“Акул”-ын ав эхлэх үү: С.Баяраас Б.Батзориг хүртэл
2019/12/17
Аманд багтахааргүй өндөр “үнийн дүн”-тэй авлигын хэргүүдийн талаар сонссоор монголчууд бид дөжирч байх шиг байна.
Албан тушаалд яаж ийгээд хүрдэг. Түүгээрээ дамжиж Монголын баялаг, төсөв хөрөнгийг өөрийн юм шиг зарцуулдаг нам дагасан хулгайч нарын арми бий болоод удлаа.
Яг ийм, авлига авч, хулгай хийдэг улс төрийн бүлэглэл өөрсдөө хууль баталдаг. Авлига, албан тушаалаар дулдуйдсан хулгай замаа алдаж байгаагийн гол шалтгаан нь ердөө энэ.
Өөрөөр хэлбэл, авлигын хэрэгт холбогдсон этгээд, төрөөс туусан хулгай хоёр нь л ил харагддаг. Гол хулгайч нар нь цаана нь үлддэг гэсэн үг.
“…Хулгайчийг бариарай” гэдэг шиг нөгөөдүүл нь баригдахдаа хүрвэл өмнөөсөө золиос явуулчихна. Өдий төдий ийм жишээ бий.
Бас АТГ, цагдаа, прокурор, шүүхийг “…Туу”-на. Яг үнэндээ дээрх хууль хүчний байгууллагад ажиллаж буй нийт мөрдөгч, прокурор, шүүч нараас иргэний эр зориг гаргаж, хуулийг шударга хэрэгжүүлдэг хүн ховордсон. Тиймээс голдуу улс төрд нөлөө бүхий хулгайчийн үгийг дагах нь элбэг болсон талаар учир мэдэх хүмүүс яриад удаж байна.
Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Тэд хуулийн дагуу ажиллах цаг ирж байна л гэх юм.
Ер нь бол энэ бүгд тогтолцоотой холбоотой гэдэг юм. Өөрөөр хэлбэл, засаг төр, хууль хяналтын байгууллагын удирдлагууд “шударга ёс” хэмээх нэгэн зүгт харж чадсан цагт Монголын төрийн хулгайч нарын цаг дуусна гэсэн үг.
Урд хөрш Хятадын удирдлагууд ийм хулгайг нам дараад үндсэндээ цэвэрлэж дуусч байгааг та бид харж л байна. Хятадын төрд нүүрлэсэн албан тушаал дагасан авлига, төсвийн хулгай сүүлийн 40 гаруй жилд гаарч, улсынхаа хөгжилд чөдөр тушаа болж байгааг эхлээд тогтоосон байгаа юм. Тиймээс 2012 оноос эхлээд авлигатай эрчимтэй тэмцэж эхэлжээ. Ийм байдлаар хулгай хийгээд хил даваад явчихсан нөхдүүдийг эх орондоо авчирч шийтгэх арга хэмжээ зохион байгуулж, түүнийг “Үнэгний ав” хэмээн нэрийдсэн. Нам, засгийнх нь удирдлагад бугшсан бүлэглэлийг илрүүлэх ажиллагаагаа “Барын ав” гэж нэрлэсэн. Эдгээр “хөтөлбөр”-үүд нь амжилттай болж, Хятад улс сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хурдтай хөгжиж байгааг олон улсын экспертүүд дүгнэж байна.
Харин манайх… Манай улсад сүүлийн 30-аад жилд хятадаар бол бар нь ч, үнэг нь ч төрж, үржээд сүрэг болчихсон. Сонгууль бүрээр нэг бүлэг хулгайч бууж, дараагийн бүлэг хулгайч гарч ирдэг. Сонгогчид буюу ард түмнийг аргалаад сурчихсан. Хууль хүртэл баталж байгаад хэргээ балладаг болов.
Эдгээрийг тоочихын учир нь юу гэвэл та бидний “олны анхаарал татсан”, “дуулиант”, “томоохон” гэж нэрлэдэг хэргүүд бүгд бүлэглэлийн зохион байгуулалттай хэргүүд юм.
Жишээ сануулъя. Зөвхөн 2019 онд л шүүхэд шилжсэн хэргүүдийг хар даа.
Нэг. Оюутолгойн гэрээ “үзэглэсэн” Ерөнхий сайд асан С.Баярын хэрэг
Ерөнхий сайд асан С.Баяр Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж, “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудад давуу байдал, таатай нөхцлийг олгож Монгол Улсын татварын хууль тогтоомжуудыг зөрчиж, зохицуулалтыг муудуулсан. Үүний улмаас Монгол Улс дээрх компаниудаас 2 761 789 570 000 төгрөгийн татварыг авч чадахгүй хохирсон гэж хууль хяналтын байгууллагууд үзсэн.
Мөн “Петровис” компанийг “Оюутолгой” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгчээр оруулж, тус компанийг үүсгэн байгуулагч, өөрийн найз Ч.Даваанямаар дамжуулан, түүнийг охиныхоо хамт үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байгаа мэтээр харагдуулахаар хахуулийн мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгон хувиргаж, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.
С.Баярын эхнэр, охидын нэр дээрх АНУ-ын Нью Йорк, Сиэтл хотуудад байдаг долоон ширхэг үл хөдлөх хөрөнгө, “Петровис” ХХК, бусад нэр бүхий хүмүүсийн оролцоотой дэлхийг хэрсэн сая сая ам.доллар, еврогийн гүйлгээг манай хууль хяналтын байгууллагынхан бариад авчээ. Энэ асуудалд “Монос”-ын Ч.Хүрэлбаатар бас холбогддог. Уг хэргийг мөрдөх ажиллагаа дуусч одоогоос сар гаруйн өмнө шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Хоёр. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хоёр хэрэг
АТГ-аас 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгасан. Харин 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх Дубайн гэрээг байгуулахад хамаарах Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гурван захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. Гэхдээ энэ нь Дубайн гэрээний хэрэгжилтэд саад болохгүй гэдгийг шүүх онцолсон байдаг юм.
Ч.Сайханбилэгт холбогдох хэрэг сар гаруйн өмнө шүүхэд шилжсэн. Гэвч Ч.Сайханбилэг Монголоос явчихсан. Эх сурвалжуудын мэдээллээр Ч.Сайханбилэг хилийн хоригоо цуцлуулаад АНУ руу гарсан нь үнэн болж таараад байгаа юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь дээрх хэргээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авсан “Монголын зэс корпораци”-ийн удирдлагуудын хэрэгт бас холбогдсон. Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын албан тушаалтнуудад 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээлэл бий.
Гурав. Оюутолгойн гэрээ, оффшор, хувьцааны асуудалтай С.Баярцогтын хэрэг
С.Баярцогт нь Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө Оюутолгойн гадаад хөрөнгө оруулалт буюу тухайн компанийн хувьцааг тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр худалдаж авсан. Гэрээ байгуулагдаад, хэрэгжсэний дараа хувьцаа үнэд орсон үед бусдад арилжаалж өөртөө давуу байдал олж авч, их хэмжээний ашиг олсон. Үүнийг АТГ-ынхан мөрдөн шалгалтаар тогтоосон гэдэг. Тодруулбал, С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд бүртгэлтэй, “Леженд плас капитал лимитед” компани байгуулан Швейцарын “Кредит свис” банканд эх үүсвэр нь тодорхойгүй 1 412 982 ам.доллар 2008 онд байршуулсан. 2009 онд дээрх банк дахь дансандаа эх үүсвэр нь тодорхойгүй 9 200 000 ам.долларын орлогын гүйлгээ хийсэн. Түүнд холбогдох хэргийг мөн л сар гаруйн өмнө шүүхэд шилжүүлжээ. Дашрамд хэлэхэд, С.Баярцогт нь С.Баярыг Ерөнхий сайд байхад буюу Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад Сангийн сайд, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад буюу Дубайн гэрээг үзэглэхэд ЗГХЭГ-ын дарга нь байсан юм.
Дөрөв. “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг
“Жаст “-ын Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай бүлэглэн “Стандарт банк Пи Эл Си”-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160.1 сая ам.долларын буюу 220.3 тэрбум төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан, мөн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглэн, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт АТГ, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 201301000330 дугаартай хэргийг НПГ-аас 2019 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүний учруулсан хохирол Монгол Улсаас нэхэгдэж Засгийн газрын шийдвэрээр одоогоос найман сарын өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг Стандарт банкинд төлсөн байдаг. Харин ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны гуравдугаар сарын 5-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. НПГ-аас үүнийг эсэргүүцсэн ч Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэвээр үлдээсэн. Уг шийдвэрийг зургадугаар сарын 18-нд НПГ-т ирүүлсэн. Долдугаар сарын 3-нд ЗГХЭГ-аас Ш.Батхүүгийн нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх бүрэн боломж байгаа талаар мэдэгдсэн. Гэтэл Ш.Батхүү нь долдугаар сарын 10-нд Дээд шүүхэд гомдол гаргасан нь наймдугаар сарын 17-нд шүүхэд очжээ. Ш.Батхүү нь “…Надад мөнгө төлөөгүй тул миний нэр дээрх хөрөнгүүдийг худалдаж болно” гэсэн бичгийг холбогдох байгууллагуудад өгсөн байдаг. Ингэхээр Ш.Батхүүгийн хэрэг таван жил болохоос нэг сарын өмнө дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хөөн хэлэлцэх хугацаа нь дахин тоологдож эхэлжээ. Харин хэрэг нь хаа яваа нь бүрхэг байгаа юм.
Тав. Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэрэг
АТГ-аас хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн, шалгаж эхэлсэн билээ. Тэдгээр шүүгчийн зургаа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэгт холбоотой болох нь баримтаар тогтоогджээ.
Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, “хууль бус шийдвэр гаргасан”, “бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй” гэсэн хэд хэдэн асуудлаар шалгасан. Уг хэрэг 2019 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжсэн байна.
Салхитын мөнгөний орд газрыг булаацалдаж, хууль хяналтын байгууллагын дарга нар оролцсон хэргийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТВ-д өгсөн ярилцлагынхаа үеэр “…1.3 сая ам.доллар БНХАУ-ын иргэний гэрээс олдсон мэдээ гарсан. Энэ бол үнэн. Ямар асуудал болов, ямар мөнгө байв гээд асуусан. Ван гэж Хятадын иргэн Ян гэж өөрийн улсын иргэнтэйгээ нэгэн орд газраас болж маргасан байна лээ. Монгол хүнд байсан лицензийг эхлээд худалдаж авсан. Ингээд асар их баялаг гараад ирэнгүүт хоорондоо муудалцаад, шүүх хүчний байгууллагыг талцуулж, 1.3 сая ам.долларын авлига өгөх хэмжээнд хүрсэн байна. Бидний гэрт орж ирээд баялгийг маань булаацалдаж байна. Вангийн болон Янгийн талын шүүгч, цагдаа гэж байна. Нэг талын цагдааг толгойлж байгаа хүн нь нэлээд ахмад, генерал цолтой хүн байгаа шүү. Би хүн гүтгээгүй” хэмээн ярьсан нь бий.
Зургаа. Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэрэг
АТГ-ынхан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. НПГ-аас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. НПГ-аас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны зургадугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны наймдугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Долоо. Бусдыг эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг
С.Зориг агсны амь насыг хохироосон хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт Б.Хурц нарын есөн хүнийг буруутган шалгаж байгаа. Энэ хэрэг шүүхэд шилжсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг нь өнгөрсөн зуны наймдугаар сард Төв аймгийн шүүхэд хаалттай болсон. Б.Хурц нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг төв аймгийн шүүхэд хаалттай болж, С.Зориг агсны гэргий Б.Булган хохирогчоор оролцсон.
ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын нэр холбогдоод байгаа билээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тодруулбал Б.Хурц нарыг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-т зааснаар буруутгаж буй юм.
2019 оны наймдугаар сарын 19-нд дууссан дээрх шүүх хурлын эцэст шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж гомдол гаргасныг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авсан юм. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан юм. Үүнийг Б.Хурц нар эсэргүүцэж энэ сарын эхээр өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байна.
Найм. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэрэг
НПГ-аас Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан” хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны аравдугаар сарын 14, 28, арваннэгдүгээр сарын 25-ны өдөр тус тус товлогдоод хойшилсон юм. Хамгийн сүүлд болсон хурал нь хаалттай явагдаж, дахин хойшилсон. АТГ, НПГ-аас Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн. Банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгасан билээ.
Ес. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарт холбогдох ЖДҮ-гийн хэрэг
АТГ-аас 2019 оны дөрөвдүгээр сард ЖДҮХС-гаас “…Аж ахуйн нэгжид зээл олгоход дэмжлэг үзүүлээч” гэж агуулга бүхий албан бичгээр тухайн нэгжид хандсан УИХ-ын 50 орчим гишүүнтэй холбоотой хэргийг шалгаад заримыг нь хааж шийдвэрлэх санал гаргасан байдаг. Тодруулбал, ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг, банк санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтантай хамаарал бүхий 11 иргэн, аж ахуйн нэгж байгааг тогтоож, уг аж ахуйн нэгжүүд мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагын дансны гүйлгээнд шалгалт явуулж, өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан найман үйлдэл байгааг тогтоосон байна. Прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Н.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт гаргаж байсан ч УИХ-ын чуулганаар хэлэлцээд түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.
Ингээд Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаас үрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр прокурорууд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаасан юм.
2019 онд шүүхэд шилжсэн, гэхдээ хэрэг нь шийдэгдэлгүй он давахаар болоод байгаа томоохон хэргүүдийг дурьдвал ийм байна.
Шүүгээд үзвэл энэ онд шүүхэд шилжсэн олны анхаарал татсан томоохон хэргүүдээс хоёр хэрэг л шийдэгдсэн гэж үзэхээр байгаа аж.
Шүүх Төрийн банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайхан нарт Хятадын “Шинжиан шинфа” ХХК-д албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбум төгрөгийн зээл олгосон, мөн 14.9 тэрбум төгрөгөөр хууль, тогтоомж зөрчиж, худалдан авах ажиллагаа гүйцэтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Хахууль авах” хэргээр тус тус хорих ял шийтгэсэн. Харин уг мөнгийг “…Олго” гэж тушаал гаргасан тэр үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн, уг 20 тэрбум төгрөг “Шинжиан шинфа” ХХК-иар дамжаад хаашаа “явсан”, юунд зарцуулагдсан зэргийг шалгаж тогтоолгүй үлдээсэн.
Мөн 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 60 тэрбумын бичлэгийн гэх асуудлаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуй, “Шинэ хаад групп”-ын захирал А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноов. Уг бичлэг энэ хоёр хүнээс гадна тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд, “стратегич” иргэн Г.Доржзодов нар байсан. Гэвч шүүх дөрвөн хүний хоёрыг буруутган ял оноосон. Энэ мэтийг тоочсон нь эхэнд хэлсэн зүйлтэй холбоотой юм. Хэргээсээ цайруулахын тулд хууль баталдаг. Эсвэл хэн нэгнийг золиосонд явуулдаг.
Мөн нэгэнт бат бэх оршин тогтнох болсон энэ тогтолцоог нурааж байж ийм явдал үгүй болдог номтой аж. Нэг үгээр хэлбэл, Монголын шүүх, прокурор, АТГ, цагдаагийнхан хэлж заншсанаараа “акул”-ын ав ажиллагаа явуулж байж энэ цэгцэрнэ. Үр дүн нь тодорхой. Эхлүүлэх нь л чухал билээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2019/12/18
gachuurtiin zagas baridg yam bvr shoroondoo hutgaldaad barag bhgui blson bhii
ард түмэн · 2019/12/17
шүүгч нь новш юмаа хэрэгсэхгүй нэг болгоод хөөн хэлэлцэх хугацаа гээд хэргийг прокурорт буцаагаад новшруулаад л ард түмнийг тэнэг гэж бодоод бгам уу
irged · 2019/12/17
bugdiig alax xeregtei
Zochin · 2019/12/17
ATG gantsaaraa ajilaad yavahgui bna shu de,ter prokupop,shuuh n bas zereg ajillahgui bol,hagatsaa hojij bgaad hereg hoon heleltseh hugatsaag duusgaad argalaad bna
Зочин · 2019/12/17
амжхуу хөлдүү зандан оюунаа бүгд цуг явах хэрэг болно 2010-2012 юу хийж байсан нь ил шүү дээ дээр нь ЖДҮ нэртэй авлига нь нэмэгдээд алуулна доо