Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайдыг хэзээ гэрчээр дуудах вэ
2013/04/03
Авлигатай тэмцэх газар сүүлийн үед тун сайн ажиллаж байгаа. Жараахайг шийтгэлээ гэж зэмлүүлдэг байснаа больсон. Аль болох архагууд руу дайрч, тэдний гэмийг үүрүүлэхэд бэлэн болоод буй.
Эс бол бага гарын түшмэл дүртэй их гарын хулгайчдыг чадварлаг илрүүлж байна. МИАТ компанийн экс удирдлагуудын дунд өрнөсөн луйвар, Татварын ерөнхий газрын хурган дарга нарын хулгай гээд л... Үүгээрээ тэд олон нийтийн “Хулгайч бол хулгайч л байдаг” гэдэг ерөнхий ойлголттой байдгийг дээрх хяналт, шалгалт, мөрдлөгөөрөө өөрчилж чадаж байна. Хулгайч хүн заавал хулгайч шиг харагдах ёсгүй. Ганган хослол, гайгүй албан тушаал, сайхан гэр бүл, тансаг байр гээд хүнээс илүү амьдрах замаар өөрийгөө нуудаг гэдгийг нотоллоо. Энэ нь албан тушаал ахих хэрээр хулгайн арга хэрэгсэл нь нарийсч, төрийг төсөвтэй нь, түшээтэй нь худалдан авч болно гэдгийг харуулж буй. Ийм ч учраас Авлигатай тэмцэх газрын удирдлага хийгээд хамт олонд талархахгүй байхын аргагүй.
Тиймээс зориг гаргаад нэгэн хүсэлт гаргахаар шийдэв. Шийдсэн ч гэж дээ, энгийн иргэн бүр л хүсээд, яриад байгаа дуулдсан болохоор дамжуулж хэльюү гэж бодлоо.
Учир юу гэвээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг гэрчээр дуудах тухай юм. Ганц нэг хэвлэлд бол “Ерөнхий сайдыг муу байлаа” гээд л шүүмжлээд байсан. Угтаа бол тэр гайхалтай шударга бас цэвэр ариун хүн болохоо өнгөрсөн долоо хоногт батлан харуулсан юм шүү дээ.
Энэ дүгнэлтийн нотолгоо нь “Солонгосоос бензин оруулъя гэтэл манай хэдэн авлигач хувь өг гэжээ. Ингэж дарамтлаад байхаар нь хувь өгсөн байна. Ийм баримт тагнуулд өгчихсөн байгаа” гэх Ерөнхий сайдын өгүүлбэр. Тэгвэл энэ зэргийн баримтыг ил тодоор олон арван сэтгүүлч өмнөө суулгачихаад дэлгэж байсан Ерөнхий сайд ер нь манай улсад байсан билээ. Тэгээд бүр өөрийнхөө хүсэлтээр Тагнуулын ерөнхий газарт хүсэлт гаргасан гэж байгаа юм. Гэтэл манай сэтгүүлчид ингээд байгаа хүнийг л шүүмжлээд байдаг нь тун сонин. “Нэг нь авлига өгсөн байна. Нөгөөх нь авсан байна. Гуравдагч би мэдээд Тагнуулд өгчихлөө” гэж үнэнийг өчөөд байхад. Хэрэв үүнийхээ оронд “Би мэдэхгүй” гэж хэлсэн бол Ерөнхий сайдын чих нь халууцахгүй, гэм нь арвижихгүй л байсан байх. Ингэж бодохоор Ерөнхий сайдаа өмгөөлж, хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрөх аж.
Тиймээс дээр дурьдагдсан хоёр сайныг нийлүүлэх замаар учир начрыг нь олох ухаан сэдэв. Авлигатай тэмцэх газарт ажил гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт мэдүүлэг өгөх боломж олгох тухай юм. Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үгийн мөрөөр ажлын хэсэг байгуулж, шалгалт хийнэ гэсэн үг.
Өмнөд Солонгосоос хэн бензин оруулж ирэх гэсэн юм. Тэр хүн хэнд хүсэлт гаргав. Хэн нь тэгээд “Авлига өг” гээд хэлчихэв. Өгч авалцсан мөнгө нь хэдэн төгрөг байсан юм. Яагаад тэгээд бензин оруулж ирэх төлөвлөгөө нь саатаад байна вэ. Хамтарсан Засгийн газрын үед юмуу, хамтрахаа байсных нь дараа юмуу гэх мэтээр асууж тодруулах тухай. Үүнд нь мэдээж Ерөнхий сайд гэрчийн мэдүүлэг өгөх ёстой. Хэвлэл, мэдээллийнхний өмнө хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээж, албан ёсоор авлигач нөхрийг өөрийн гараар баривчлуулах явдал. Ийм үнэнийг олж мэдэхийг хүссэндээ шударга Ерөнхий сайд, шударга мөрдөн байцаагч нарт итгэж байгаа гэж жигтэйхэн.
Гэхдээ нэг зүйлд бас жаахан эргэлзээ төрснөө нуух юун. Төдийгөөс өдий хүртэл Ерөнхий сайд маань яагаад чимээгүй байсан юм болоо гэж. Яагаад шууд л Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргахгүй Тагнуулын ерөнхий газар энэ тэрээр эргэлдсийн бол... Сонирхож асуух асуулт дэндүү олон байхын хэрээр Өмнөд Солонгосоос авлига авсан нөхрийг олж мэдэх хүсэл их асч байгаа гэж жигтэйхэн. Н.Алтанхуяг сайдаас өөр Авлигатай тэмцэх газарт үнэнийг хэлэх хүн ховорхон байж мэдэх учраас тэр шүү дээ. Иймд дахиад асуухад “Авлигатай тэмцэх газар Н.Алтанхуягийг хэзээ гэрчээр дуудах вэ”.
Г.Отгонжаргал
Зочин · 2013/04/04
amjilt husiye altankhuyag tand.
ИРГЭН · 2013/04/04
ЭР ХҮН ЗОРИГТОЙ БОЛ ЧОНО ӨМДӨНДӨӨ ЯАДАГ БИЛ ЭЭ? ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ МАНАЙ ДЭЭДСҮҮД ШУДАРГА ТЭМЦЭЖ БАЙСАН ШҮҮ. ХЗДХ-ЫН САЙД АСАН Ц.НЯМДОРЖ ГАРААД БАЙГАА БОЛОН ДАЛД БАЙГАА ХЭРГҮҮДИЙГ БҮГДИЙ НЬ МЭДЭЖ БАЙГАА.ӨӨРӨӨ Ч ХЭЛЖ БАЙСАН.ЭНЭ ХҮНЭЭС ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙГ ШААРДАЖ ХЭЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХЭРВЭЭ ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ ӨӨРӨӨ ХЭЛЭХ ЁСТОЙ.ӨӨРӨӨ ХУЛГАЙН ХАМСААТАН БИШ Л БОЛ ХЭЛЭХ Л ЁСТОЙ ШҮҮ.БАРИГДСАН ХОЙНО НЬ ДУГАРВАЛ ХЭРЭГГҮЙ