Mонгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д ороод буй билээ.

Үүнтэй холбоотойгоор  өчигдөр  УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэнг хүлээн авч, уулзан : "Санхүүгийн зохицуулах хорооны дарга Танд хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна" хэмээв. Мөн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2019.10.23) хуралдааны үеэр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэнд ихэд шүүмжлэлтэй хандаж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир С.Даваасүрэнг "Чи сайн багш байж магадгүй. Харин удирдан зохион байгуулах чадвар алга, ажлаа хийж чадсангүй"

хэмээсэн бол УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын Хорооны Дарга М.Оюунчимэг: " Сая тэр 2017 онд ФАФТ-ын өгсөн зөвлөмж дээр ББСБ, Хадгаламж Зээлийн Хоршоо, ломбард тойрсон асуудал чинь өөрөө мөнгө угаах нэг хувилбар болоод байна. Ер нь энэ дээр анхаарахгүй бол болохгүй байна гэдгийг олон улсын байгууллагууд ч хэлсэн. Өргөдлийн Байнгын Хороонд ХЗХ, ББСБ-ыг дамжиж хохирсон иргэдийн  өргөдөл бүр тасрахгүй, харин ч сүүлийн энэ жилүүдэд бүр нэмэгдээд байна. С.Даваасүрэн даргад бид нар зөндөө хэлээд, зөвлөмж өгөөд байдаг. Одоо энэ ФАТФ дээр бидэнд асуудал байгаагүй, манайхыг  сайн гэсэн гээд. Танайхыг сайн ажиллаж гэж дүгнэлт өгсөн юм уу?  Энэ дээр хариулт өгдөө. Би энэ хариултыг бүр авья гэж бодож байна.

Бид нар энэ дээр С.Даваасүрэн гэдэг хүнд биш энэ их хохирсон иргэд чинь тэр ХЗХ, ББСБ-аар дамжиж, мөнгө угаах, бусдыг хохироох,  үүгээр дамжсан хулгай дээрэм гаараад байхад та энэнтэй холбоотой ямар ч хууль эрх зүйн актууд оруулж ирэхгүй, тэгээд энд манайхыг сайлсан гэж юм яриад сууж байхаасаа ичих хэрэгтэй л дээ. Ер нь яагаад СЗХ дээр Эдийн Засгийн Байнгын Хороо арга хэмжээгээ авмаар байна. Энд нэг юм яриад үүрэг өгдөг,  тэр нь хэрэгждэггүй, өрөөнүүдээр ороод уйлж дуулаад  асуудал цэгцэлж, улс төрийн ажил явахгүй ээ.

Ийм байдлаар цаашаа явахгүй ээ." гэв.

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн нь 1991-1995 онд МУИС-ийг төгсөж, 1995-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд магистр, 1999-2001 онд Их Британийн Нэгдсэн Вант улсын Манчестрийн их сургуульд мастер, 2005-2011 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд докторын зэрэг тус, тус хамгаалжээ. АНУ, Англи, Югослав зэрэг орнуудад мэргэшил дээшлүүлсэн байна.

Тэрбээр 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 2001-2003 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч, 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал, 2005-2007 онд АНУ-ын Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач, 2006-2008 онд АНУ-ын Нью Хэмпширийн их сургуульд багш, 2008-2009 онд АНУ-ын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх,

2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад,  2014 оноос М.Энхболдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна.

Улмаар 2016 онд тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболдын шууд дэмжлэгтэйгээр Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар томилогджээ.

 

Э.Мягмар

sonin.mn