Улс төрчдийн шоу: Үндсэн хуулийн цаана "тохиролцоо" бий юу
2019/07/22
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна Ерөнхийлөгч мөн өөрийн боловсруулсан хуулийн төслийг өргөн барьсан. Үүний улмаас хоёрдугаар хэлэлцүүлэг хойшлогдсон. Энэхүү хоёр тусдаа хуулийн төслийг нэгтгэж, зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан билээ.
Тэгвэл үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэрийдлээр тоглоод хаячих вий гэсэн болгоомжлол, сэрэмж иргэдийн дунд байна. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд УИХ-ын 108 болгох санал иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч мэдэх. Гэвч энэ саналыг УИХ-ын гишүүдийн дийлэнхи олонхи буюу 60 орчим нь дэмжиж байгаа гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох үндэслэлээ: "1992 оны Үндсэн хуулийг батлагдах үед Монгол Улсын хүн ам 2,158,362 байсан бол 2019 онд 3,238,479 болж, 1,080,117 хүнээр өсөн нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 1992 онд Улсын Их Хурлын 1 гишүүн 28,399 орчим хүнийг төлөөлж байсан бол 2019 онд энэ тоо 42,611 орчим болж эрс өссөн байна. Хүн амын тоо гуравны нэгээр өссөн байхад Улсын Их Хурлын гишүүдийн тоо хүн амын тоотой харьцуулахад цөөн хэвээр байгаа нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцэл алдагдахад нөлөөлж, парламентад зүй бус нөлөөлөл орох эрсдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Аливаа улсын парламент “хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих” чиг үүргээ чанартай хэрэгжүүлэхийн тулд хэдэн гишүүнтэй байвал зохистойг тооцоолон гаргадаг аргачлал бий. Энэ аргачлалаар тооцвол 3 сая 200 мянган хүн амтай улсын парламент 114 орчим гишүүнтэй байх боломжтойг 108 болгох санал гаргаж байна. Энэ нь Улсын Их Хурлын төлөөлөх чадвар, сонгогдсон гишүүний ажлын ачаалалд тохирох хамгийн боломжит хувилбар юм" хэмээсэн талаар өмнө ч нийтлэж байсан билээ.
Үндсэн хуулийг өөрчлөх эхний төсөл буюу Д.Лүндээнжанцан нарын нийт 62 гишүүний өргөн барьсан хуулийг Ерөнхийлөгч мэдэж л байсан. Ерөнхийлөгч цаг хугацаа их орсон гэдгийг үл харгалзан өөрийн бүрэн эрхээ эдлэн ийнхүү хуулийн төслийг өргөн барьсан нь олон хүний хардалтыг төрүүлээд байгаа гэх. Парламентын гишүүдийн тоог 108 болговол лоббид орохгүй гэж Ерөнхийлөгч тайлбарласан. Харин бодит амьдрал дээр энэ нь эсрэгээрээ байх талтай. Гишүүдийн тоо нэмэгдэх хэрээр цаад талд нь лобби хийх арга, салаа урсгал нь нэмэгдэх магадлал тун өндөр.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамгийн гол амин сүнс нь шүүхийн хараат бус байдлыг сайжруулах гэдгийг хууль санаачлагчид тайлбарласан юм. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд энэхүү заалтыг хасна хэмээсэн нь шүүхийн хараат бус байдлыг олон улсын жишигт нийцсэн хэмжээнд хүргэхээс татгалзаж байна уу гэмээр агуулга цухалзаад байна.
Энэ эгзэгтэй цаг үед Ардчилсан намын гишүүд оролцох гээд гэдийж байгаа нь тун харамсалтай. Сөрөг хүчингүй хуулийг хэлэлцэж, батлана гэдэг учир дутагдалтай. Түүнчлэн зөвшилцөх ажлын хэсгийг Ерөнхийлөгч ахалж байгаа. Хоёр өөр үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төсөл өргөн баригдаад байгаа үед нам гэж талцахгүйгээр төрд суугаа хүн бүр судлах хэрэгтэй баймаар.