Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийнхэн хоёр өдрийн турш эрхийнхээ төлөө нэгдэж, гадны турш­лагыг судаллаа. Хөгжиж буй орны туршлагыг өөрийн орны хөрсөнд буулгана гэдэг мянгуужингийн үлгэр мэт ч тэд итгэл, сэтгэлээр “болно, бүтнэ” гэж өнөөд­рийг хүрсэн.

Өнөөдрийн байдлаар хөгж­лийн бэрхшээлтэй 130 мянга орчим иргэн бай­гаа­гаас 30 мянга орчим нь хүүхэд байна гэсэн ста­тистик мэдээлэл бий. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 22 мянга гаруй хүүхэд сургуульд суралцаж байгаа гэсэн тойм судалгаа ч байдаг. Гэтэл Монгол Улсын хэмжээнд тусгай сургууль зургаа байгаагаас харааны бэрхшээлтэй хүүхдийн нэг, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн нэг, оюуны хөгж­лийн бэрхшээлтэй хүүх­дийн дөрвөн сургуульд ердөө 1670 хүүхэд суралцаж буй. Энэ бол төр, засаг тэднийг хэрхэн анхаарч байгаагийн илэрхийлэл гэдгийг хуралд оролцогчид шүүмжилж байлаа.

Түүнчлэн энэ үеэр Сүхбаатар дүүргийн I хороо хотын А зэрэг­лэлийн бүсэд баригдсан “Хөгж­лийн бэрхшээлтэй хүүхдүү­дийн сургал­тын төв”-ийн байрны асуудлыг хөндсөн юм. Хэдийгээр энэ барилгын эзэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байх ч өөр байгууллагынхан эзэн сууж эхэлсэн тухай бид мэдээлсэн. Энэ талаар харин хуралд оролцогчид мэдээлэлгүй байсан тухайгаа тодотгож байлаа. Анх газрыг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль барих нэрээр авч байсан учир “Арай үгүй байлгүй дээ” гэхээс өөр тайлбар хэлэхгүй байв. Ямартай ч эзэндээ хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа “UB mart” худалдааны төвийн урд талд, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд баригдсан 13 давхар барилгын гурав ба зургаадугаар давхар эзэнтэй болсон. Барилгын гуравдугаар давхарт “Фүжи холдинг” ББСБ, зургаадугаар давхарт УИХ-ын дарга З.Энхболд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, тэдний идэвхтэн дэмжигчид хэдийнэ төвхнөж. Угтаа энэ барилгын шав тавих үеэр эрхэм сайд чухам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хайр зарлаж байсныг онцлох нь зүйн хэрэг болов уу. Гэтэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эх ямар байранд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байгааг эрхэм сайдад дуулгамаар байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хаягласан цөөн хэдэн байгууллагын ихэнх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо” төрийн бус байгууллага. Энэ байгууллага үйл ажиллагаагаа эхлээд 10 гаруй жил болж байна. Улмаар үйл ажиллагаа нь өргөжин тэлж Монгол Улсын 17 аймагт салбараа байгуулжээ. Өдий олон жил өнгөрөхөд төрийн данснаас нэг ч төгрөг авалгүй, сэтгэлийн дуудлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхэд сургалт, хүмүүжлийн ажлыг зохион байгуулсаар ирж. Анх энэ байгууллага Сүхбаатар дүүргийн XI хорооны байранд буюу Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуульд үйл ажиллагаа явуулж байж. Улмаар УИХ-аас Ашиг сонирхлын тухай хууль батлагдаж, хэрэгжсэнээр төрийн байгууллагын байранд төрийн бус байгууллага байх ёсгүй гэсэн үндэслэлээр хөөгдөх, туугдах дээрээ тулж өнгөрсөн жилийн наймдугаар сард гарчээ. Энэ хугацаанд тус байгууллагын үйл ажиллагааг зогсоохын тулд цэрэг, цагдаа, шүүх дээрээ тулж байсныг эх сурвалж онцлож байв. Ингээд төслийн санхүүжилтээр Баянзүрх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах 56 дугаар байрны нэг давхрын гурван өрөө байранд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэ байр нь орон сууцны зориулалттай учир зай, талбайны тухай ярилтгүй. Гал тогооны өрөөг багш, ажилтны өрөө болгон тохижуулж. Харин зочны өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг, эхэд зориулан тохижуулж, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Дээр нь түрээсийнх тул хөрөнгө мөнгөний гачигдал ихтэй. Байрны түрээсийн төлбөр гэж сард сая гаруй төгрөг өгдөг аж. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоо” ТББ-ын санхүүжилт өнгөрсөн хоёрдугаар сард дуусгавар болжээ. Харин төсөл хэрэгжүүлэгч талтай зөвшилцсөний дүнд санхүүжилтийг тодорхой хугацаагаар сунгасан аж. Хэдийгээр төслийн санхүүжилт сунгагдсан ч дуусах өдөр ирдэг хойно цаашид хэрхэх нь бүрхэг талаар ажилчид нь тодотгож байна билээ. Тэд өдөр бүр хүүхдийнхээ төлөө зүтгэж байгаа эцэг, эхэд “Манай байгууллага санхүүжилтгүй болсон. Тиймээс үүдээ барихаас өөр арга алга” гэж хэлэх эрхгүй учир хойд хойрмойгоороо урд хормойгоо нөхөж сууна.
Тиймээс салбар хариуцсан эрхэм сайд та хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрийг барьж авсан газар дээр барьсан 13 давхар барилгынхаа нэг өрөөг ч болов эздэд нь өгнө үү. Тэр цагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эх түрээсийн байранд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд хамрагдах үе ард хоцорно.

М.АРИУНТУУЛ