Германчууд сайдуудаа байцааж эхэллээ, Харин Монголд
2014/03/12
Улс төрийн соёл гэдэг бол үнэт зүйл. Энэ үнэт зүйлийг дагаж мөрдөн түүнд нийцүүлж улс төр хийнэ гэдэг хэцүү бэрх.
Гэхдээ үл хүсэгчдийн хувьд хүнд даваа боловч шударга ёсыг эрэгч олны хувьд зүрхшээх бэрхшээл биш. Гол нь энэ соёлыг нэхдэг ард түмэн бас хууль, хуулийн ажилтан байгаа цагт тухайн улс оронд шударга ёс ямагт худал хуурмагийг ялалсаар байдаг. Үүний бодит жишээ нь Германы улс төрд болж буй үйл явдлууд. Баримт нь ил тод. Тодруулбал тус улсын Бундестагийн гишүүн Х.Эдати садар самуун сурталчилсан порно сайтад хүссэн үедээ зочилдог нь илэрч. Үүнийг баталгаажуулсан баримтыг Канад, Америкийн хамтарсан цагдаагийн баг олж, Германы хууль хяналтынханд шилжүүлсэн байна. Ингэхдээ бага насны хүүхдүүдийг “тоглуулдаг” порно бичлэгүүдийг худалдаж авдаг Германы нэр бүхий 800 иргэний мэдээллийг тус улсын Эрүүгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгч. Тэр дунд нь өдгөө 16 дахь жилдээ Бундестагийн гишүүнээр ажиллаж буй Германы социал демократ намын гишүүн Х.Эдатийн нэр байсан аж. Тэрбээр уг нь энэ хэрэгт шалгагдаж эхлэхээсээ өмнө Их эвслийн Засгийн газарт сайдын алба хашихаар нэр нь яригдаж эхэлсэн байгаа юм. Гэвч дээрх мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газарт ирснээр асуудал буруу тийшээ эргэсэн гэж болно.
Үүнийг нь мэдсэн Христийн социал демократ намын гишүүн, Их эвслийн Засгийн газарт Дотоод хэргийн сайдын алба хашигч Х.П.Фрийдрих тухайн үед нь Бундестагийн Германы социал демократ намын бүлгийн дэд дарга асан Т.Оппермант анхааруулж “Х.Эдатийг нэр дэвшүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэдэг сануулгыг өгч. Гэтэл мэдээлэл авсан Т.Оппермант нь тэр даруй Эрүүгийн цагдаагийн газрын тэргүүн И.Циркэ рүү утасдаж, тайлбар шаардсан гэдэг. Мэдээлэл авах гэж тэр шүү дээ. Харин түүний эл үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газраас нь “Хэргийн талаар мэдээлэл авах зорилгоор хууль бус үйлдэл хийсэн” хэмээн хариуцлага тооцох асуудлыг тавьсан байна. Үүнд Х.П.Фрийдрих ч буруудаж байгаа бөгөөд түүнийг албаны нууц задруулсан гэх үндэслэлээр Берлиний Прокурорын газраас хэрэг үүсгэсэн байгаа. Энэ бол Германы улс төр хийгээд хууль хяналтын байгууллагын үл эвлэрэх зарчим. Цаашлаад Х.Эдатийн гэрт нэгжлэг хийхэд хэрэгт баримт болохуйц нотолгоог устгасан байж болзошгүй гэдэг дүгнэлт гарчээ. Иймд Эрүүгийн цагдаагийн газар нь Берлиний прокурорын байгууллагатай хамтран дээрх нэр бүхий улстөрчдийг шалгаж, эрхэлж буй ажлаас нь түдгэлзүүлж ч мэдэх аж.
Тэгвэл нөхцөл байдал манайд хэрхэн өрнөдөг вэ. Өнгөрсөн хугацаанд та бид УИХ-ын нэр бүхий олон гишүүнийг хэрэгт холбогдохыг харсан. Тэр даруйд нь шалгах ёстой ч “УИХ-ын гишүүний бүрэн эрх” гэдэг тодорхойгүй том заалтын хүрээнд аварч үлддэгийг нь ч мэднэ. Гэтэл Германд хууль хяналтын байгууллага нь олон нийтийн саналаар сонгогдсон гэгдэх ч тэрхүү хүндэтгэлийн ард хууль бус үйлдлээ нуун дарагдуулахыг оролддог улстөрчидтэйгээ эвлэрдэггүй юм байна. Тэнд бий болсон соёл, хүндэтгэл Монголд эсрэгээр хэрэгжиж, ард түмний нэрийг барьсан гэмт хэрэгтнүүд УИХ-д суусаар байх бүрэн боломжтой. Энэ нь төрөөс төрсөн тэрбумтнуудтай ч холбоотой. Зөвхөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улааныг гэхэд “Цайрт минерал” компанийн Монголын Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд асууж тодруулж болох байсан. Үүнийг бүх монголчууд биш юм гэхэд учир мэдэх сүхбаатарчууд нь олонтаа ярьдаг. Уг нь Германы жишгээр бол түүнээс хууль хяналтын байгууллага ганц удаа ч болов үнэнийг эрж, асуулт тавьсан бол болох байсан. УИХ-ын гишүүн асан Д.Дондог, Ц.Батбаяр, Х.Наранхүү, Л.Гүндалай гээд олон гишүүд дээр өгүүлсэн будилаантай үндэслэлээр гишүүнийхээ бүрэн эрхийг дуусгасан. Өнөөдөр ч зарим нэгнийх нь маргаан дуусаагүй байгаа. Зөвхөн одоогийн парламентад гэхэд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Н.Номтойбаяр, Ж.Батсуурь тэргүүтэй гишүүдийн нэр асуудалд холбогдчихоод байгаа. Гэсэн ч хууль хяналтын байгууллага нь өнөөдрийг хүртэл эцсийн шийдийг гаргаж хүчрээгүй л сууна. Ингээд бодохоор Монголд улстөрчид нь хүчтэй юу, хууль хүчтэй юу гэдэгт хариулахад бэрх. Хууль зүйн сайдаас эхлээд Ерөнхий прокурор, Дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар гээд бүх хуультай холбоотой удирдах дээд шатны томилгоог улстөрчид хийдэг болохоор тэр.
Иймд Германы жишгийг хэрэгжүүлж хүчирдэггүй юм гэхэд ядаж хэрэгжүүлэх боломжийг нь хууль хяналтын байгууллагад нь олгочихвол яасан юм бэ. Харамсалтай нь, хэвлэл мэдээллийнхэн ингэж асуусан нь тоймгүй олон. Тэр бүрт асуулт нь эзэнгүй, хариулт нь бөөрөнхий хэвээр л үлддэг. Угтаа бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уриалаад байдаг, хэрэгжүүлнэ гэж амлаад байсан шударга ёс нь үүнээс эхлэх учиртай. Гэсэн ч бүх юм бахь байдгаараа. Ингээд бодохоор Герман соёл, үнэнч зарчмыг хайрлан хүндэлж тэднийг бүхэлд нь Монголын хууль тогтоох байгууллагад “экспортолж” ажиллуулмаар. Үр дүнд нь тэд хуульчид руу утас цохидог улстөрчдийн цувааг устгадаггүй юм гэхэд бууруулж, үнэнээс айдаг шинэ соёлыг Монголд тарьж ургуулах биз ээ. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж.
Г.ОТГОНЖАРГАЛ