Ж.Бат-Эрдэнэ: Цаана нь нэг хүн үлдчихлээ, уучлаарай содоо хөгшөөн
2019/10/09
УИХ-ын 30 гаруй гишүүд холбогдоод байгаа “ЖДҮ”-гийн хэргийн гол буруутан нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болж хоцроод байх шиг байгаа юм. Хууль хяналтын байгууллага түүнийг шалгаж байна.
Тиймээс түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2018 оны арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ хэлэлцээд “Түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байдаг юм.
Тэгвэл уг асуудлыг УИХ-ын Байнгын хороод, Нэгдсэн чуулганаар хэлэлцэхийн өмнөх өдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Тэр хурлын үеэр гишүүд юу ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг “Зууны мэдээ” сонин хүргэж байна.
МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болжээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Б.Жамбал, Ц.Энхжаргал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, Ба.Цэцэгдэлгэр, референт Бс.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
Харин УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Учрал, Л.Энхболд, Чөлөөтэй: Ц.Гарамжав, Д.Сумъяабазар нар өвчтэй, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар гадаадад, Н.Номтойбаяр, Ц.Цогзолмаа, Н.Цэрэнбат, Б.Чойжилсүрэн нар томилолттой, Т.Аюурсайхан, С.Батболд, Ж.Ганбаатар, Г.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар хуралдаа очоогүй байна.
…УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “…Би намын бүлгийн нэг гишүүний нэг асуудал яригдаж байгаа болохоор Намын даргын байр суурийг сонсъё гэсэн. Маш тодорхой байр суурь хэлсэнгүй. Тэгэхээр яах вэ, намууд итгэл үнэмшилээрээ хандаад, бүлгээс шийдвэр гарах нь зөв юм уу, буруу юм уу. Мөнх-Оргил гишүүнтэй санал нэг байна. Миний хувьд Батзориг сайдын тухайд явуулж болохгүй байх гэсэн байр суурьтай байгаа.
Үндсэндээ энэ яригдаж байгаа асуудал нь шал өөр асуудал. Нэгдүгээрт, энэ бүлэг дотор байгаа нөхдүүд холбоотой. Цаашлаад нэлээн урхагтай юмнууд яригдана гэж бүгдээрээ яриад байгаа. Их хүнд асуудал байдаг. Энэ зовлонг нь би өөрөө мэддэг болохоор хэлж байгаа юм. Энд яригдаад байгаа асуудлууд, өдөр бас чуулган дээр ярьсан асуудлыг Мөнх-Оргил гишүүн хэлчихлээ. Би ард түмнээс дэмжлэг авна гэж ярьж болохгүй байх гэдэг байр суурьтай байсан юм. Зун 60 тэрбумын юм явж байхад манай Амарбаясгалан дарга “…Болохгүй бол ард түмнээс дэмжлэг авна” гэсэн. Эрх барьж байгаа хэт олонхийн намын удирдлага ард түмнээс дэмжлэг авч тэмцэнэ гэж ярьж болохгүй юм.
Дарга, удирдлагууд өөрсдөө үүнийг дотроо бодно биз. Цаашдаа дараа дараагийн асуудлууд орж ирвэл яах вэ. Дотроо юмнуудаа сайн ярьж, доторх буглаад байгаа, цээжиндээ уудлаагүй байгаа, уудалмаар байгаа юмнуудаа ярьж байж ард нь гарна. Мань мэт шиг бүлгийн шийдвэрээ дагаад явж байдаг нөхдүүд энд орж ирчихээд үе үе загнуулаад суумааргүй л байна. Үнэхээр буруутай байвал нөхөр Баатарбилэг ээ, чи ийм улс төрийн алдаатай юм хийлээ, ярилаа гэвэл шууд бүлгийн хурал дээр хэлчихэд би хүлээж авна. Тэгэхээр энд ингэж бодож байгаа олон гишүүн байгаа байх гэж бодож байна” гэлээ.
Дараа нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “…Бид нэлээн хэцүүхэн байдалтай болчихоод байнаЯмар ч байсан Батзориг сайдынхаа хувьд бид аваад үлдэх ёстой гэж бодож байгаа. Хүн чанараараа ч тэр, бас намын нэр хүнд ч гэдэг юм уу даа, тэгээд юу гэж хэлэх юм бэ. Намын нэр хүнд гэж хэлэхэд хэцүү болчихоод байна. Гэхдээ тэр утгаараа аваад үлдэх ёстой гэж ойлгож байгаа. Сая шударга ёсны талаар нэлээн ярьсан. Өнөөдөр өдрийн УИХ дээр Ерөнхий сайд маань шударга байх тал дээр нэлээн ярилаа. Миний хувьд жаахан бухимдалтай байна. Нөгөө ярьсан шударга ёс маань хаана байгаад байна вэ. Намайг энэ хавар ажлаа өгсний ар дээр намын нэр хүндийг авч гарсан, засгийн нэр хүндийг авч гарсан гэсэн. Би ч өөрөө тэгж бодож байсан. Нөхдүүд маань ч тэгж харсан байх. Тэгтэл өнөөдөр шударга ёс маань хаана байгаад байна вэ. Ганцхан Батзориг найзыгаа бид нар гаргаж ирлээ. Цаана нь өөр хүн байхгүй юм уу. Уучлаарай. Содоо хөгшөөн, найз аа. Энэ бол зүгээр зарчмын асуудал шүү. Өнөөдөр Хүрлээ сайд та шударга ёсны асуудлаа гаргаж ирнэ гэчихээд нэг хүн цаана нь үлдчихээр энэ нийгэм чинь дахиад буцалчихаад байна шүү дээ. Таны хувьд хөзрөө гаргаад тавь гэж байгаа. Яг энэ чигээрээ хэрвээ явах юм бол уг нь болох ёстой шүү дээ. Бид нар сошиалаас айгаад байна гээд байх юм. Тэртэй тэргүй буцлаад, улайсаад байна. Тэгээд энэ УИХ-ын нэр хүнд муу байна гээд байдаг. Нэр хүндийг хэн хийсэн бэ. Бид нар өөрсдөө хийгээд байна шүү дээ. Гарцгүй хэмжээнд бид нар өөрсдийгөө хийчихлээ. Эндээс нэг гарц гаргах хэрэгтэй. Одоо хавдраа авч хаяна гэж байна Авч хаяна, хэдүүлээ. Болохгүй байгаа юмнуудаа хэдүүлээ яг энд тойрч сууж байгаад “…Уучлаарай миний хөгшөөн улс төр чинь хатуу шүү. Одоо ингээд ёстой үүн дээр миний хөгшин өөрийгөө дарчих. Намаа, засгаа аваад гаръя” гэдгээ ярих хэрэгтэй байна. Үнэхээр шударга гэдэг юм чинь нийгэмд хүсэн хүлээгдээд байгаа асуудал. Үнэн. Гэтэл бид нар гадаа хүлээгдээд байгааг мэдрээд байгаа мөртлөө дотор орж ирэхээрээ шал ондоо юм яриад байна. Бид нарт нэг л алдаа байгаа. Намчирхдаг. Тэрнийхээ дагуу бие биеэ өмгөөлдөг, хамгаалдаг. Алдаа дутагдал дээрээ хатуухан зогсож чаддаггүй. Нэг нэгэндээ хатуу үг хэлж чаддаггүй.
Залуу гишүүд нь одоо олон юм ярилаа гээд шүүмжлэлд өртөж байна. Үнэн л дээ. Тэр зэргийн даруулга байх л ёстой. Гэхдээ ярих газраа ярьж байх ёстой шүү дээ, бид нар. Энд ярихгүй бол өөр хаана ярих юм бэ. Амаа хамхиад яваад байгаа шүү дээ. Үнэхээр энэ дороос хатгаад байна. Эсвэл ерөөсөө шударгаа ярихаа болиод тогоон дотроо оръё. Намынхаа тогоон дотор орчихъё, намаараа хамгаалуулаад явчихъя. Тэгвэл бид нар 2020 онд юу ч биш болно” гэв.
Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “…Цаашдаа их олон удаа бид нар угсарсан шаталсан хүнд юмнуудтай тулгарна. Одоо 2020 он хүртэл ингээд тэсч байдаг юм бол тэр хүртэл энэ байтугай олон юмтай тулгарна. Их амаргүй. Тэгэхээр яаж гарах юм гэдгийгээ тайван ярилцах хэрэгтэй. Нэг, хоёр, гурван хүний асуудал биш. Бүхэлдээ 2020 оны сонгууль гэсэн үг. Эсвэл сонгуулийн наана бүгдээрээ арчигдах юм шиг надад санагдаж байгаа. Өнгөрсөн 20 хэдэн жилийн дотор хүнд, хүнд үеүүд байж л байсан. Гэхдээ одоогийнх бол жаахан онцлогтой. Илүү хэцүү. Төрийн тэргүүн нь өөрөө уриалчихсан. Телевизээр ярьсан, чуулган дээр хэлсэн, өлсгөлөн зарлана гэж хэлсэн. Сөрөг хүчин нэгдчихсэн. Иргэний хөдөлгөөнүүд нэгдсэн. Гудамж нэгдэж байгаа юм шиг байна. Ийм нөхцөл байдал үүсчихээд байна.
Төрийн тэргүүн хүн, тэр муу хэлүүлээд байгаа Элбэгдорж ч гэсэн ийм алхам хийж байгаагүй юм. Онцлог нь ийм байна. Бидний хоооронд яриад байгаа, бие биеэ давах гээд, чадах гээд яриад байгаа юмнууд чинь гадагшаа гараад бусдын олз болоод байна. Тэдний үг болоод, хийх алхам, тактик болж хувираад байна. Би ч олон удаа үүнийг харлаа. Бид нарын хэлсэн үгнүүдийг тэд нар чинь хэлээд байна лээ. Тэрний дагуу алхам хийгээд байна лээ. Нэгдүгээрт үүнийг хэлэх гэсэн юм.
Хоёрдугаарт, тэр зээлийг, би ингэж ойлгоод байгаа юм, Тэр ЖДҮХС гэдэг нь хуралдаад, ийм ийм улсууд, компаниудад олгоё гэсэн юм байна. Тэрийг сайд нь тушаал болгож гаргасан юм байна. Тэгэхээр тэр 99 тэрбумын зээл чинь, 100 хэдэн хүнийх чинь бүхэлдээ луйвар, хулгай дээрэм болчихоод байгаа юм уу. Тэрийг нь тогтоочихоод байгаа юм уу. Бид нар тэгж үзээд шийдвэр гаргах гээд байгаа юм уу. Тэгээд тэр дотор УИХ-ын гишүүдээс дотор чинь 50-аад хүн байна гэнэ, 40-өөд хүн байна гэнэ. Тэгсэн сүүлдээ 37 хүн боллоо гэж байна. Нэг иймэрхүү тэнэсэн тооны дундуур яваад, сайн мэдээлэлгүй байж шийдвэр гаргах гээд байгаа юм шиг санагдаад байгаа юм.
Яаж ч шийдсэн дараа нь ард түмэндээ бид нар чинь тайлбарлах үгтэй байх ёстой шүү дээ. Халдашгүй байдлын байнгын хорооны дараа ч юм уу, нэгдсэн чуулганы дараа нөгөө хэдэн бүчдэг улсууд чинь ам руу микрофоноо чихэж аваад асууна. Ийм тодорхойгүй юман дээр прокурор ч гэсэн нийгмийн сошиалын юунд орчихсон. Их л түргэн оруулж ирж байгаа юм гэж бодоод байгаа юм. Тэгээд бас нэг юм байна. Өнөөдрийн чуулганы нээлт дээр нам бодлогоороо ингэж өгсөн гэдэг юмыг их ярилаа. Нам бодлогоороо за хэдэн төгрөг тавьсан шүү, та нар түүнийгээ сайхан хуваагаад аваарай, чимээгүй хувааж аваарай гээд тэгээд одоо” гэж яриад микрофон нь хаагджээ.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: Зууны мэдээ сонин