Худалдааны тухай хуулийн төсөл өргөн барилаа
2014/03/24
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Сү.Батболд, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Худалдааны тухай хуулийн төсөл өргөн барилаа. Эдгээр гишүүд бүгд гадаад, дотоод худалдааны салбарт ажиллаж байсан туршлагатай юм.
Монгол Улсын Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх шаардлага, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг харгалзан гадаад, дотоод худалдаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулах нийгэм, эдийн засгийн болон хууль зүйн шаардлага үүсээд байгааг Я.Содбаатар гишүүн УИХ-ын даргад танилцууллаа. Худалдааны хяналтын чиглэлээр хийсэн мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзвэл, манай улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байгаа нь бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Худалдааны салбарын мэдээлэл, статистик хангалтгүй байгаа нь энэ салбарын бодлогыг тодорхойлох, гарах шийдвэрийг удаашруулах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Иймээс худалдааны бүртгэл, мэдээллийг төрөлжүүлэх, нэгтгэн төвлөрүүлэх, бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим сан үүсгэх, судалгаа шинжилгээ, төрийн бодлого шийдвэрт оновчтой ашиглах шаардлагатай байгаа аж. Мөн даяаршиж байгаа өнөө үед олон улсын тогтсон хэм хэмжээний хүрээнд гадаад орнуудтай худалдаа хийх, үндэсний эдийн засгаа хамгаалах, дотоод худалдааг цэгцтэй хөгжүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэж хууль санаачлагчид танилцуулав. Худалдааны тухай хуулийн төсөл нь 9 бүлэг, 29 зүйлтэй аж.