Улс төрд ч уралдаан тэмцээнд ч гараа, бариа ялалт ялагдлыг нь шударгаар шүүчихдэг улаан шугам гэж бий.

Тэгвэл ойрмогхоноос МАН-ын залуус амаа биш гараа хөдөлгөхгүй байгаа сайдуудыг суудлаа чөлөөлж өгөхийг хүсэж байгаагийн дотор Уул уурхайн сайд Д.Ганхуяг тэргүүн эгнээнд нь тууж явна. Сөрөг хүчний байр сууринаас улс орны хөгжил урагшлахгүй бай­на гэж харах болсон МАН-ын бүлэг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьж байсан ч энэ удаа хоёр сайдын нэрийг гурав болгож эдийн засаг доройтож иргэдийн халаасанд орлого тогтохгүй байгаагийн гол буруу нь дээрх сайдуудын хэрэгжүүлж байгаа бодлого нүдэнд харагдаж гарт баригдахгүй зөвхөн цаасан дээр буух төдий л байна гэдгийг шүүмжилж байгаа юм. Өнгөрөгч оноос үүдэлтэй эдийн засгийн гавихгүй байдлын улбааг Уул уурхай гэх эдийн засгийн эргэх хүчний том машин зогсонги байдалд орсонтой холбож тайлбарлаад байгаа.

Ингэхээс ч аргагүй. Ирээдүйгээ барьцаанд тавин байж босгосон бондын мөнгөнөөс өөр сарвайх юмгүй улсын данс улайчихаад байхад хээвнэг уул уурхайн орчин сайжирч байна. Бидний 20 жилийн хоолыг энэ салбар өгнө хэмээн ярих нь асуудлын гогцоог олох биш харин ч олныг төөрөгдүүлж байгааг шүүмжилмээр.

Суудал нь хэт томдчихсон юм уу гэмээр энэ салбарт сайд нь балчирдаад байна уу бодлого нь нэг л биш ээ. Харьяалж байгаа салбараа хэзээнээс, хэн, юунаас болоод муутгаад байгааг ойшоохгүй өнөөдрийг хүргэж энэ салбарыг элгээр нь мөлхүүлжээ. Энэ тухай туршлагатай эдийн засагчид “Ер нь бол ганц өнөөдрөөр ч яригдахгүй дээ. Ураны хууль буюу цөмийн энергийн тухай хууль гарсан цагаас уул уурхайн орчин муудчихсан. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гаргаад алтны салбарыг далд эдийн засаг болгоод хувиргачихсан. 2006 онд 25 тонн алт экспортолж байсан бол одоо 2,5 тонн алт л экспортод гаргаж байна. Дээрээс нь хэрэгжээгүй хэрнээ олон компанийн хаалгыг бариулсан урт нэртэй хууль байна. Монголчуудын амьдрал үнэхээр тасарчихсан. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 50 мянган ам.долларт хүрч байгаа бол гадаадын хөрөнгө оруулагчдад хатуу хууль хэрэгжүүлж болно. Гэтэл нийгэм нь ядуурал ихтэй байхад аль болох хүмүүсээ ажилтай, орлоготой байхыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ёстой юм. Өнгөрсөн онд батлагдсан гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль байна. Бүгд л хөрөнгө оруулалтыг боомилсон, хаасан хууль гарсан. Түүнээс болж олон хүн өнөөдөр ажилгүй, орлогогүй боллоо. Өрмийн 200 компани сул зогслоо. Энэ бол бодлогын асуудал. Дээрээс нь “Рио-Тинто”, “Чалко”-той харьцаж байгаа хандлага. Гадаадын хөрөнгө оруулалт буурахаар уул уурхайтай холбоотой маш их бизнес уналтад орсон. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй” гэдгийг онцолж байна.

Д.Ганхуяг сайд аа, аймаг орон нутаг, хөдөө сумдад танай яамны бодлого, үйл ажиллагаа хүрэхгүй байгаагаар үл барам замбараагүй олон харийн компани ашигт малтмалаар чинь гараа угааж дуусах нь ээ. Хяналт шалгалт, эзний халуун сэтгэл үгүйлэгдэж байгааг толгойд нь суугаа та анзаарахгүй байна уу. Өмнийн говийн элс нүүж ус ширгэж, мал хүн амьдрах газаргүй болж байна. Энэ хэний балаг вэ. Ховдын хязгаарт малчин айл ааруул ээзгийгээ гэр дээрээ хатаах нөхцөлгүй болж Мон Эн Ко-гийн гар Хөшөөтийн ордыг самарч байхад та дуугүй л. Дорнод Матадын талаас Монголын төдийгүй дэлхийн брэнд цагаан зээр үргэж, газрын тос гадаад руу урсаж, монгол ажилчид эх орон гэхээсээ эхнэр хүүхдээ санаж хөдөө хээр ажиллах хоногийг минь багасгаад өгөөч гэсэн өрөвдөлтэй шаардлага. Их Хурлын даргаас гуйж элэг эмтэлж байхад та мөн л дуугүй суусаар. Угтаа бол Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал байр эзэлж, тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувь, түүнчлэн экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг байсан ч өнөөдрийн байдлаар танай салбарт хөрөнгө оруулалт татарч төсвийн орлого тасалдаж, хөрөнгө оруулалт 53 хувиар буурсан гэх аймшигтай муу мэдээ өдөр бүр хөврөх болов. Мөн юм л бол хар алт гэдэг байсан нүүрсний зах зээл ерөнхийдөө үнийн болон үйлдвэрлэлийн уналтад ороод байгаа нь нууц биш.

МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын нэр бүхий сайдуудыг томилгоот суудлаас нь буулгах саналыг удаа дараа гаргасан. Улс орны нүүр царайг ядруу, зутруухан болгосных нь төлөө толгойг нь илээд өдөр хоногийг аргацаагаад байж таарамгүй. Хэчнээн удаа шатахууны үнэ өсөв, Оюутолгойн хөрөнгө оруулалтын ажил ямар хугацаанд зогсов, нүүрсний экспортын асуудал хаана унав, Оюутолгойн гэрээнд монголчуудын хүссэн өөрчлөлтийг оруулж чадахгүй бол огцрох тухай ам алдсан яриа юу болов, алт, зэсийн олборлолт, тушаалт, нефтийн үйлдвэр гэх мэт хариулт нэхсэн олон ажил салбарын сайдын гараас гарсангүй, хоёр жилийн нүүр үзлээ.

Анх сайдын сэнтийд суухдаа л барьж болохгүй ам гарч байсан хүн нь Д.Ганхуяг та Оюутолгойн гэрээг хамгийн их эсэргүүцдэг байсан нь ч та. Гэтэл өсч хүн өлийн даваан дээр гэгчээр харшилж шүүмжилдэг байсан тэрбээр хөрөнгө оруулалтынхаа тархийг баздаг суудалд тухласнаасаа хойш өөрийн үзэл бодлынхоо эсрэг яриад суугааг гайхмаар. Тодруулбал, “Уг нь эсэргүүцэх, шүүмжлэх гэдэг хоёр өөр утгатай ойлголт. Би Оюутолгойн гэрээнд УИХ-ын шийдвэр хэрэгжих учиртай гэдэг өнцгөөс шүүмжлэлтэй хандаж байсан гишүүдийн нэг нь үнэн. Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах, мөн ямар ч тохиолдолд Монголын Засгийн газрын “Оюутолгой”-н ХХК-д эзэмшиж байгаа 34 хувь буурахгуй байх талаар хувь нийлуулэгчийн гэрээнд өөрчлөлт орсон. Зээлийн хүүг бууруулснаар Монголын талд орох орлого багадаа нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тэр үеийн Сангийн сайд нь хэлж байсан юм. Бодит үнэн ийм л байна. Ер нь гэрээ ч гэрээ л дээ. Намайг хөрөнгө оруулагчдад харшилтай гэж харагдуулах сонирхолтой хүмүүс байж болох юм. Гэхдээ тэр нь би биш” хэмээн гүдийх ч үгүй хариулсан байдаг. Тэгэхээр “Монголдоо бүтээцгээе” хэмээн эдийн засгийнхаа өнгөнд хүч нэмж эдийн засагчид асуудлаа хэлэлцэж эхэлсэн энэ үед Монголын нэрийн хуудас болсон уул уурхайн салбарынхан ч мөн монголдоо бүтээх үйлдвэржилтийг эхлүүлбэл яасан юм бэ. Газрын тосоо гадныханд бэлэглэчихээд шатахууны хамааралд орчихлоо, үнэ өсөхөөс өөр ямар ч аргагүй боллоо хэмээн зарлаж суухаар дотооддоо боловсруулах үйл­двэртэй болох боломж хангалттай бийг доор дээргүй мэддэг ч чухам хэний ямар эрх ашиг нэгдүгээрт тавигдаад салбарынхны нүд чихний хажуугаар энэ асуудал намжаад байгаагийн хариуг ч Д.Ганхуяг сайдаас нэхмээр. Юутай ч уруудаж доройтохын дээд хурдаар манай брэнд салбарыг элгээр нь хэвтүүлэх бодлого барьж ажиллаагүй л юм бол “Уучлаарай, би хийж чадахгүй нь ээ” гээд ажлаа өгчихвөл яасан юм бэ, Уул уурхайн сайд аа. Улс орны минь тэргүүн яам хэзээ хөгжлийн гараанаас ухасхийхийг тэнгэр л мэдэх хэрэг үү.

М.МӨНХТУНГАЛАГ