2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэлээ. 
Тус шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс болон гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, мөн Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ. 
Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн 372А, 431А, 5082А, 10810А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “Сентеррагоулд монголия” ХХК-ийн эзэмшлийн дээрх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн байна.