэгүүд байгуулж байна. Мөн компани дээрээ эрүүл мэндийн төв байгуулах ажлыг удахгүй эхлүүлнэ. Түүнчлэн 8.2 км автозамын хувьд Ерөнхий сайд зургадугаар сард багтаж ашиглалтад оруул гэсэн үүрэг өгсөн. Ямартай ч хугацаандаа багтаж, зургадугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж байна. Одоо бид тээвэр ложистикийн төвийг хоёр газар байгуулах гэж байна. Энд тээвэрчдийн амрах орчинг зохицуулж өгсөн. Ингэснээр жолоочид зам дагуу дугаарлах биш ложистикийн төвдөө дугаараа бичүүлж, тэндээ амрах боломжтой болох юм. Нүүрс ачих дугаарыг нь он сартай нь өгчихдөг болно. Энэ ложистикийн төвийг Цагаан хад болон Тавантолгойн Цанхид байгуулна.
-Зам ашиглалтын төлбөрийг яаж шийдсэн бэ?
-Одоогоор ашиглалтын төлбөрийг шийдээгүй байна. Наадмаас өмнө замын комисс хуралдана. Зам хэвийн ажиллаж, үйл ажиллагаа нь жигдрээд эхлэхээр бид төлбөрийн асуудлыг шийднэ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
matilda · 2019/07/05