Ард түмний бухимдал ба С.Баярын стратеги
2019/08/22
Монгол Улсын Ерөнхий сайдаар 2007-2009 онд ажиллаж байсан С.Баяртай холбоотой нийгмийн шүүмжлэл, хэлэлцүүлэг, мэдээллүүдийг хүргэсэн.
С.Баяр тэдгээрт ямар нэг хариулт өгөөгүй байна. Харин өчигдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэрээс “Иргэн С.Баяраас “Зууны мэдээ” сонинд удаа дараа намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр нийтлэл гаргаж байна” гэх гомдол, мэдээлэл шалгагдаж байх тул гэрчээр мэдүүлэг өгөх эрх бүхий албан тушаалтныг яаралтай ирүүлнэ үү” гэсэн бичиг ирүүлэв.
Уг нь “Зууны мэдээ” сонин нь мэдээлэл олж авах, хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын нийгэмд нэгэнт ил болж, ард түмний бухимдлыг төрүүлээд байгаа хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудлыг нийтэлсэн. Энэ бидний хийх ёстой ажил юм.
Гэвч С.Баяр нь хэвлэн нийтлэх эрхэд халдах, тус сонины зоригийг мохоох стратеги зохиож, үүнийгээ Цагдаагийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байна гэж бид үзэж байна.
Бид өнөөдөр Цагдаагийн байгууллагад уг албан бичгийн хариуг бичгээр хүргүүлэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин